УИХ-ын ТББХ-ны хурал 12:00 цагт эхэлж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Түүнийг МАН-ын бага хурал Ерөнхий сайдаар томилуулахаар тогтож, саналаа 6-р сарын 10-нд Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч уг саналыг дэмжих эсэхээ 5 хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлэх хуультай. Үүний дагуу өнөөдөр ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын Төсвийн байнгын хороонд Г.Занданшатарыг танилцууллаа. Үүний дараа тус хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж эхэллээ. Асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэе.
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-Төрийн албан хаагчдын тооны өсөлт, нийгмийн баталгаа, хангамжтай зэрэгцээд төрийн албанд үр ашгийн менежмент хийх шаардлагатай. Тиймээс цомхон, чадварлаг бүтэц баримталж ажиллана. Төрийн албаны чиглэлээр хийх засаглалын реформ Үндсэн хуультай уялдах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Эрх мэдэл нэгээс нөгөөд шилжихдээ хүндрэлгүй, хурдтай байвал улс оронд засаглалын хямрал үүсдэггүй. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрх энэ УИХ дотор 1 л намд бий. Үүний дагуу МАН-аас нэр дэвшүүлж орж ирж буй. Танай ЗГ ямар шийдэл санал болгосон, ямар нэртэй байх вэ?
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-Монгол Улсын ЗГ байх нь ойлгомжтой. Муур хар юм уу, цагаан байх нь хамаагүй. Хулгана барьдаг байх ёстой гэдэг. Ард түмний амьдралд бодитой өгөөж өгсөн, эдийн засгийн өгөөжийг ард түмэнд хүргэсэн, тулгарсан бэрхшээлийг шийдсэн ЗГ байх ёстой. Бүтэц бүрэлдэхүүн батлагдаад, ЗГ бүрэлдэхүүнээ батлаад, УИХ-д танилцуулах үедээ энэ талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Энэ үед ЗГ-ын тэргүүнд горилогч бол 1 бол албан тушаалд дуртай, нөгөө бол улс орны хүндрэл бэрхшээлийг даван туулъя гэх байх. Таныг ханцуй шамлаад үзье гэдэг талдаа байгаа байх гэж бодож байна. Таалагдахгүй, эргэлзээтэй, итгэл төрөхгүй байна.
Таалагдахгүй байгаа нь юу вэ гэхээр монгол төрийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх МАН-ын бага хуралд 1 хүнийг оруулж ирсэн, гишүүдийнхээ гар устыг хурааж авсан. Саналын хайрцгийг хөшигний ард задалж тоолсон. Улс төрийн намууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахдаа нээлттэй байх, хуульд нийцүүлэх хэрэгтэй юм байна.
Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тухай хэлэлцэхэд “Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй, зөрчилдөөд байна” гэсэн. Тэр нь ямар зөрчил байсан юм бол? Танд Ерөнхийлөгчийн дэмжлэг ирэх үү?
ЗГ-ын нэг хэсэг ЗГ-аа огцруулахын төлөө ажилласан. Ийм итгэл үнэмшилгүй кабинет улс төрийн түүхэнд төрж байгаагүй.
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-2019, 2023 онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэхээр нэр дэвшиж байна. Нөгөө талаас намын нөхөд итгэл хүлээлгэж байхад ухрах эрх байхгүй. Үнэхээр байдал хүнд байгаа. Меритын зарчим, ажлын туршлага, нэр хүнд таарч байна, яв зүтгэ гэсэн.
Намын тухайд би МАН-ын дарга биш учраас хариулах боломжгүй. Намын бага хурал дотооддоо нээлттэй, дотоод ардчилалтай явсан гэж ойлгож байгаа. Зөрчлийн тухайд зөрчилдөгч талуудын оролцогч биш учраас би энэ дундуур орж ярих боломжгүй. ЗГ-ын кабинетын зарчим алдагдаж байсан тохиолдол зөндөө байгаа. Эвлэвэл бүтнэ, ховловол гутна гэдэг шиг урагшаа харж ажиллана. Эдийн засгийн нөхцөл байдлыг ч Н.Номтойбаяр гишүүн мэдэж байгаа. Хамтарч ажиллахад бэлэн байна.