УИХ-ын ТББХ-ны хурал 12:00 цагт эхэлж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Түүнийг МАН-ын бага хурал Ерөнхий сайдаар томилуулахаар тогтож, саналаа 6-р сарын 10-нд Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч уг саналыг дэмжих эсэхээ 5 хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлэх хуультай. Үүний дагуу өнөөдөр ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын Төсвийн байнгын хороонд Г.Занданшатарыг танилцууллаа. Үүний дараа тус хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. Асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Х.Болормаа:
-Жижиг намуудтай хамтарч ажиллах талаар ярилцсан уу?
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-Улс төрийн намуудтай энэ асуудлыг ярилцаагүй. Ерөнхий сайд энэ асуудлыг ярьдаг. Би томилогдоогүй байгаа учраас ярилцаагүй байна. Заавал ЗГ-т орсноороо хамтардаг юм биш. Хамтарч ажиллах гэдэг бол өргөн утгатай ойлголт. Монгол Улсад бүртгэлтэй намууд Монгол Улсын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах ёстой. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллана. Монгол Улсын эрх ашгийн төлөө биш бол хэнтэй ч хамтрахгүй.
-Улс төрийн нөхцөл байдал зөрчилдөөнтэй байна гэж та юуг хэлэв?
-Гадаад нөхцөл байдал улс төрийн зөрчилдөөнтэй байна гэсэн. Монголд ч ЗГ огцорч байна гэдэг бол улс төрийн зөрчилдөөнтэй байна гэж би ойлгож байгаа.