УИХ-ын ТББХ-ны хурал 12:00 цагт эхэлж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Тус хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Төрийн өмчит компаниудыг хувьчлах уу? Манай улс сонгуультай автолитар дэглэмд орчихсон. Та бол ардчиллыг маш их ярьдаг хүн. Сонгуультай дарангуйллын дэглэмд орсон энэ байдлыг та юу гэж үнэлж байгаа вэ? ЗГ-ын тэргүүн болбол иргэдийн 100 мянган саналыг юу гэж авч үзэх вэ? Дарга, меэежер сэтэртэй хүмүүсийг яах вэ?
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-2019 оны Үндсэн хуулийг парламентыг бэхжүүлэхийн төлөө өөрчилсөн. Ийм тогтолцоог өнгөрсөн парламент хийсэн. Үүний үр дүнд олон намын тогтолцоотой парламент бүрдсэн.
Төрийн албыг цомхон, чадварлаг болгох ёстой. Орчин үед хиймэл оюун ашигласан өөрчлөлт хийж байна. Индексүүдийг харвал хэвлэлийн эрх чөлөө уруудсан нь улстөрчид хэвлэл мэдээллийн компани эзэмшдэгтэй холбоотой.
Төрийн өмчит компаниудыг нийтийн болгож, ард түмэндээ өгөөжтэй болгоно. Д парламентын 100 мянга бол тэнгэрээс авч тавьсан тоо биш. Шийдвэр гаргах эрх УИХ-д хадгалагдана. Ярьдаг биш, хийдэг, үнэнтэй тулдаг Ерөнхий сайд байхын тулд би өнөөдөр амлалт өгөөд баймааргүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Гадаадын хөрөнгө оруулалт дээр та яаж ажиллах вэ?
-2012 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бол Монголын компани гадаадын хөрөнгийн бирж дээр зарагдаад, 100% гадаадынх болчихвол яах вэ гэдэг чиглэлээр өргөн барьсан юм. Энэ хуулийг дараа нь хүчингүй болгосон. Үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулалт зогссон юм байхгүй. Хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг бол олон хүчин зүйлээс шалтгаална. Хамгийн наад зах нь төр нь аж ахуйн нэгжүүддээ хандах хандлагаа өөрчилнө. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ хайрлахгүй улсад яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Мал аж ахуйтай холбоотой ямар бодлого баримтлах вэ?
-Бодлого бол тодорхой байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Ухдаг шар алтнаас ургадаг цагаан алтаа боловсруулах хэрэгтэй. Зах зээлээ бий болгож, үндэсний үйлдвэрээ дэмжинэ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Босоо удирдлагуудаа яах юм бэ?
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-Орон нутгийн хэвтээ удирдлагын тогтолцоо, босоо удирдлагын огтлолцол дээр удирдлагын тогтолцоо хэрэгжих ёстой. Чиглэл чиглэлээр нь ялгаатай авч үзнэ.