horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“TikTok”-ын од Хаби Ламег АНУ-аас албадан гаргасан байна

post-img

Аливаа зүйлийг амар хялбар аргаар хийж болохыг зааж харуулсан хөгжилтэй богино бичлэгүүдээрээ алдаршсан, “TikTok”-ын од Хаби Ламег Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй ажиллагааны хүрээнд АНУ-аас албадан гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын Цагаачлалын албаныхан Хаби Ламег визийн хугацаа хэтрүүлсэн шалтгаанаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Лас Вегас хотод баривчилжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар баривчлагдсаны дараа Хаби Ламе өөрийн хүсэлтээр АНУ-ыг орхин гарсан боловч эрх баригчид түүнийг яг хэзээ АНУ-аас гарч явсан талаар тодорхой мэдээлээгүй байна. Зөвхөн баригдсан өдрөө тус улсыг орхин гарсан хэмээн мэдэгджээ. Хаби Ламе ч АНУ-ыг орхин явж байгаа талаараа ямар нэгэн мэдэгдэл, тайлбар хийгээгүй тул дагагч, шүтэн бишрэгчид нь түүнийг хэзээ Америкаас явсан, одоо хаана байгаа талаар мэдэхгүй байгаа ажээ.

25 настай, Сенегалд төрсөн, Италийн иргэншилтэй сошиал инфлюнсер Хаби Ламе “TikTok”-т 16.3 сая дагагчтай. Дэлхий нийтийг хамарсан ковидын цар тахлын үеэр тэрээр хөгжилтэй бичлэгүүдээрээ алдаршсан юм. Тэрээр Итали улсын иргэний хувьд АНУ-д ажил хэргийн болон аялал жуулчлалын зорилгоор дээд тал нь 90 хоног хүртэл визгүй аялах боломжтой. АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба түүнийг 4-р сарын 30-ны өдөр АНУ-д хөл тавьсан, визийн хугацаагаа хэтрүүлсэн хэмээн мэдэгдсэн байна. Хаби Ламе өнгөрөгч сард зохиогдсон “Met Gala” арга хэмжээнд оролцсон билээ.

Ийнхүү тэрээр Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй хууль бус цагаачдыг илрүүлэн баривчилж, албадан гаргах арга хэмжээний дагуу тус улсыг орхин гараад буй олон зуун хүний нэг боллоо.

0/1000