Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Гишүүдийн асуулт, нэр дэвшигчийн хариултыг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Орон нутаг руугаа жаахан хандахгүй бол бүх юм Улаанбаатар хотод байна. Зарим сум бараг хүнгүй болсон байна шүү. Томилгооны эрх мэдэл ЗГ, яамд, агентлагт шилжсэн. Орон нутгийн хөгжил гэж яриад байдаг. Хэрэгжсэн юм үнэндээ байхгүй шүү. Мөрийн хөтөлбөрт тусгасан хэдэн ажлыг өмнө хойно нь оруулаад байгаа болохоос шинээр хийсэн юм байхгүй.
14 мега төслийг эрэмбэлж, эрчим хүч, усны асуудлыг эхэлж шийдэхгүй бол бусад нь цаашаа явахад хэцүү. Уул уурхайгаа ашиглуулж байгаа аймаг, сумд үнэхээр хэцүү байна. Цогтцэций суманд очоод хараарай. Сургууль, эмнэлэг, цэцэрлэг байхгүй.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:
-Хэрвээ томилогдвол Цогцэций суманд тантай хамт очиж, танилцъя. Үнэхээр зарим сум хүнгүйдэж байгаа. Улс маань Улаанбаатар улс болох гээд байгаа учраас бүсчилсэн хөгжлийг төлөвлөсөн. Нэн ялангуяа говийн бүсийн хөгжил бол уул уурхайгаа тойрсон. Говьд усны төсөл хэрэгжүүлэх нь хамгийн түрүүнд хийх ажил. Говийн хөгжлийн бодлогыг говиос сонгогдсон гишүүдтэй хамтарч тодорхойлъё.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Өмнөговь аймгаас 3.4 их наяд төгрөгийг АМНАТ хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлж, 42 тэрбумыг орон нутагт эргүүлж хуваарилсан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Тэтгэврийн зээлийг битгий оролдоод байгаач ээ гэж ахмадууд надад хүсэлт тавьсан. Самрын хураамж 7.5 тэрбум болсон. Үүнээс 7.2 тэрбумыг нь улсны төсөвт татаж аваад, дөнгөж 250 тэрбумыг үлдээсэн.
Дарханы замыг 9 жил барьж байна. Хурдны зам боловч хэдхэн км яваад, хурд сааруулагчтай. Гэтэл Эрдэнэбулган суманд айл бүр цемент хадивлаад, сумандаа зам тавьж байна. Өнгөрсөн жил самрынхаа 300 саяар 17 км зам өөрсдөө тавьсан байна. ИТХ, засаг дарга нь өөрсдөө машинаа бариад, ковш жолоодоод ажлаа хийж байна ш дээ. Дараагийн сонгуулиар АН ялна. Эрдэнэнараан! Ийм сэтгэлтэй хүнийг АН төв рүү татаж ажиллуулна.
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-Зээлийн хүүтэй холбоотой таны асуулт Монголбанканд чиглэгдэнэ. Самрын хураамж аймагт төвлөрөөд, суманд бага хүрч байгаа нь баялгийн тэгш бус хуваарилалтын нэг. Энэ талаар хууль санаачлах эрх нь танд ч нээлттэй. Тантай хамтарч ажиллахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Төрийн өмчит компаниуд сүүлийн үед данхайсан. МАН-ын сүлжээ тэнд ажиллаж байна. “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компанид Ардчилсан намаас хяналтын менежерээр Э.Тамир гэдэг залуу очоод, болж бүтэхгүй бүх зүйлийг уудлан гаргаж, шүгэл үлээсэн. Гэтэл Э.Тамирыг маань бүтцийн өөрчлөлт гэдгээр халаад хаячхаж.
АН-аас төрийн өмчит компанид хяналтын менежерээр томилогдсон хүмүүс идэж ууж байгаа хулгай зэлгийг байхгүй болгосон. Гэтэл хяналт тавих хүмүүсийг халчхаад өөрсдөө идэж уух замаа засаж байна.
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-Төрийн өмчит 109 компанид 12.9 мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компанийн тоог 2 дахин цөөлөх, реформ хийх замаар бодлого хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-ЕТГ-т хэдэн хүн ажилладаг вэ. Түүний хэд нь хөгжлийн бэрхшээлтэй вэ? 25-аас дээш хүн тутамд хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн ажиллуулах хуультай.
Нэр дэвшигч Г.Занданшатар:
-ЗГ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайллыг дэмжихийн тулд төрийн байгууллага, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ. Цогц бодлого хэрэгжүүлнэ. 107 мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн бүртгэлтэй байгаа. Орон сууцжуулалтын банк байгуулах бодлого хэрэгжүүлэхийг боддог. Ийм банк байгуулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг уялдуулна. Бусад асуултын хариуг танд цаасаар жич хүргүүлье.