Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Автобусанд суувал 264 мянга, машин унавал 108 мянга
- 2025/06/13

- 11 өдрийн өмнө

- 5 мин уншина

Нийслэл 1.7 сая иргэн, 718 мянган машинтай. “Приус 20”-тэй хүн жилд 36 мянган төгрөгийн татвар төлөөд, машинаа унаж байхад, явган зорчигч сард 22 мянган төгрөгөөр автобусаар зорчдог. Зүгээр үү? Одоо машины татварыг нэмснээр “Приус 20”-тэй хүн жилд 108 мянгыг татварт төлж байгаа бол явган хүн жилд 264 мянган төгрөгөөр автобусанд сууж байна. Одоо машины татвар нэмлээ гэж гоншгонох уу?

Машиныхаа татвар, зам ашигласныхаа төлбөрийг төлсөн хүний хувьд нэг асуулт асууя.” Ард түмний амьдрал муу байхад татвар нэмлээ” гэж одоо попорч байгаа УИХ-ын гишүүд 2024.11.20-нд Х.Нямбаатарыг нийслэлийн ИТХ-д тээврийн хэрэгслийн татвар нэмэх тогтоолоо өргөн барихад нь болиулахгүй яасан юм бэ? Иргэдийг бодвол мэдээлэлд хамаагүй ойр байдгаараа УИХ-ын гишүүд тэр үед Х.Нямбаатарыг машины татвар нэмэх гэж байгааг мэдсэн л байж таарна. Урьдчилж биш гэхэд нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж байхад нь мэдсэн байх ёстой. Мэдчихээд яагаад таг байв. Тэгсэн атлаа одоо татвар төлөгчдийг бодсон дүр эсгэж суугаа чинь ямар учиртай вэ? Ард олон чимээгүй байвал чимээгүй байя, дуугарвал талд нь оръё гэсэн шалчигнасан зан хэрэггүй.

Машинтай хүмүүсээс бас асууя. Тээврийн хэрэгслийн татварыг 2-3, зам ашигласны татварыг 5 дахин нэмлээ гэж Х.Нямбаатар өөрөө өвөлжин ярьсан. Тэр үед нь яагаад эсэргүүцсэнгүй вэ?

Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэн Э.Батбаярыг 2025.03.17-нд өргөдөл гаргаж, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг цуцлуулахаар хандахад, 33.380 иргэн гарын үсэг зурж, дэмжсэн. Уг хүсэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороо 4-р сарын 9-нд хэлэлцэн, уг өргөдлийг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан, Б.Заяабал нарын гишүүд орж, Т.Аубакир ахалсан. Тэр үед жолооч нар, машинтай хүн бүр татвараа төлөх үү, болих уу гэж эргэлзсээр, олонх нь төлсөн байна лээ. Би ч төлсөн. 5-р сарын 31-нд багтаан төлөхгүй бол торгуулд унах учраас төлсөн.

Татвар, төлбөрийг гэнэтхэн, хэд дахин нэмдэг явдлыг таслан зогсоох нь л энэ асуудлын гол зорилго юм шүү

Одоо энэ мөнгийг Нийслэлийн авто замын сангаас буцаан гаргаж, жолооч нарт эргүүлж өгнө гэвэл үлгэр. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан гишүүн “Нийслэлийн ИТХ-ын тогтоолыг цуцлах эрх УИХ-д байхгүй. Энэ бол орон нутгийн бүрэн эрх. УИХ орон нутгийн дотоод зохион байгуулалт руу орж болохгүй. Тэдний төсөвт нөлөөлөх боломжгүй. Татвар нэмсэн нь зөв үү, буруу юу гэдэг шийдвэр гаргах боломжгүй” гэж мэдэгдлээ. Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг УИХ яаж ч чадсангүй. Тэгэхээр бид машиныхаа татварыг буцааж авна гэж найдах хэрэггүй.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч гүйлдэхийн оронд дахин ийм юм гаргуулахгүй байхад анхаарахаа л хаана хаанаа бодоцгооё. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг ч нийслэлийн ИТХ-ыг машины татвар нэмэхдээ хууль зөрчсөн үү, эрх зүйн алдаа гаргасан уу гэдгийг л хянажээ. Ингээд хууль зөрчсөн гэдэг асуудлаар ЗГ-т чиглэл хүргүүлэх үү гэдгийг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо ярилцаад, УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсээр давхар хянуулахаар тогтлоо. Яагаад гэвэл ирээдүйд нийслэлийн ИТХ, засаг дарга дураараа татвар, хураамж нэмээд байж болохгүй. Тийм буруу жишиг тогтоож болохгүй.

“Приус 20”-тэй хүн жилд 108 мянгыг татварт төлж байгаа бол явган хүн жилд 264 мянган төгрөгөөр автобусанд сууж байна

Машины татвартай холбоотой энэ асуудал бол 2 үзүүртэй зүү гэсэн үг. Нийслэлд 718 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүний цаана 331.791 татвар төлөгч бий. Энэ хүмүүсийн төлөх татвар Нийслэлийн авто замын санг бүрдүүлдэг. Түүгээр нь зам засдаг. Үүний дагуу 2024 онд цуглуулсан татвараар гэхэд 18-20 км зам зассан. Гэтэл нийслэл 1291 км урт замтай. Үүний 1.5%-ийг засаад л Замын сангийн мөнгө дуусдаг аж. Жил бүр замаа засаж чадахгүй явсаар удвал зам биш там болдог. Гэтэл жолооч нар Замын санд төлсөн төлбөрийг юунд зарцуулсан бол, замаа яагаад засахгүй байна вэ гэж бухимддаг.

Тэгвэл нийслэлийн жолооч нар жилд дунджаар хот дотор 6000 км зам туулдаг гэсэн судалгааг Замын хөгжлийн газар гаргажээ. Ийм зам туулаад, жилд 20 мянган төгрөг төлнө гэдэг нь 1 км зам ашигласны төлбөрт 3.3 төгрөг төлж байна гэсэн үг. Үүнийг Дэлхийн улсуудын дундажтай харьцуулбал 86 дахин бага. Тиймээс 1 км зам ашигласны төлбөрийг 16.6 төгрөг болгож нэмсэн аж. Үүнийгээ жилд 1 удаа бөөнд нь төлөхөд 100 мянга болж байна. 2000 хүртэлх мотортой машин л ийм төлбөр төлнө. 2001-3000 мотортой машин 150.000, 4001-ээс дээш мотортой машин унадаг бол 250.000. Жижиг тэрэг унадаг бол арай багыг, томыг унадаг байх тусам ихийг авна. Энэ талаасаа бол татвар, төлбөр нэмэхээс аргагүй гэж харагдана. Энэ бол зүүний 1 үзүүр.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бод доо. Үүнийг багасгах зорилгоор нийслэлийн удирдлагууд захиргааны олон арга хэмжээ авч байна. Үүний нэг нь машины татвар, зам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэр. Машины татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмлээ.

Метротой болтол бид машиныхаа тоог нэмж болохгүй

Нийслэлийн ИТХ 2010 оноос хойш ямар ч татвар нэмээгүй гэнэ. 15 жилийн дотор юуны үнэ яаж нэмэгдлээ дээ. Зам тавих асфальтны үнэ, тэнд ажиллах хүмүүсийн цалин ч өссөн. Тэгэхээр машины татварыг нэмэх л ёстой болж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “2022 онд хийсэн судалгаагаар нийт авто замын 82.2% нь ашиглалтын шаардлага хангахгүй гэж гарсан. 10 жилийн дараа гэхэд манай нийт замын 95% нь чанарын шаардлага хангахгүй болно” гэж УИХ-д учирлав. Зам засах мөнгийг түүнийг ашигладаг, эвддэг хүмүүсээс л гаргуулах нь зөв.

Хэрвээ бид одоо машинаа хязгаарлахгүй бол метротой болж чадахгүй. “Улаанбаатар хот 2023 онд метрогоо ашиглалтад оруулсан бол яг болох байлаа” гэж Балба улсын Трибхуван их сургуулийн Инженерийн сургуулийн профессор Сурьяа Раж Ачарья 2024 оны 12-р сард Улаанбаатарт ирээд онцолсон. Манай хот ядах нь ээ 2026 онд метрогоо нээвэл тохиромжтой байжээ. Гэвч “Улаанбаатар метро” төсөлд зөвлөж буй БНСУ-ын “Дова инженеринг” компанийн ерөнхий захирал Пак Сүнгийнхээр бол 2030 оны намар л метроны бараа харах бололтой. Тэр болтол бид машиныхаа тоог нэмж болохгүй. 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нэмэгдэн, хотын хүн ам олшрохын хэрээр машин унагсад олширно. Хэн дуртай нь хуучин машин аваад унаж болдог Монголд замаа машинаар түгжчихвэл метро бариад хэн ч суухгүй. Энэ бол зүүний 2 дахь үзүүр.

Автобусны төлбөр, машины татвар, метрогоо бодсон ч машины татвар нэмсэн асуудалд гоншгонох эрх хэнд маань ч алга. Улаанбаатарт машин нэмэгдсээр байвал бүгд 2 үзүүртэй зүүндээ хатгуулсаар байх болно. Харин татвар, төлбөрийг гэнэтхэн, хэд дахин нэмдэг явдлыг таслан зогсоох нь л энэ асуудлын гол зорилго юм шүү.

- Шинэ
- Хандалттай