horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Холливудын продюсер Харви Вайнштайныг шүүх бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ

post-img

АНУ-ын Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүх Холливудын продюсер Харви Вайнштайныг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутай гэсэн шийдвэрийг лхагва гарагт гаргажээ. Түүнийг бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт буруутгасан 3 эмэгтэйн нэхэмжлэлийг Манхэттэн дүүргийн тангарагтны шүүх хэлэлцээд, 2006 онд кино продакшны туслахаар ажиллаж байсан Мириам Хэйлиг хүчиндсэн гэж үзсэн бол 2002 онд 16 настай байсан, жүжигчин Каяа Соколагийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд буруугүй хэмээн тогтоожээ. Харин гурав дахь хэрэг болох, 2013 онд жүжигчин Жессика Манныг хүчиндсэн хэмээн буруутгасан хэргийн шийдвэрийг пүрэв гарагт гаргахаар болсон байна.

Тангарагтны шүүхийн 12 шүүгчийн өмнө прокурорууд Харви Вайнштайныг эрх мэдэл, албан тушаал, харилцаа холбоогоо хэрхэн яаж ашиглан, эмэгтэйчүүдийг олзолж, тэднийг хүчирхийлдэг байсныг баримт нотолгоотой харуулсан байна. 7 эмэгтэй, 5 эрэгтэй тангарагтны шүүгч нийт 6 долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын дараагаар санал хураан, шийдвэрээ гаргажээ.

Ийнхүү өдгөө 73 настай продюсер Харви Вайнштайн өмнө нь Лос Анжелес хотын шүүхээс мөн л бэлгийн хүчирхийллийн хэргээр авсан 16 жилийн хорих ял дээрээ нэмж ял авахаар боллоо.

Холливудын “Miramax” кино студи болон өөрийн нэрийн кино студийг үүсгэн байгуулж, олон кино продюсерлэсэн Харви Вайнштайны эсрэг кино үйлдвэрлэлийн салбарын 100 гаруй эмэгтэй гомдол гаргаад байгаа. Хэдийгээр дээрх бүх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй боловч тэрээр насаараа хоригдох нь тодорхой болоод байгаа юм.

Тэрээр Нью Йорк хотын Рикерс арлын шоронд хоригдож байхдаа бие нь муудаж, өнгөрсөн 9-р сард эмнэлэгт хүргэгдэн, зүрхний мэс засалд орсон. Мөн хорт хавдартай, чихрийн шижинтэй учраас шоронд хоригдохоосоо илүүтэй эмнэлэгт хэвтэж, шүүх хуралдаа тэргэнцэртэй ирж оролцож байгаа ажээ.

0/1000