Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн Дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтын дөрөвт жагсжээ.
Түүний өмнө ОХУ болон Германы дуурийн дуучид эрэмбэлэгдэв. Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, Дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхуулж, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.
Э.Амартүвшин энэ жилийн “Арена Ди Верона” фестивалийн 102 дахь улирлын тоглолтод оролцох бөгөөд “Набукко” дууриар нээлтээ хийх юм байна. Түүний хувьд энэхүү фестивалийн хүрээнд “Набукко”-д долоо, “Реголитто”-д хоёр, “Аида”-д тав, “Травиата”-д гурван удаа дуулах ажээ. 2011 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байсан Э.Амартүвшин үүнээс 11 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртсэн юм.