УИХ-ын чуулганаар Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж баталлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан түүнийг МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшүүлж, бага хурлаар дэмжсэн юм.
Өдрийн 14:00 цагт эхэлсэн чуулганы хуралдаан шөнийн 00:25 цаг хүртэл үргэлжилж, 70 гаруй гишүүн асуулт асууж, хариулт авснаас гадна 28 гишүүн үг хэлснээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 92,3 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томиллоо. Тэрээр маргааш Засгийн газрын бүтцээ чуулганы хуралдаанд танилцуулж, их хурлаас дэмжлэг авч чадвал шинэ Засгийн газрын үйл ажиллагаа эхлэх бололцоо бүрдэх юм.