Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөхийг хориглолоо. Эдгээр үйл ажиллагаа нь хүнийг хүйсээр нь алагчилсан, хүний эрхэд сөргөөр нөлөөдөг гэсэн дүгнэлтийг тус хороо 2025.05.27-нд гаргажээ. Уг дүгнэлтээ бүх шатны засаг дарга болон Жендэрийн салбар хороодын дарга нарт 136 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.
Энэхүү дүгнэлтийг анх 2019.05.01-нд Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг гаргаж, ийм өргөмжлөл гардуулах ёслол зохион байгуулах нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, олон улсын гэрээ, конвенцод заасан хүний эрхийн зарчимтай зөрчилдөж байгааг онцолжээ.
Гэтэл байгууллагууд ийм ёслол зохион байгуулсаар, “Дархан бэр”, “Уран бэр” гэсэн үнэмлэх, өргөмжлөл олгосоор байгаа юм. Үүнийг иргэд Жендерийн үндэсний хороонд мэдээлэн, гомдол гаргах болжээ. Үүний дагуу Жендэрийн салбар зөвлөл, хороод төрийн бүх шатны удирдах албан тушаалтан, ажилтнуудыг Жендэрийн үндэсний хорооны цахим хуудсанд тавьсан жендэрийн цахим сургалтад хамруулах, шаардлагатай тохиолдолд танхимын сургалт зохион байгуулахыг зөвлөж байна. Мөн эл өргөмжлөл нь хүний эрхийн зөрчил гэдгийг албан байгууллагууд цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулж байгаа аж.