horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Баярбаатар: Шинэ гишүүдээс сайдаар ажиллах боломж хууль эрх зүйн хүрээнд нээлттэй

post-img

УИХ-д шинээр сонгогдон ажиллаж байгаа 30 гишүүн нэгдэж шинэ Ерөнхий сайдад өмнөх сайд нарыг улирааж ажиллуулахгүй байх саналыг хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа.

-Шинэ гишүүдийн тавьж байгаа шаардлагыг Ерөнхий сайд хэрхэн хүлээн авсан бэ?

-Энэ бол шаардлага биш. Санал гэдгийг ойлгох ёстой. Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх нь түүний бүрэн эрх. Гэхдээ нийгмийн хүлээлтийг харгалзан үзээсэй гэдэг үүднээс бид саналаа хүргүүлсэн. Ерөнхий сайд бидний саналыг хүлээн авсан. Гэхдээ мэдээж ажлын албатайгаа цаашлаад үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж хуулийн хүрээнд ажиллана гэдгээ бидэнд хэллээ.

-Өмнө нь 32, 33-ын бүлэг гэж хуваагдаж байсан түүх бий. Энэ түүх ахиад давтагдаж байна уу гэсэн хардлага нийгэмд үүсээд байна?

-Талцал хуваагдал үүссэн зүйл байхгүй. Үзэл баримтлалын хүрээнд л бид асуудлыг тавьж байгаа гэж ойлгож болно.

-Анх удаа сонгогдсон гишүүдээс дотроосоо сайд тавья гэдэг асуудал гаргаж байна уу гэх яриа гараад байна. Та бүхний зүгээс тийм шаардлага тавьсан уу?

-Тийм шаардлага бол тавиагүй. Гэхдээ тиймэрхүү санал зарим 1 гишүүнээс гарч байгаа. Гэвч энэ зүйл яригдлаа гэж бодоход буруу биш шүү дээ. 1 сонгогдсон хүн сайд болж болохгүй гэсэн хууль эрх зүйн орчин байхгүй шүү дээ. 2 сонгогдсон, 3 сонгогдсон хүн сайд болно гэсэн хууль эрх зүйн орчин ч байхгүй. Өмнөх засгийн газарт 1 сонгогдоод сай болсон гишүүд бий шүү дээ. Миний санаж байгаагаар Б.Тулга байна, О.Алтангэрэл байна. 4 байсан санагдаад байгаа юм. Хууль эрх зүйн хүрээнд зохицуулаагүй асуудал бол боломжтой л гэсэн үг. Мэргэжлийн экспертүүд парламентын 126 гишүүнийг бүрдүүлж байна. Тухайн салбарынх нь сайн менежерүүдийг салбар салбарт нь сайдаар томилж ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа.

-Тэгвэл гарын үсэг зурсан 30 гишүүн дундаасаа сайд томилох саналтай гэж ойлгож болох уу?

-Бид тийм шаардлага тавиагүй. Зүгээр боломж нь нээлттэй гэдгийг л хэллээ. Нөгөөтэйгүүр жендэрийн асуудлаа хангах ёстой гэж үзэж байгаа. Өнгөрсөн засгийн газар жендэрийн эрх тэгш байдлын 15 хувийг хангаагүй. 13 хувьтай байсан. Энэ асуудлыг би байнгын хорооны хурал дээр ч хэлсэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь зүйтэй. Тэгээд бүрэлдэхүүнийхээ 1-2 гишүүнийг улирааж болно. Харин бусад гишүүд нь шинээр томилохгүй бол нийгмийн хүлээлт үүсгэсэн үнэлэмж буурна шүү гэдгийг сануулсан. ЗГ цаашид тогтвортой байх нь чухал. Бужигнаад, эв алдаад, хоорондоо зөрчилдөөд байх юм бол улс эх орны эдийн засаг, хөгжлийн асуудал яригдана. Цаашлаад улс төржилт буухгүй нөхцөл байдал улам л амаргүй болно. Эдийн засаг амаргүй үед бид аль болох эв зүйгээ эрхэмлэж ажиллах нь чухал.

-Та бүхний саналыг хүлээж авахгүй бол яах вэ?

-Энэ бол санал шүү дээ. Шаардлага биш. Ерөнхий сайд хүлээн авах эсэх нь тухайн хүний шийдвэр.

-Үндэсний цөөнхийг Засгийн газарт оруулна гэдэг асуудал яригдсан уу?

-Энэ талаар надад мэдсэн зүйл алга

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000