horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Г.Занданшатарын “зовлон” Засгийн газрын нас урвуу хамааралтай

post-img

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатарын өмнө амаргүй сорилт тулаад байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдмогцоо сайд нараа шуурхайлан батлуулж, ажилдаа хурдан орно гэдэг төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байсан түүнд танхимаа бүрдүүлнэ гэдэг сорилт болоод байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт бүтцээ танилцуулах байсан түүний төлөвлөгөө хэрэгжээгүйд хэд хэдэн шалтгаан байх магадлалтай. Тодруулбал УИХ-ын сонгуульд ялж чадаагүй Г.Занданшатарт төр жолоодох эрх атгуулсан Ерөнхийлөгчийн хүмүүсийг сайдаар улираах даалгавар оногдсон нь гарцаагүй. Түүнчлэн Засгийн газраа тогтвортой ажиллуулахын тулд УИХ-ын дэмжлэг ч тун чухал. Мэдээж МАН-ын бага хурлаас дэмжлэг авсны хувьд намын нөхдөө ч гомдоохгүй байх үүрэгтэй. Дээр дурдсанчлан хаана ч тал алдахгүй байж гэмээнэ түүний байгуулах Засгийн газар тогтвортой орших бололцоотой.

Г.Занданшатарын өмнө нь тооцоолж байгаагүй шахалт УИХ-аас нь үүссэн нь шинэ гишүүдийн цуглуулсан гарын үсэг байв. Нэр бүхий 30 гишүүний гарын үсгийг УИХ-ын гишүүн Э.Болормаа цуглуулж, өмнөх Засгийн газрын сайд нарыг улираахгүй байх шийдлийг шахаж эхэлсэн. Хэдийгээр шинэ гишүүд үүнийгээ шаардлага биш санал гэж нэрлэж байгаа ч “Нийгмийн хүлээлт, ЗГ тогтвортой байх нөхцөл” зэрэг шалтгаан тоочиж байгаа нь цаагуураа Ерөнхий сайдад бойкот үзүүлж байгаа 1 хэлбэр болоод байгаа юм. Шинээр томилогдож байгаа Г.Занданшатарт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, намаас авсан даалгаврууд бий. Энэ даалгавруудад өмнөх Засгийн газрын сайдуудыг улираах шийдвэр багтсан нь гарцаагүй. Ийнхүү давхар дээлээ тайлах хүсэлгүй байгаа хуучин сайдуудыг гомдоох уу эсвэл шинэ гишүүдийн дэмжлэггүйгээр цаашлах уу гэдэг сонголт  Г.Занданшатарын толгойн өвчин болж байна.

Цахим орчинд яригдаж байгаа мэдээллээр Г.Занданшатар Хууль зүйн сайдад Б.Энхбаярыг нэр дэвшүүлснийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эсэргүүцэж, чуулганы хуралдааныг зарлалгүй шахалт үзүүлж байна гэх таамаг яригдаж байгаа юм. Үнэн хэрэгтээ Б.Энхбаяр нь Төрийн тэргүүний дэмжлэгтэй улстөрч гэдгийг түмэн мэднэ. Фракц хоорондын зөрчлөөс улбаатайгаар Г.Занданшатар Хууль зүйн сайдаа томилж чадахгүй шахаанд орсон бололтой байна. Ерөнхийлөгчийн даалгавраар томилох Хууль зүйн сайдыг нь УИХ-ын дарга эсэргүүцээд шахалт үзүүлж байгаа энэ нөхцөлийг хэрхэн шийдвэрлэх нь түүний бас 1 амаргүй даваа билээ.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллах Г.Занданшатар уг нь дайсангүй улстөрч гэдгээрээ бусдаас ялгардаг. Гэвч Засгийн газрын танхимаа хэрхэн байгуулахаас тэрээр хэнийг дайснаа болгох вэ гэдэг сонголтын өмнө зогсож байна. Гомбожавын Занданшатарын тэргүүлэх Засгийн газрын томилгоо улс орны эдийн засаг, нийгмийн олон ажлыг гацааж хүлээлтийн байдалд оруулаад байгаа юм. Монголчуудын амьсгаа даран хүлээж байгаа шинэ засгийн сайдууд энэ 7 хоногт томилогдоно гэж найдъя.  

0/1000
рахаб

Занданшатарын батласан үндсэн хуулийн өөрчлөлтүүд бол маш муу бөгөөд монголын эсрэг хөгийн хулгайч гэдгээ харуулсан хүн. занданшатарын засаг удаан наслахгүй

Ган

Энхбаярыг хууль зүйн сайд болгомоор байна. Энэ амарбаясгалан хулгайч өөрийг нь шалгана гэж айгаад эсэргүүцээд байгаа юм байна л даа.
амарбаясгалаан чи зайлаач ээ. Гишүүдийнхээ ирцийг ч бүрдүүлж чаддаггүй өрөвдөлтэй гар