Дэлхий нийт мэдээллийн эрин зуунд амьдарч буй өнөө үед Монгол Улсаа төлөөлж буй мэдээллийн томоохон агентлагийн нэг бол МОНЦАМЭ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус агентлагийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, сурвалжилга, ярилцлага, нийтлэлүүд мэргэжлийн өндөр түвшинд байлаа. Монголын тухай аливаа мэдээллийг зөвхөн тус агентлагаас авч байгаа улс орнууд нэмэгдсээр байгаа юм байна. Агентлагийн хувьд ерөнхий нийтлэлийн бодлого нь өргөн хүрээг хамарч, шинэчлэл хийж байгаа нь мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд олзуурхууштай. Нөгөө талаар мартагдаж эхэлж байсан тус агентлагийн нэр хүнд өсөж, орчин үеийн мэдээллийн орон зайд Монгол Улсаа төлөөлж чадах томоохон агентлагийн түвшинд хүрсэнд баярлаж талархаж байгаа нь олон. Тус агентлаг сүүлийн жилүүдэд бүх талын шинэчлэлийг эхлүүлсэн юм.
Энэ шинэчлэл зарим уран бүтээлчид таалагдахгүй байгаа аж. Тиймээс тэд зөвхөн даргыг буруутгах гэсэн нэг талын байр суурийг олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд байгаа юм. Зүйрлэж хэлбэл, тогтоол ус удахаар өмхийрч илжирдэг шиг хуучин хоцрогдсон системдээ ажиллахыг хүсдэг хэсэг бүлэг хүний хүсэл сонирхол ийнхүү дийлж, МОНЦАМЭ агентлагийн шинэчлэл дашин шог болох нь ээ.
Үүсээд буй асуудлыг тус агентлагийн дарга Э.Содонтогосоос тодруулахад “Ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзаж, шударга бус, ёс бус зүйлтэй үл эвлэрэхээ илэрхийлж ажлаа өгнө. Дараа нь дэлгэрэнгүй мэдээ, баримт фактыг олон нийтэд танилцуулна” гэв.