Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай байсан ч олонхыг бүрдүүлэгч МАН-ын бүлэг хуралдсангүй. Шалтгаан нь Ерөнхий сайд Г.Занданшатар засгийн газрын бүтцээ оруулж ирээгүй учраас бүлгийн хурал тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ. Харин олон нийтийн дунд Л.Оюун-Эрдэнийн жагсаалтад багтсан гишүүдээс бүрдсэн 30 шинэ гишүүн бойкот үзүүлж асуудлыг хойш нь татсан уу гэдэг асуулт анхаарал татаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаа тодрууллаа.
-Ерөнхий сайд засгийн газрын бүтцээ оруулж ирэх асуудал яагаад гацаад байна вэ?
-Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу бүтцээ оруулж ирж танилцуулах учиртай. Хуулиар олгогдсон хугацаа нь 7 хоног байдаг. Өнгөрсөн баасан гаригт томилогдсон. Тэгэхээр ажил хоцорч хойшлоод байгаа зүйл байхгүй. Хуулийн хугацаа хангалттай байгаа гэж хэлж болно.
-Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайдыг томилох асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх үеэр маргааш нь Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ гэж төлөвлөж байгаагаа их хурлын дарга мэдэгдэж байсан. Гэтэл тэрнээс хойш 2 ажлын өдөр өнгөрчихлөө. Үүнээс улбаатайгаар МАН бүлэг 30, 30-аараа хуваагдсанаас ЗГ-ын бүтэц хэлэлцэх асуудал хойшиллоо гэх таамаг яригдаж байна?
-Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар томилоход танхимд 117 гишүүн байснаас 110 нь дэмжиж томилсон. Үүнээс харахад Г.Занданшатар гэдэг хүнийг огт дэмжихгүй байгаа асуудал харагдахгүй байгаа биз дээ. Өнөөдөр яригдаад байгаа 30, 30-аараа хуваагдлаа гэхэд хардлага Э.Болормаа гишүүн 30 гишүүний гарын үсэг бүхий саналыг намын УЗ-д өгсөнтэй холбоотой. Гэхдээ тэр санал нь Г.Занданшатар гэдэг хүнийг дэмжихгүй байгаа асуудал биш. Үл ялгаварлах зарчмыг баримталж мерит зарчмаар мэргэжлийн хүнийг сонгох тухай асуудал байсан. Тодруулбал олон удаа сайн хийсэн эсвэл анх удаа гишүүн болж байгаа, жагсаалтаар сонгогдсон гэж ялгалгүйгээр шударгаар Засгийн газрын бүтцийг бүрдүүлэх тухай байсан л даа. Уг нь хуулиараа Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх ёстой ч бид намынхаа удирдах зөвлөл дээр зөвлөлддөг л дөө. Тэдний тавьсан дараагийн асуудал бол жендэрийн асуудал байгаа. Засгийн газрын түвшинд хамгийн багадаа 15 хувьдаа жендэрийн оролцоог хангах асуудлыг хуульчилсан байгаа. Сүүлийн 4 ЗГ-ууд танхимынхаа 15 хувийг эмэгтэй гишүүдээр бүрдүүлээгүй. Тэгэхээр Г.Занданшатар гэж хүнийг танхимаа бүрдүүлэхдээ жендэрийн оролцоог өөрийнхөө батлалцаж байсан хуулийн дагуу батлаач ээ гэдэг хүсэлт байсан гэж олгож болно. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд шинэ гишүүд өөрсдөө сайд болох гэж сайдаар ажиллаж байсан хүмүүсийг улираахгүй гэж шаардсан мэтээр гуйвуулж мэдээлж байна лээ. Шинэ гишүүд шантааж хийж хэн нэгнийг битгий сайдаар тавиарай гэж ярьсан зүйл огт байхгүй. Шинээр томилогдсон гишүүдийн энэ саналыг гуйвуулж ардын намын бүлгийг 30, 30-аараа хагарсан мэт цуурхал гарсан байхыг үгүйсгэхгүй. Бид 30, 30-аараа хуваагдаж суучхаад үзээд байгаа зүйл байхгүй.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа