horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Н.Нацагням: “ДЦС 3”-ын гэмтэл нь стандарт бус техник технологийг импортолдог сайд нарын буруу

post-img

Энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан. Энэ талаар Төрийн соёрхолт, инженер Н.Нацагнямтай ярилцлаа.

—————————————————————————

-Саяхан “ДЦС-3”-т том хэмжээний осол гарсан. Ямар учраас ийм осол болов?

-Инженер техникийн шийдлүүдийг улс төрчид гаргадаг өнөөгийн бохир тогтолцооноос улбаалж ирэх өвөл хот хөлдөх эрсдэлд орлоо. Станцын мэдлэг чадвартай инженер техникийн ажилчдаа үл тоон гадны инженерийн төслийг шууд нутагшуулдаг нь өнөөдөр үүсээд байгаа асуудлын шалтгаан болж байна. Гадны техник технологид таарч тохирохгүй олон асуудал байдаг. Харин энэ тухай асуудал дэвшүүлсэн станцын ажилчдыг хэн ч тоож сонсдоггүй нь харамсалтай.

-50МВт-ын турбин генераторыг хаанаас нийлүүлбэл техникийн хувьд хамгийн найдвартай вэ?

-Хятадынх ойлгомжтой, тар нь танигдлаа. Английн систем үнэтэй хэрнээ ОХУын системээс хүчин чадлын хувьд сул байдаг. Тиймээс хамгийн найдвартай мөртлөө хамгийн хямд нь ОХУ. Гэхдээ бид шинэ турбин генераторын реактанс ямар байх буюу хэр их хэмжээний МВАР шингээх вэ гэдгийг тооцоогоор тодорхойлж өгөх ёстой. Мөн сойзгүй өдөөлтийн машины системийн хүчин чадал буюу аваар эсэргүүцэх чадварыг тооцоолох шаардлагатай. Үгүй бол манай системийн аваар эсэргүүцэх нөхцөлийг бүрдүүлж чадахгүй турбин генератор импортолдог гашуун түүх бий. Энэ тал дээр бид хатуу шаардлага тавих ёстой.

Гэх мэтчилэн манай талаас манлайлан удирдаж эрчим хүчний системд нийцтэй турбин генераторыг захиалж авах хэрэгтэй.

-Манай улсын инженерүүдэд засаж чадах бололцоо бий гэсэн үг үү?

-Монгол инженерүүдийн тооцоо судалгаа техникийн шаардлага өгөгдлийн дагуу ОХУ-д захиалга өгөх замаар үйлдвэрлэсэн турбин генератор нь хамгийн оновчтой зөв шийдэл гэж бодож байна. Яагаад гэвэл ОХУ-ын схем тийм ч төгс биш.

-Техник технологийн шийдлийг эрс буруушааж байгаагаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахгүй юу?

-Турбины эргэлт жолоодлогоо алдаж 70Гц хүрч дэлбэрсэн. Хэвийн эргэлтийн хурд нь 50Гц байдаг юм. Автомат удирдлагаар 50Гц-ээс илүү гардаггүй. Ямар ч удирдлагын системд автомат болон гар удирдлага байдаг. Төвийн сүлжээнд орохоос өмнө гар удирдлагын горимоор 50Гц хүртэл тохируулдаг. Төвийн сүлжээнд синхрон холбогдсоны дараа автомат удирдлагын горимоор ажилладаг. Энэ үед давтамжийг тохируулах боломж байдаггүй. Синхронизмын хуулиар систем генераторын давтамжийг тодорхойлдог. Харин төвийн сүлжээ рүү нийлүүлэх МВт актив чадлыг удирддаг. “ДЦС-3”-ын аваарын үед 70Гц хүрсэн. Энэ нь турбин генераторыг төвийн сүлжээнд синхрон холбохоос өмнө гарсан аваар болох нь тодорхой харагдаж байна.

-Тэгэхээр гар удирдлагын горимоор ажиллаж байх үед аваар осол гарсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Гар удирдлагын горимоор ажиллах үед удирдлага алдагдах тохиолдол байдаг. Хүний үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр техникийн саатлууд гардаг. “ДЦС3”-ын 50 МВт-ын Хятад турбины удирдлагын хэлхээ нь цахилгаан соронзон долгионы нөлөөнд орсон бол хэн ч яаж ч удирдах боломжгүй болно. Турбин анхны мэдээллийнхээ дагуу эргэлтээ өсгөж дэлбэрэх нь гарцаагүй. Станцын дотоод хэрэгцээний хөдөлгүүр маш хүчтэй цахилгаан соронзон долгио цацдаг. ОХУ-ын стандартад 5 mA 220 вольтын удирдлагын хэлхээ ашигладаг тул энэ төрлийн алдаа аваар осол гардаггүй. Английн стандарт нь 24 вольт 4-өөс 20mA учраас мөн адил энэ төрлийн алдаа гардаггүй. Үүнээс харьцуулсан дүгнэлт хийвэл ОХУ-ын стандарт нь хамгийн найдвартай байдаг. Харин капиталист эдийн засгийн тогтолцоонд хамгийн хямд техникийн шийдлүүдийг ашигласан байдаг. Энэ нь манайд бусад станцууд дээр асар олон аваар осол гаргасан түүх бий.

-Гол буруутан нь хэн бэ?

-Энэ төрлийн алдаа нь удирдлагын өрөөний жолооч буюу монтёр инженер техникийн ажилтнуудын үйл ажиллагаанаас хамаардаггүй. Энэ нь стандарт бус техник тех нологийг импортолдог сайд нарын үзэл баримтлалын буруу гэж бодож байна. Дотоодын инженер техникийн ажилтнуудаа тоохгүйгээр гадны технологийг хэт биширч шүтдэг саарал ордны хүмүүсийн философи сэтгэлгээний гажуудал нь энэ бүхний гол буруутан шүү дээ. Энэ хүмүүс сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хэрэв үгүй бол энэ төрлийн аваар осол дахин гарах аюултай. Хулхи техник өөрөө аяндаа гацаж байхад тэнд байгаа жолооч монтёрт ямар ч арга байхгүй. Ер нь гадны хулхи техникийг импортоор авсан нь алдаа байлаа.

-Хятадын стандарт бус удирдлагын хэлхээний саатлаас гадна өөр ямар асуудал байна вэ?

-Турбины дижитал удирдлагын системд асар олон асуудал бий. Давтамж мэдрэгч электрон төхөөрөмж нь маш найдваргүй. Өөрөө аяндаа гэмтдэг. ТЭЦ-3-т болсон аваар есөн жилийн дараа гэмтсэн байна. Тиймээс 70Гц хүрснийг мэдэлгүй давтамж ихэссээр турбин дэлбэрсэн байна. Хэрэв давтамж мэдрэгчээс үнэн мэдээлэл ирсэн бол турбины эргэлт нь 50Гц- ээс хэтрэхгүй байх байсан. Давтамж мэдрэгч нь гэмтсэн тохиолдолд гаднаас хүний үйл ажиллагаагаар орлуулах боломжгүй.

-Тэгвэл энэ төрлийн аваар осол есөн жилийн дараа гарах нь гарцаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Яагаад гэвэл электрон мэдрэгч нь 5-10 жилийн дотор эвдэрдэг. Харин манайд 9 жилийн дараа эвдэрлээ. Энэхүү электрон мэдрэгч нь цахилгаан статик хэт өндөр мэдрэмжтэй учраас шатах магадлал өндөр гэсэн үг. Тиймээс олон улсын практикт классик уламжлалт гидролик удирдлага ашигладаг. Энэ нь СССР-ийн үеийн гидролик удирдлага. Харин манай бүх шинэ станц дээр дижитал хулхи удирдлагын системтэй болсон нь харамсалтай. Энэ нь 10 жилийн дараа яг ижилхэн шалтгаанаар дэлбэрэх нь гарцаагүй. Гэх мэтчилэн маш олон төрлийн техник технологийн алдаатай шийдлээр шинэ станцуудыг барьж байгуулж байгаа нь харамсалтай.

-Ер нь манай улс эрчим хүчний салбартаа бодитой хөрөнгө оруулалт хийсэн үү. Шинээр дулааны цахилгаан станцууд барьж өргөтгөх асуудал хөндөгдөх үү?

-Салбарын хөгжлийг хааж боож дампууруулдаг өнөөгийн социалист маягийн ялзарсан тогтолцоог устгахаас нааш ямар ч ахиц дэвшил гарахгүй гэдгийг ардчиллын 30 жилийн түүх баталсан шүү дээ. Техникийн шийдлүүдийг гаргадаг сайд дарга нар дотоодын инженер техникийн ажилтнуудыг үл тоон гадны алдаатай технологийг импортолдог. Тиймээс ямар ч хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй дампуурсаар байх нь ойлгомжтой.

Шинээр байгуулагдах эх үүсвэр бүрийн реактансыг тооцоолж тодорхойлох хэрэгтэй. Хэрэв үгүй бол реактив чадлын үйлдвэрлэл шингээлтийг шийддэг дэд станц барьж байгуулах шаардлага гардаг. Энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээг ихэсгэдэг.

-Тэгвэл хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Буруу техникийн шийдлүүдээр барьж байгуулсан станцуудын тар нь танигдахгүй хэдэн жил ч явж болдог. Харин тодорхой хугацааны дараа хот хөлдөх аюулд өртөж байгаа нь энэ шүү дээ. Энэ тохиолдолд есөн жилийн дараа тар нь танигдлаа.

-Эрчим хүчний асуудал бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Гэтэл энэ өвөл хот хөлдөх аюулд ороод байгаа нь хэний буруу вэ?

-Есөн жилийн өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч шүү дээ. Харин өнөөгийн асуудлыг яаж шийдэх нь одоогийн Ерөнхийлөгчийн хариуцлага. Үр дүн нь дараагийн арван жилд харагдана.

-Ер нь эрчим хүчний салбарын өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдэх гарц бий юу?

-Байлгүй яах вэ. Салбарын дампуурлын шалтгаан нь тогтолцооны гажуудалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бид өнөөг хүртэл оюун санаа с этгэлгээний хувьд социалист эдийн засгийн хэлбэрээс салахгүй байгаатай холбоотой. Түлш, эрчим хүч, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй гэх мэт инженер т ехникийн салбарыг төр удирддаг нь оюун санааны вирус болчихож байгаа юм. Энэ вирус дээр ардчилсан засаглал нийлээд төр засгийн зүгээс хулгай хийдэг нийгмийн үзэгдэл автоматаар үүссэн. Нийгмийн хөгжлийн хуулиараа нийгмийн үзэгдэл нь тогтолцооны гажуудалтай холбоотой. Тиймээс хэн нэгэн хүнийг буруутгахаас илүү ирээдүйн төрийн хулгайг өнөөдөр зогсоож чадах шинэ улс төрийн тогтолцоотой болох нь чухал. Яг өнөөдрийн гаж тогтолцоогоор цааш явах нь өнгөрсөн 30 жилийн алдаатай түүхээ давтах аюултай.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000