Үндэсний их баяр наадмыг угтан Монголын үндэсний харваачдын холбооны тэргүүлэгч гишүүн Э.Мөнхдалайтай ярилцлаа.
————————————————————————–
-Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Харваачдын хувьд улсын баяраас өмнө тэмцээнд оролцоод, бэлтгэлээ хангаад явдаг байх. Харваачдын бэлтгэл жигдэрсэн үү?
-Монголын Үндэсний Харваачдын Холбооноос сүүлийн жилүүдэд харваач, тамирчдын тоо нэмэгдсэнээс шалтгаалаад Улсын баяр наадамд 540 орчим харваач оруулах хязгаар тогтоосон. Яагаад гэвэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байдаг Үндэсний сурын талбай есөн зурхайтай, 540 орчим харваач оролцох бүхий талбай байдаг. Наадамд харвах эрхээ яаж авдаг вэ гэхээр тавдугаар сарын эхээр улсын нээлтийн харваа болдог. Дараа нь зургадугаар сарын сүүлээр Улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн сарын дундуур Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болдог. Энэ гурван тэмцээнд оролцоод, хамгийн өндөр оноотой 540 харваач Улсын наадамд оролцдог. Үүнээс 180 эмэгтэй харваач, үлдсэн нь эрэгтэйчүүд оролцохоор тогтоодог. Энэ тэмцээнүүдэд оролцоод, оноогоо гүйцээсэн харваач нар маань наадмын бэлтгэл нь аль хэдийнэ эхэлчихсэн байдаг гэсэн үг. Баг багаараа гал болоод баяр наадмын бэлтгэлдээ зургадугаар сарын 5-наас эхэлж ордог. Улсын наадамд оролцох эрх авч чадаагүй харваач нарын хувьд Монгол Улсын 21 аймаг, 365 сумын баяр наадамд харвах боломж байгаа учраас тухайн наадмууддаа бэлдээд, бэлтгэлээ хийгээд явдаг.
-Сүүлийн жилүүдэд залуу үеийнхэн сурын спортыг сонирхох нь нэмэгдэж байна уу. Монгол Улсын хэмжээнд хэдэн сур харваач байдаг юм бол?
-Монголын үндэсний сурын холбоонд албан ёсны бүртгэлтэй 3500 гаруй харваач бий. Харин албан ёсны бүртгэлгүй, хөдөө орон нутагтаа харвадаг 10.000 гаруй харваач Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа. 2015, 2016 оны үед тэмцээн уралдаанд 300-400 харваач оролцоход олуулаа боллоо гэж хардаг байсан бол 2023 оноос эхлээд улсын чанартай тэмцээн уралдаанд 1000-аас дээш харваач оролцдог болсон. Сүүлийн арван жилд харваачдын тоо гурав дахин ихэссэн гэсэн үг. Энэ нь залуучууд орж ирж байгаагийн хамгийн том илрэл. Үндэсний сур харваа бол найман настай балчираас 80 настай буурлууд хүртэл харвах боломжтой өв соёл. Сүүлийн үед залуучууд гэлтгүй 30аас дээш насны, ажил амьдрал нь тогтсон хүмүүс сур харваагаар хичээллэж байна. Мөн эвэр, нум урлаж байгаа урлаачдын тоо нэмэгдэж байгаа учраас харваачдын амжилт, чанар сайжирсан. Сүүлийн хоёр жилийн дотор 40 сумнаас 40 онож байгаа 5-6 харваач нэмэгдсэн. Өмнө нь 40 сумнаас 40 оносон гурван тохиолдол бүртгэгдэж байсан. Үүнээс харваачдын ур чадвар хэрхэн нэмэгдэж байгааг харж болно.
-Эрийн гурван наадмаас бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг наадамчин олон сонирхох нь их байдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд харваачдын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм?
-Монгол төрийн наадам үндэсний сур харваагаар эхэлж, сур харваагаар төгсдөг гэж хэлж болно. Өсвөрийн сурын харваа, урианхай сурын харваа аравдугаар сарын 7-ноос эхэлдэг учраас Улсын наадмын тэмцээн сур харваагаар эхэлдэг. Сур харваа нь ур чадвараа харуулах, өөртэйгөө өрсөлдөх, ахмадаа хүндлэх гээд маш олон соёлыг агуулдаг боловч харагдах байдлын хувьд үзэгчдэд уйтгартай юм шиг санагддаг байх. Гэхдээ Улсын баяр наадмаар Үндэсний сур харвааны сүүлийн 16 харваач гарч ирээд, тухайн жилийн шинэ мэргэн төрөх мөч наадамчдын нүдэнд ил, сайхан явагддаг. Түүнээс өмнө олон харваач ээлжлэн харвадаг, цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг учраас одоогийн хурдтай нийгэмд уйтгартай санагддаг байж магадгүй. Түүнээс сүүлийн 16 харваач харвах, мэргэн цолтон тодрох үе бол үнэхээр үзүүштэй, сайхан байдаг. Наадамчин олон ч үздэг болсон. Энэ утгаараа Үндэсний сур харваа бол хамгийн шударга, үзэгчдийн нүдэнд ил байдаг спорт.
-Сурын спорт харваачдаас маш их тэвчээр, төвлөрөл шаарддаг болов уу?
-Үндэсний сур харвааны нум сумыг янгирын эвэр, хулс мод, хуш мод, мөн бод малын шөрмөс гэх мэт байгалийн гаралтай материалаар хийдэг учраас халуунд зөөлрөөд, сэрүүнд хатуурдаг. Тийм болохоор үйлдвэрийн аргаар хийсэн нум сумыг бодвол өөрчлөлт, хувирал ихтэй байдаг. Энэ болгон дээр харваачаас бэлтгэл сургуулилт, мэдрэмж маш их шаардана. Бууны хараа шиг нэг байрандаа тогтдоггүй, өөрчлөгддөг учраас харваачаас ур чадвар маш их шаарддаг спорт.
-Хамгийн олон мэргэн харваачтай ямар аймаг байна?
-Ардын хувьсгалын анхны наадмаас эхлээд тоолсон мэдээгээр хамгийн олон мэргэн харваачтай аймаг бол Дорнод, дараа нь Сүхбаатар, Төв аймаг ордог. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн харваачид өндөр оноотой харваж байгаа. Яагаад гэхээр Баян-Өлгий аймгийн харваачид багаасаа урианхай сураар хичээллэсэн байдаг. Зай хэмжээ, байны төрөл нь өөр боловч харвааны гол үндсэн техникүүд нь урианхай харваа байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2024 оны үндэсний сурын харваанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Н.Алтансүх 40 сумаас 37 сум оносон амжилтаар түрүүлж “Улсын мэргэн” цол хүртсэн. Мөн 2022 онд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Эрч” спорт хорооны харваач Т.Очироо 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн “Улсын мэргэн” цол хүртсэн байдаг. Ер нь Улсын наадамд дөрөв буюу түүнээс дээш түрүүлсэн харваач хамгийн алдар цуутай, олонд танигддаг. Эдгээрээс дурдвал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан мэргэн Ш.Даваахүү, гавьяат тамирчин, дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, эмэгтэй харваачдаас гэвэл гавьяат тамирчин, дархан мэргэн Х.Даваажаргал, дархан мэргэн Х.Оюунчимэг зэрэг алдар цуутай харваачид байна. Мөн Ц.Хүдэрчулуун мэргэний аав Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, анхны гарамгай мэргэн Аюушийн Цэвээн гуай 50 гаруй насандаа үндэсний сураар хичээллэж, Улсын наадамд маш олон удаагийн түрүү авсан байдаг. Дөрвөн удаагийн түрүү, найман удаагийн үзүүр авч, өндөр амжилт гаргасан байдаг.
-Харваачдыг сур харваа руу хамгийн их хөтөлдөг, дурлуулдаг зүйл нь юу вэ?
-Хамгийн чухал нь өөрийгөө ялан дийлэх байдаг. Миний хувьд сур харвах үед бясалгалын ертөнцөд орж байгаа юм шиг санагддаг. Тэмцээнд орж байх үед маш их тайвширсан мэдрэмж авдаг. Байгаа онож буй үеийн сэтгэл зүй болон онохгүй үеийн сэтгэл зүй өөрийгөө ямар хэмжээнд байгаа, яаж сайжрах боломж байгаа билээ гэж бясалгах, дүгнэх, бодох боломж олгодог учраас харваач нар сурын спортод татагддаг болов уу. Харваачдын яриа ч тийм байдаг. Энд ирэхээрээ өөр ертөнцөд ирсэн мэт тайван болж чаддаг гэж ярьдаг. Харваач нар байгаа яаж онох, нум ямар байх, салхи хаанаас ирж байгааг хүртэл тооцоолдог учраас анхаарал маш их төвлөрдөг. Үүгээрээ л харваач нарын сэтгэлийг татаж байгаа спорт доо.
-Жуулчдын хувьд сур харвааг хэр их сонирхож байна. Жуулчин татах үндэсний спорт шүү дээ?
-Жуулчин хамгийн их татах боломжтой үндэсний спорт бол сур харваа. Морин спорт бол хүмүүс унаад явна, харин бөх бол зодог, шуудаг өмсөөд барилдах нөхцөл нь бага шүү дээ. Сур харвааг гадны жуулчид гэлтгүй дотоодын жуулчид хүртэл маш их сонирхдог. Харваж үзээд сонирхолтой юм байна гээд нум, сум хэрэгслийг хаанаас авах вэ гэдэг. Өөрийн биеэр тухайн зүйлийг оролдож үздэг нь жуулчдын сонирхлыг их татдаг байх.
-Бөх сонирхогчдын хувьд тухайн жилд тийм бөх түрүүлэх байх гэсэн яриа гардаг. Харваачдын дунд ийм яриа гардаг уу?
-Харваачид мөн тийм таамаг бий. Энэ жил энэ харваач маань мэргэн цол хүртэх болов уу гэсэн яриа байдаг. Гэхдээ харваач хүний сэтгэл зүй, нум сум, хүч гурав таарч байж мэргэн болдог.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа