horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“Их Долоо”-гийн удирдагчид Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг намжаахыг уриаллаа

post-img

Даваа, мягмар гарагт Канадын Кананаскис тосгонд чуулсан “Их Долоо”-гийн бүлгийн удирдагчид Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг намжааж, Газын зурваст гал зогсоохыг уриалсан хамтарсан мэдэгдлийг гаргасан байна. Дээрх мэдэгдэлд их гүрнүүдийн зүгээс тухайн бүс нутаг дахь “энх тайван, тогтвортой байдлын төлөө тууштай байгаа” гэдгээ мэдэгдэхийн сацуу мөн “Израил улсад өөрийгөө хамгаалах эрх нь байгаа” гэдгийг дурьджээ.

Ийнхүү хэдийгээр Ойрхи Дорнодод үүсээд буй хурцадмал байдлыг намжаахыг уриалсан ч Израил, Ираны хооронд гал зогсоохыг уриалаагүй байна. “Их Долоо”-гийн дээрх хамтарсан мэдэгдэлд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурсан бөгөөд тэрээр яг энэхүү хурцадмал нөхцөл байдлын улмаас чуулга уулзалтын эхний өдөр орхин нутаг буцсан билээ. Трамп чуулга уулзалтыг орхиж явахдаа “ойлгомжтой, томоохон асуудлын шалтгааны улмаас” хэмээн мэдэгдсэн ч “гал зогсоох асуудлаар биш” гэдгийг давхар онцолжээ.

Трамп өмнө нь 2018 онд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахаар мөн л Канадын Квебек мужид зохиогдсон “Их Долоо”-гийн чуулга уулзалтыг орхин явж байсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа орхин явлаа.

Трамп ийнхүү “Их Долоо”-гийн дээд түвшний чуулга уулзалтыг орхин явснаар түүний мягмар гарагт товлогдсон байсан Украины ерөнхийлөгч В.Зеленский, Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нартай хийх нүүр тулсан уулзалт явагдаагүй юм.

Тэрээр Израил, Иран улсууд харилцан агаарын цохилт үзүүлсэн тав дахь өдөр чуулга уулзалтыг дуусгалгүй орхин явсан бөгөөд Трамп Ираны нийслэл Тегеран хотын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. Тэрээр энэхүү мэдэгдлээрээ Израилын Иранд үзүүлж буй цохилтод АНУ нэгдэж болзошгүй гэх таамгийг төрүүлсэн ч Америкийн эрх баригчид, албаныхны зүгээс үүнийг няцаасаар байна.

Д.Трамп мягмар гарагт нутагтаа буцаж ирсэн даруйдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан ба нийгмийн сүлжээгээр дамжуулан нэлээд хурц нийтлэлүүдийг бичиж оруулаад байна. Тэрээр АНУ Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменейг хаана нуугдаж байгааг мэдэж байгаа ч түүнийг “одоохондоо” хөнөөхийг хүсэхгүй байна гээд, Иран улсыг энэ тулаанд “болзолгүйгээр бууж өгөхийг” уриалжээ. Axios зэрэг мэдээллийн сайтууд мөн Трампыг Ираны цөмийн байгууламжуудад, ялангуяа Фордов хотын ойролцоо газар доор 80 метрийн гүнд байрлах уран баяжуулах цогцолборт цохилт өгөх асуудлыг бодолцож үзэж байгаа талаар албаны эх сурвалжийг эш татан мэдээллээд байна. АНУ-д газрын гүнд цохилт үзүүлэх чадалтай “Бункер Бастер” хэмээх бөмбөг байдаг бөгөөд Трамп Ирантай цөмийн гэрээ байгуулахын тулд уг бөмбөгийг ашиглаж магадгүй байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ч мөн Трампыг Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоохын тулд хүчтэй арга хэмжээ авч болзошгүй байгаа талаар өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа бичиж, уг шийдвэрийг зөвхөн Трамп л гаргана гэжээ.

Ойрхи Дорнодод үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг намжаахыг мөн олон улсын зүгээс уриалж, байр сууриа илэрхийлж эхлээд байна. НҮБ-ын ЕНБД-ын дэд төлөөлөгч Фархан Хак хэлэхдээ “бид НҮБ-ын аль ч гишүүн орны удирдагчид заналхийлэх явдлын эсрэг байр суурьтай байгаа ба бид нөхцөл байдлыг даамжруулах бүхий л төрлийн үйл ажиллагааны эсрэг зогсох болно” гэжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин мягмар гарагт мэдэгдэл хийж, бүхий л талуудыг хурцадмал байдлыг намжаахын төлөө ажиллах ёстой гээд, Хятад улс Ойрхи Дорнодын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээж, бүтээн байгуулах үйлсэд оролцоход бэлэн байгааг нэмж хэлсэн байна. Харин Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан Израилын довтолгоо нь тус улсын ерөнхий сайд Б.Нэтаньяхуг “бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том аюул заналхийлэл” болохыг баталлаа гээд, “Израилын энэхүү халдлагаар Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал болон геноцид мартагдаж, далдлагдаж болохгүй” гэжээ.

Харин мягмар гарагт хаагдаад буй “Их Долоо”-гийн дээд түвшний чуулга уулзалтын хувьд Трампыг явсны дараа АНУ-ын сангийн сайд Скотт Бессент түүнийг орлон АНУ-ыг төлөөлж чуулганд оролцсон бөгөөд талуудтай Трампын тарифын бодлогын талаар хэлэлцээ хийжээ.

“Их Долоо”-гийн удирдагчид чуулганы хоёр дахь өдөр Оросын эсрэг тулалдаж буй Украин улсад үзүүлэх дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлэхээ ахин мэдэгдлээ. “Хэдийгээр олон улсын анхаарал Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдалд чиглээд байгаа ч Украинд хандуулж буй бидний анхаарал хүчтэй хэвээрээ байх болно” хэмээн Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгдсэн байна. Чуулга уулзалтыг зохион байгуулагч Канадын ерөнхий сайд Марк Карни Украины ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж, Киевт 2 тэрбум канад доллар буюу 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх зэвсгийн (дрон болон нисдэг тэрэг) тусламжийг үзүүлэхээр болсноо зарласан байна. Үүнээс гадна Марк Карни дайнд нэрвэгдсэн Украины дэд бүтцийг сэргээхэд ахин 2.3 тэрбум канад долларын зээл олгохоор болж, Их Британи улстай хамтран Оросын “сүүдрийн ачааны усан онгоцуудын” эсрэг хориг арга хэмжээгээ чангатгана гэдгээ зарлан мэдэгджээ. Их Британийн ерөнхий сайд Кир Стармер ОХУ-ын эсрэг эдийн засгийн дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ удаагийн “Их Долоо”-гийн дээд түвшний чуулга уулзалтаас ямар нэгэн баримт бичиг гаргахгүй гэдгийг арга хэмжээний өмнө мэдэгдсэн билээ.

0/1000