-Төсвийг яаж хэмнэх юм бэ?
-2025 оны төсвийн жил дундаа орж байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 болон 13.1.2 заалтад 2023 онд өөрчлөлт оруулж, 2025 оноос хэрэгжиж эхлэхээр заасан. Энэ заалтад тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа бүрэн дууссан, тендер зарлаж, худалдан авах ажиллагаа хийгээд, гэрээ байгуулаагүй бол хэмнэлтэд тооцно гэдэг хатуу заалттай. Энэ хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа.
Төсөв Засгийн газар, УИХ дээр хэлэлцэгдэж, батлагдахад хөрөнгө оруулалтын төслүүд дээр нэлээд өөрчлөлт ордог. Ингээд бэлтгэл ажил муутай, худалдан авах ажиллагааны шаардлага хангаагүй төслүүд, шаардлагыг хангасан ч зохион байгуулах ажлыг хийх нь маш том хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр худалдан авах ажиллагааг эхний хагас жилийн дотор гэрээгээ хийгээгүй бол бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдэг бодит байдал дээр боломжгүй байдаг. Тийм учраас төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хариуцлагажуулж, төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтын ажлыг баталж байх зарчим хатуу баримтлах үүднээс маш сайн хөшүүрэг болно.
-Гэрээ байгуулж амжаагүй, хэмнэгдэж байгаа төсөв хэдэн төгрөг байна вэ?
5 дугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаагүй байсан. Тэгэхээр энэ бүгд төсвийн хэмнэлт болж байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн орлого дутсанаас болоод үүсэж болзошгүй алдагдал 2.3 их наяд төгрөгийн, 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг.
-Төсвийг яаж тодотгох вэ?
-Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийх шаардлага үүснэ. Төсөвт тодотгол хийх талаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө бодлогыг УИХ-д танилцуулсан. Төр өөрөөсөө эхэлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа илүү оновчтой, төрийн бүтцийг чадамжтай байдлаар цомхотгох зорилгоор төсвийн тодотгол, бүтцийн өөрчлөлтийг хийхээр болж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Ийм үндэслэлээр төсвийн тодотгол хийхээр болж байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн суурь хуулийн 34 дүгээр зүйлийн 4 заалт бий. Энд төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх шаардлага үүсвэл төсвийн тодотгол хийнэ гэсэн. Ийм хуулийн үндэслэлээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тодотгол хийнэ. Үүнийг дагуулаад хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тэгэхээр нийт 2.3 их наяд төгрөгийн алдагдлаас 535 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас хасагдаж, 1.8 тэрбум төгрөг нь урсгал зардлаас хасагдана.
Үүн дотор үндэсний хороод болон нэлээд хэдэн яамдын харьяа агентлаг, бүтцийг татан буулгаж, нэгтгэнэ. Төрийн албан хаагчдын тоог цөөлөх асуудал УИХ дээр аль хэдийнээ яригдсан. Ирэх жилүүдэд 9 хувиар бууруулна гэсэн. Уг цомхотголд багш, эмч нар хамаарахгүй. Энэ процесс энэ удаагийн төсвийн тодотголоор эхэлнэ.
-14 мянган албан хаагч цомхотгоно гэсэн үү?
Нийт 14.400 албан хаагч энэ 9 хувь гэдэг тооцоонд орсон байна лээ. Үүнийг УИХ-аар батлуулсан. Энэ удаагийн тодотголд багтааж оруулахаар шийдлээ.
-Гол хэмнэлтийг хаанаас гаргах вэ?
Гол хэмнэлт сайд найрын багц дээр байгаа. Харамсалтай ЭМЯ дээр 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах байтал худалдан авах ажиллагаа зохион байгуулж чадаагүй. Хэмнэлтийн 70 хувь нь сайдын нарын багцад бий.