АНУ-ын Төрийн департаментын зүгээс лхагва гарагт гадаад оюутнуудын визийн асуудлаар мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэлд түр зогсоогоод байсан олон улсын оюутнуудын визийн хүсэлтийг сэргээж байгаа ч гадаад оюутны журамд өөрчлөлт оруулснаа тодотгожээ.
Тодруулбал, АНУ-д сурахаар виза хүсэж буй гадаад оюутнуудаас нийгмийн сүлжээний аккаунтыг нь шалгаж, АНУ, тус улсын засгийн газар, үүх түүх, соёл, үнэт зүйлсийн эсрэг утга агуулгатай постуудыг нийтэлж байсан эсэхийг нь шалгахаар болсныг мэдээлсэн байна.
Төрийн департаментын мэдэгдэлд дээрх шалгалтыг тус улсын консулын албаны ажилтнууд явуулах болно гэжээ.
Трампын засаг захиргааны зүгээс өнгөрсөн сард олон улсын оюутнуудын визийн ярилцлагын хуваарийг цуцлаж байгаагаа зарласан бөгөөд ахин зарлах хүртэл тэдний нийгмийн сүлжээг шалгана хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл ийнхүү гадаад оюутны визийн журамд өөрчлөлт оруулсны дараагаар визийн хүсэлт болон ярилцлагын цагийг ахин нээж байгаагаа Төрийн департаментын зүгээс мэдэгдэж, гадаад улс орнууд дахь консулын албадад холбогдох журмын мэдээллийг лхагва гарагт илгээсэн байна.
Хэрвээ АНУ-д сурахаар виза хүсэгч тухайн оюутнаас сошиал орчин дахь аккаунтаа нээж харуулах консулын ажилтны хүсэлтийг зөвшөөрөөгүй, татгалзсан тохиолдолд визийн хүсэлтийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.