МОНЦАМЭ агентлагийн ажиллагсад өнгөрсөн 7 хоногт цахим орчинд дарга Э.Содонтогосынхоо талаар янз бүрийн сөрөг мэдээлэл түгээлээ. Үүнд Э.Содонтогос ямар хариу өгөх бол? TIME.mn мэдээллийн тэнцвэрийг хангах үүднээс Э.Содонтогосыг редакцдаа урьж ярилцлаа.
-Та энэ сарын 16-нд ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөрт халагдах өргөдлөө өглөө. Буруугаа хүлээн зөвшөөрөөд, өргөдлөө өгөв үү?
-Энэ бүх хугацаанд миний төлөө санаа зовж, сэтгэл нь өвдсөн, намайг дэмжиж, хайрладаг хүмүүстээ талархал илэрхийлье! 2 талын байр суурийг зэрэг сонсъё гээд мэргэжлийн сэтгүүлзүйн байр сууринаас хандсан time.mn саитад талархаж байна.
Хүмүүс ч надад “Миний найз ажлаа өгчихлөө. Ялагдаж байгаа юм биш үү” гэж асууж байна. Ялагдаагүй. Яагаад гэвэл би бурууг нь засах гэж, улам сайхан болгох гэж явсан. Би МОНЦАМЭ-г улам сайхан болно гэж бодож байгаа. Дараагийн хүн нь ирнэ. Би хийх гэж байсан ажлаа хэлж өгнө. Манай гадаад харилцаа гайхамшигтай сайн хөгжсэн.
-Дараагийн хүн нь ирнэ гэж та ямар үндэслэлээр хэлж байна вэ. Дэд дарга Т.Энхтуяа нь дарга болох гээд яваад байгаа юм биш үү?
-МОНЦАМЭ-гийн даргыг ЕТГ-ын дарга л томилно. Томилохдоо бодно шүү дээ. Юу болоод өнгөрөв, хэн нь хэнийгээ гүтгээд яваад байгаа билээ гэдгийг. Аль алиндаа буруу байгаа л байх. Би шаардлага тавьдаг. Ажлын шаардлага л тавина шүү дээ. Бусдаас болоод би шаардлага тавихаа болихгүй.
МОНЦАМЭ-гийн шинэ даргад ЕТГ одоо тодорхой шалгуур тавих байх. Ямар ёсзүйтэй, ямар мэдлэг боловсролтой, ямар ур чадвартай, ямар зарчимтай хүн байх вэ гэдэг шалгуур тавих байх. Тэр шалгуурт нийцэх хүн одоо МОНЦАМЭ дотор байхгүй. Би МОНЦАМЭ-гийнхээ ирээдүйд итгэдэг. Надтай надгүй, надаас өмнө МОНЦАМЭ гэдэг гайхамшигтай байгууллага оршин тогтож ирсэн. Би улам сайн сайхан болгоё гээд чадсангүй, муу юманд нь дийлдлээ.
-МОНЦАМЭ-д юу болоод байна вэ?
-Би ирээд хамгийн түрүүнд хурал хийхдээ архийг тас хорьсон. “Энэ байгууллагад архи битгий хэл дарс ч хэрэглэхгүй” гэхэд бүгд л “Тэгье” гэсэн. Мэргэжлийн өндөр шаардлага тавиад, үг үсгийн алдаа, найруулгыг нь засахаар дарангуйлал болчихдог юм байна. Ёсзүйн шаардлага бас тавьсан. Олон жил ажилласан, мундаг сэтгүүлч гэж бичүүлээд байгаа хүмүүс энийг эсэргүүцсэн. Залуучууд огт эсэргүүцээгүй.

Гарын үсэг цуглуулж байгааг нь би мэдээгүй. 6-р сарын 12-нд хурлаа хийсний дараа Б.Хандмаа дарга “Манай ажилчид таныг дотоод ардчилалгүй гээд ЕТГ-т өргөх бичиг барилаа” гэхэд нь би үнэхээр шооконд орсон. Зөв зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүс. 14 хоногийн өмнө “Дарга минь та энэ байгууллагад эртхэн ирэхгүй яав даа” гээд намайг тэвэрч байсан ажилтнууд маань хүртэл тэрэнд гарын үсэг зурсан. Тэгээд би ЕТГ-ын дэд даргатай уулзсан. Тэгсэн “Өнгөрсөн 2 жилийн хугацаанд таны нэр дээр 3 дахь удаагаа матаас ирж байна” гэсэн.
-Анхных биш юм уу?
-Биш юм байна. 1 матаасыг нь би ойлгож байна. Би 1 хүнийг халсан. МСНЭ гээд байгууллагын мэдэгдэлд намайг 50 хүн халсан гэсэн байсан. 50 хүн ажлаас халсан бол би өнөөдөр тайван амьдрах уу? Би 1 л хүн халсан.
-1 хүн чинь 50 болчхож байгаа юм уу. Үнэн үү. Яаж тэр вэ?
-Манай байгууллагад зөндөө хүн ажилд орж, гарна шүү дээ. Орсон гарсан, тэтгэвэртээ гарсан, жирэмсний амралтаа авсан бүх хүн нийлээд 50 хүрэхгүй байж магадгүй. Энэ тоо мэдээж захиргаанаас л гарна. Үнэхээр 50 хүн халсан бол тайван амьдарч чадахгүй.
Би хүмүүст мэргэжлийн маш өндөр шаардлага тавьсан. Хууль бус бүх юмыг зогсоохыг шаардсан. Ажлын байранд архидахыг 100% хориглосон. Маш мундаг сэтгүүлч гэж өөрсдийгөө боддог, хиймэл төрхөндөө өөрсдөө итгээд, шинэчлэлийг эсэргүүцдэг хэдэн хүн бусад хүнийг турхирсан байгаа юм. Гэхдээ манай 4 залуу орчуулагч түүнд нь автаагүй. Тэгээд тэд ажлаа өгсөн. Намайг өргөдлөө ЕТГ-т өгөхөөс өмнө.
-Яагаад?
-Бид ийм муухай байгууллагад ажиллахгүй гээд. Хэдэн хүний нэр хэлсэн л дээ. “Ийм ийм редакторууд биднийг ингэж их ажиллаж байхад илүү мөнгө авдаг гэж гүтгэсэн” гэсэн. Аваагүй юмыг авсан гэхээр тэд гомдоно шүү дээ. “Mongolia Today”, МИАТ-ын сэтгүүл 2-ыг гаргахын тулд би Англи хэлний редакцад яалт ч үгүй хүн нэмсэн. 3 хүн сонин гаргаж, саитаа ажиллуулаад, дээр нь сэтгүүл гаргаж чадахгүй. Тиймээс 2 жилийн хугацаанд 4 залуу нэмж авсан. Тэднийг жинхэнэ өөрийнхөө гараар боловсруулсан. Нүдэн дээр энэ залуус цэцэглэсэн. Сүүлдээ энэ залуусын орчуулгыг засах зүйлгүй болтлоо сайжирсан.
Тэднийг ажлаа өгөхөд бас л намайг турхирсан гэдэг яриаг Б.Хандмаа ажил дээр гаргасан. Би энэ залуучуудыг дуудаж уулзсан. Т.Энхтуяа даргатай ч цуг уулзсан. Би тэднийг “Үлдээч” гэхэд “Ажиллахгүй” гэсэн.
Самбууням гэдэг залууд би итгэл үзүүлж, Гадаадад мэдээлэх албаны дарга болгосон. 23, 24 настай залуу. Хятад сонины редактор Мөнхтуул, Дотоод мэдээний албаны дарга Б.Хандмаа, орос хэлний орчуулагч Ю.Дэлгэрмаа нар 50 орчим насны хүмүүс. 24 настай хүүхдийг дарга болгоход тэд эсэргүүцэж, маш их сэтгэлийн дарамт үзүүлсэн байна лээ. Тэр тухай Самбууням надад хэлсэн. Хурал дээр ч олны өмнө хэлсэн.
Хатуу зарчмыг давж чадаагүй, өөрсдийнхөөрөө эмх замбараагүй, дуртай үедээ ажлаа хийдэг, бусдын мэдээ хуулдаг, хуучны МОНЦАМЭ-гээ санагалзсан учраас л миний эсрэг өргөх бичиг барьсан байх.
–Хэдэн хүнтэй вэ? Таны эсрэг өргөх бичигт 50 хүн гарын үсэг зурсан гэхээр нүсэр бүтэцтэй, маш олон хүнтэй бололтой?
-Яг одоо манайх 108 хүний орон тоотой. Яг ажиллаж байгаа 90 гаруй хүн бий. Үүний 21 нь аймгуудад ажилладаг. Улаанбаатарт 70 орчим хүнтэй ажиллаж байна. Уран бүтээлийн баг буюу ерөнхий редакторын удирдах хэсэг нь Дотоод мэдээний алба, Гадаадад мэдээлэх алба, Контентын алба гэсэн 3 алба бий. Захиргаа, хүний нөөцын албыг Тамгын газрын дарга бөгөөд дэд дарга удирддаг. Би байгууллагаа нэгдсэн удирдлагаар хангадаг.

Энэ хүмүүсийн гарын үсэгт итгэхийн арга алга. Хүмүүсийн нэр давхардсан, миний огт нүүр тулж уулзаж үзээгүй хүмүүсийн нэр хүртэл байна. Намайг ажилд ороход жирэмсний амралтаа авсан хүмүүсийн нэр ч байгаа нь сонин. “Жирэмсэн эмэгтэй рүү таягаараа далайсан” гэж хүний ой тойнд багтахааргүй гүтгэжээ. Орон нутгийн мэдээний сэтгүүлчдийн гарын үсгийг өөр бичгээс скайнердаж тавьсан байна. Гарын үсэг зураагүй хүмүүсийн нэрийг хүртэл оруулаад, 50 болгосон байх юм. Энэ гарын үсгийг цуглуулахдаа хүмүүсийг ажлаас гадуур дуудаж, архи хүртэл уухыг санал болгосон байна лээ.
-Та энэ агентлагт 2 жил 6 сар ажиллалаа. Анх энэ агентлагийн дарга болохдоо юу хийхээр зорьсон бэ. Түүнийгээ хийж амжив уу?
-МОНЦАМЭ агентлаг 1921.03.18-нд анхны мэдээгээ цацсан, 1921.07.19-нд үүсгэн байгуулагдсан, Монголын мэдээллийн ууган агентлаг. Энэ агентлаг анх дотооддоо болж буй үйл явдлыг мэдээлэх, Дэлхийд таниулах зорилготой байсан. 1929 онд хятад сонинтой, 1956 онд орос сонинтой, 1990-ээд оны эхээр “Монгол мессенжер”-тэй, 2000-аад оны эхээр “Монгорү цүүшин” гээд япон хэлээр гардаг сонинтой болсон. Гадаадын 4 хэлээр Монголын тухай мэдээ, мэдээллийг гадаадад түгээх, Монголыг сурталчлах зорилготой, төрийн мэдлийн үндэсний мэдээллийн агентлаг. МОНЦАМЭ гэдэг чинь Монгол битгий хэл Дэлхийд данстай байгууллага. Монголын хөгжлийн түүхийг МОНЦАМЭ-гийн мэдээллээр Дэлхий таньдаг. Тийм нэртэй төртэй байгууллага. Гэхдээ МОНЦАМЭ 2000-аад оноос чимээгүй болсон. Дэлхий нийт Монголын тухай мэдээллийг Монголын чөлөөт хэвлэлээс авч эхэлсэн.
Би МОНЦАМЭ-гийн уламжлалыг шинэчлэлтэй хослуулж, Дэлхийд Монголын тухай мэдээллийг хүлээдэг хүмүүсийн сонорыг сайн сайхан мэдээллээр мялаая гэж бодож, маш их зориг тэмүүллээр жигүүрлэж орсон. Гэхдээ хүмүүсийн гүтгэлэг, урвалт, сайн сайхныг ойлгодоггүй, мэдэрдэггүй хөшүүн занд нь миний тэр жигүүр тасарсан.
Гэхдээ надад олон далавч байгаа юм байна лээ. Миний үндсэн мэргэжил англи-орос хэлний орчуулагч. Надад хийх зүйл маш их бий. Манайд ажилладаг залуус надад маш их урам зориг өгч байгаа. Би МОНЦАМЭ-д ажиллаж байхдаа 2 ажилтнаа Турк руу сэтгүүлзүйн магистрт явуулсан юм. Явахдаа “Дарга аа, та намайг иртэл эрүүл байж байгаарай” гэж захиад уйлж байлаа. Би таягтай. Мянганы сорилтын санд байхдаа Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байгаад, халтирч унаад хөлөө гэмтээсэн юм. Тэрийгээ тоохгүй яваад байсан чинь асуудал үүсээд, өвдгөө солиулсан. Одоо миний 2 өвдөг хиймэл.

Би 2022.11.17-нд ажлаа аваад, хамгийн түрүүнд уран бүтээлийн багтай уулзсан. Нийтлэлийн бодлого нь тодорхой бус. Монголыг гадаадад сурталчлах ёстой гэсэн ерөнхий ойлголттой. Яаж сурталчлах вэ, ямар мэссэжийг онцлох вэ гэдэг бодлого байгаагүй.
Ер нь хэвлэл ямар ч цензургүй байх ёстой гэсэн бодлого Монголд нэг хэсэг давамгайлсан. Миний бодлоор МОНЦАМЭ-д бол цензур хэрэгтэй. Цензур гэдэг нь Монгол Улсын язгуур, үндэсний эрх ашиг, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал. Яагаад гэхээр хэвлэл мэдээллийн салбараас төрийн мэдэлд байгаа цорын ганц мэдээллийн хэрэгсэл нь энэ агентлаг. МОНЦАМЭ-гийн мэдээллээс Монгол Улсын төрийн бодлогын ноён нурууг Дэлхий харна.
Одоо МОНЦАМЭ Монголын тухай мэдээллийн шалгуур нь болсон. Монголын улс төрд, нийгэмд, соёлын салбарт юу болж байгааг МОНЦАМЭ-гээс мэдэхийг хүсдэг болсон. Хархорум хотын нэрийг, Чингис хаан гэж яаж бичиж байна гэж МОНЦАМЭ-гээс хардаг болсон.
-Дотоод мэдээ нь?
-Дотоод мэдээг нь харвал өдөрт маш их мэдээ гаргадаг. Гэхдээ өөрсдөө явж бэлтгэсэн мэдээ олон биш. Хэвлэл мэдээллийн салбарынхан нэгнийхээ бичсэн мэдээг хуулаад тавьдаг юм байна лээ. Энэ чинь буруу шүү дээ. Сэтгүүлч хүн хамгийн түрүүнд судлаач байх ёстой. Би МОНЦАМЭ-гийн сэтгүүлчдийг судлаач байгаасай гэж бодсон. Судлаач байхын тулд уншдаг байх ёстой. Гэтэл МОНЦАМЭ-д номын сан байгаагүй. Бүх номоо зоориндоо хураасан байсан. Би жижиг ч гэсэн номын сан байгуулсан.
Хүн унших тусам судалдаг. Судлахаараа харьцуулах, дүн шинжилгээ хийх ур чадвар тогтдог. МОНЦАМЭ-гийн сэтгүүлчдэд уучлаарай харьцуулах, дүн шинжилгээ хийх чадвар байгаагүй. Би тэгэхээр нь “Унш, судал, эх сурвалжаа тавь, гарчгаа зөв өг” гэсэн. Орчин цагийн хэвлэл мэдээллийн салбар дахь өөрчлөлт, чиг хандлагыг би өөрөө уншиж судлаад, ажилтнууддаа хэлдэг байсан.
-Таны шаардлагыг хэр хүлээж авдаг байв?
-Миний тавьсан шаардлагыг сонсдог. Би тэдний санаа бодлыг сонсохыг хүсдэг. Үнэхээр надад санаа бодлоо хэлдэг хүн байгаагүй. “Тэгвэл бүгдээрээ ингэж ажиллая” гэхэд бүгд дэмжээд ажилласан. Би хамт олондоо маш их итгэж, мэддэг чаддаг юмаа хуваалцаж, хайрлаж ажилласан. Миний хал нь гаднаа байж болно. Хайр нь дотроо байсан.
-Одоо энэ хэл амнаас болоод таны хийсэн бүхэн байхгүй боллоо. Юу бодогдож байна?
-Энэ хүмүүс сошиалаар намайг тэсэхийн аргагүй болтол дайрлаа. Тэр доромжлол болгоны ард нэг зохиомол түүх байна. Тэр бүхнийг би тайлбарлахад бэлэн. Яагаад гэвэл бүгд гүтгэлэг. Үнэн зөвийг гүтгэлэг болгоход зарим хүн мэргэшиж байгаа юм байна. Гэхдээ миний сайн сайханд итгэх итгэл алга болоогүй. Надад хийх юм маш их байгаа. МОНЦАМЭ-д шинэ дарга томилогдоод ирэхээр би ийм ийм юм хийж болно, ийм юм хийх гэж байсан гэдгээ ч ярина. Би солонгос хэлний редакц нээх гэж байсан.
Орос, англи, япон, хятад хэл дээр тус бүр 3 хүнтэй редакц байдаг. Орос, англи хэлний редакцаа би бүхэлд нь хянаж чаддаг. Би энэ 2 хэлээр уншдаг, ойлгодог, бичдэг. Энэ хэлээр гарч буй мэдээллийг би маш хяналттай түгээж байлаа. Хятад, япон хэлийг би хянаж мэдэхгүй. Тиймээс би хятад, япон хэлний удирдлагаа итгэх ёстой. Манай япон, орос хэлний редакц хоорондоо маш эв түнжин муутай байсан. Одоо ч Орос хэлний редакцад хоорондоо дуугардаггүй хүмүүс байдаг.
Намайг ирэхэд гадаад хэлээр гардаг сонинуудын агуулгад хяналт байгаагүй. Төлөвлөгөө гэж юм үзүүлээгүй. Гадаад хэлээр ямар мэдээ гарч байгааг хянадаг хүн энэ агентлагт байгаагүй. Хянах ёстой хүн нь Гадаадад мэдээлэх албаны дарга Л.Батбаяр. Намайг ирэхэд хятад сонин дээр юу гардаг байсан гэхээр “Синхуа” агентлагийн мэдээ.
-Айн? Монголыг гадаадад сурталчлах ёстой сонин дээр яагаад Хятадын тухай мэдээ гаргадаг юм бэ?
-Тийм л байсан. “Мэнгу сяосибао” сонины 2 нүүр дамнуулаад “Синхуа” агентлагийн мэдээг хятадаар тавьдаг. Хамгийн гол нь тэнд ямар мэдээ гарч байгааг хянадаггүй байсан. Тэрийг нь болиулж, Монголын тухай л бичдэг болгосон. Монголын тухай бичиж, Монголын эрх ашгийг хангаж байж Монголын дархлаа үүснэ ээ дээ.
Дотоод мэдээнийхэнд гарчиг, зураг, лийд, асуулт, логик нь буруу байна гэхэд эмзэглэдэг байсан.
-Жишээлбэл?
-Бид МИАТ-ын бүхээгний сэтгүүл гаргах тендерт ялж, “Амин Монгол” буюу “Mongol identity” гэдэг сэтгүүл гаргасан. Би ерөнхий редактороор ажилласан. Сэтгүүлдээ гадаадаас Монгол Улсад суугаа Элчин сайд нараас Монголын тухай сэтгэгдлийг нь авахаар болсон. Германы Элчин сайд “Би “Монголын 1 өдөр” гээд алдартай бүтээлийг бүтээсэн Марзан Шаравыг хүндэлдэг” гэж ярьсан. Тэрийг англиар аваад, монгол руу орчуулсан. Гэвч редактор нь Марзан Шарав гэдэг нэрний өмнө хөгжмийн зохиолч гээд биччихсэн байсан.

Манай дотоод мэдээний ахлах редактор Б.Хандмаа, Гадаадад мэдээлэх албаны дарга Самбууням хоёр редактороор ажилласан. Би англи хэл дээрх материалдаа анхаарсан. Дотоод мэдээнийхэн Б.Хандмаа даргатай нийлээд 9-үүлээ материалуудаа уншиж, монголоор бичсэн зүйлээ хянасан. Ерөнхий редакторын хувьд тэр засварыг хараагүй нь миний алдаа мөн. Гэхдээ дотоод мэдээний 9 хүн монгол хэлээрх материалаа давхар хянасан гэж Б.Хандмаа надад хэлсэн юм.
-Англи дээрээ зүгээр үү?
-Англи дээрээ зүгээр. Англиас монгол руу орчуулсан эхний хувилбар нь ч алдаагүй. Орчуулагчийн зөв орчуулсан яриаг редактор хөгжмийн зохиолч болгож зассан байгаа юм. Энэ бол хариуцлагагүйн алдаа.
-Хэзээ болсон явдал вэ?
-5-р сарын эхээр. Тэрэнд надад асар их өс санасан юм шиг байна лээ.
-Хэн?
– Б.Хандмаа. Намайг юм л хэлбэл гүтгэсэн гэнэ шүү дээ. Бүх юм баримттай. Б.Хандмаа гэдэг эмэгтэйд би “Та ямар аймаар урвагч сэтгэлтэй юм бэ” гэсэн чинь “Тийм ээ, би энийгээ мэднэ ээ” гээд тоохгүй байна лээ.
-Т.Энхтуяагийн тухайд?
-Манай дарга, дэд даргыг ЕТГ томилдог. Т.Энхтуяа бол МОНЦАМА агентлагийн дэд дарга бөгөөд Тамгын газрын дарга. Аж ахуй, захиргааг хариуцдаг. Тамгын газрын даргад Гадаад хамтын ажиллагаа, Санхүүгийн алба харьяалагддаг. Энэ хүн сүүлийн хагас жилд бараг ажил хийгээгүй. Эхлээд амралтаа авсан. Дараа нь эрдмийн ажлаа бичнэ гээд 1 сар цалинтай чөлөө авсан. Буцаж орж ирээд өргөдлөө өөрчилж, ажил хийсэн төдий болж явсаар, 5-р сарын дундуур БСНУ руу эмчилгээнд явсан. 2025 оны 2-р сараас хойш ажил хийгээгүй.
Тэр хүн яагаад надад дургүйцэх болсон бэ гэхээр олон шалтгаан бий л дээ. 2025 оны 1-р сард манайхан “Монголын сайхан бичигтэн” уралдааны ёслолын ажиллагаа зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, төлөвлөгөөгөө ярилцаад “Одоо надад цаасан дээр буулгаад үзүүлээрэй “гэж хэлэхэд Т.Энхуяа “Миний ажлыг түрүүлж хийгээрэй” гэж ажилтнуудад хэлсэн. Тэр хуралд 7, 8 хүн оролцсон. Бүгд мэднэ. Би “Ямар ажил” гэж асуусан чинь тэр хүн докторын ажлаа Өвөрмонголд хэвлүүлэхийн тулд “Хүмүүн бичиг” сониныхноор монгол бичигт хөрвүүлж байгаа, Өвөрмонголын сонинд хэвлүүлэх гэж байгаа тухайгаа хэлсэн. Тэгэхэд би “Яагаад чиний хувийн ажил 1-рт, улсын ажил 2-рт байх гэж. Тэгж болохгүй” гэж анхааруулсан. Тэрэнд Т.Энхтуяа асар их уурласан.
Та бод доо. Хүний хувийн соёл янз бүр байж болно. Ажилтнуудаар өөрийнхөө докторын ажлаа хийлгэдэг. Юу юугаа хийлгэдгийг нь би нарийн мэдэхгүй. Ямар ч байсан орчуулуулдаг байсан. Хүмүүсийн орчуулж өгсөн юмыг эвлүүлээд, докторын ажилтай холбоотой материалаа сургуульдаа хураалгах болсон чинь “Дарга аа, нэг юм асууя. Энэ юу гэж байгаа юм бэ. Орчуулахдаа дутуу орчуулчхаж. Шинэ юу гэж байгаа юм бэ” гэж асуусан. Харсан чинь “The New York Times” гэдэг сонины нэр байсан. “Энэ чинь сонин ш дээ, Америкийн” гэсэн чинь “Өө тийм бил үү” гэсэн. Тийм хүнтэй ажиллахад хувь хүний хувьд надад хэцүү. Мэдээллийн агентлагийн дэд дарга “The New York Times” сонины нэрийг мэдэхгүй байж болох уу? Тэгээд орчуулах гээд явж байдаг. Энэ мэт зүйл зөндөө гарна.

Мөн Т.Энхтуяа “Намайг дарга гэж хэлсэнгүй” гээд асар том хэрүүл үүсгэж байсан. Би хүнийг Хандаа, Хулаан, Энхтуяа гэж ярьдаг. Тэгэхээр “Та төрийн албан хаагчдыг гутаалаа. Бид дарга. Та биднийг дарга гэж хэлсэнгүй” гэж намайг загнасан.
Надаас ажлын 5 хоногийн цалинтай чөлөө хүсэхэд нь 2 өдрийн цалинтай, 3 өдрийн цалингүй чөлөө олгосон. Дараа нь БНСУ явахдаа 10 өдрийн цалинтай чөлөө хүсэхэд нь би Санхүүгийн албаны даргатай зөвлөхөд “Өгч болохгүй байх” гэсэн. Би ч бас “Журам гэдэг чинь хүн бүрт адилхан үйлчлэхийн тулд байдаг. Дэд дарга гээд тусад нь цалинтай амралт өгөөд байж чадахгүй. Таны нөхцөл байдлыг харгалзаад би танд 2 өдрийн цалинтай чөлөө өгье. Бусад өдөрт нь цалингүй чөлөө өгье” гэсэн юм.
Түүнээс гадна бүтцийн өөрчлөлт хийхээр зорьж, Тамгын газрын дарга, Захиргааны албаны дарга гэдэг 2 албан тушаалыг нэгтгэж, мөн солонгос хэлний редакц байгуулъя гэж зорьсон. Ер нь МОНЦАМЭ агентлагийн дэд даргыг ЕТГ-аас томилох нь буруу юм байна гэж би бодсон.
-Яагаад?
-Дэд даргыг ЕТГ-ааас томилдог байх нь эрх мэдэл, хариуцлагын оновчтой хуваарилалт биш гэж би бодсон.
-Та 2 хоёулаа адилхан ЕТГ-аас томилогдсон биз дээ?
-Тэгсэн. Өөрт нь таалагдахгүй шийдвэр гаргахаар “Намайг ЕТГ-аас томилохдоо … Та тэгэхгүй шүү” гэж цаагуураа эсэргүүцээд байдаг байсан. МОНЦАМЭ 2 даргатай юм шиг, бүх зүйл дээр надтай дандаа барьцдаг байсан. Энэ байгууллагыг нэгдсэн бодлогоор удирдахад тун хэцүү байлаа. Түүнээс гадна тэр хүний хувийн соёл, боловсрол, хүмүүжил ихээхэн нөлөөлж байсан.
-Гадаад харилцааг танай дэд дарга хариуцдаг биз дээ. Та яагаад гадаад харилцааны ажлыг хийгээд байсан юм бэ?
-Тэр хүн гадаад харилцаа хариуцдаг ч гадаад хэлгүй.
-Ямар ч уу?
-Хятадаар ярьдаг гэсэн. Гэхдээ би хятадаар ганц үг хэлэхийг нь сонсоогүй. Хятад хүнтэй ярилцаж байхыг нь хараагүй. Хамгийн гол нь Гадаад харилцааны албанд и-мэйл ирэхээр монгол хэлээр орчуулж, Т.Энхтуяад танилцуулаад, дараа нь над дээр ирдэг. Үүнээс болоод Гадаад харилцааны албаны дарга надад “Та гадаад харилцаагаа хариуцаад, гол шийдвэрээ гаргаад явж байгаа юм чинь гадаадаас ирсэн и-мэйлийг орчуулж Т.Энхтуяа даргад үзүүлээд, дараа нь буцаагаад тан дээр англи хэлээр нь авчрахад их сонин байна. Дунд нь хийдэл үүсээд байна” гэсэн. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажлыг ийм байдлаар явуулахад их төвөгтэй болж ирсэн. Би тэгээд Т.Энхтуяа даргад “Гадаад харилцаагаа би хариуцъя. Та хяналтаа тавь. Та Тамгын газрын даргаа эсвэл Захиргааны албаны даргаа хий. МОНЦАМЭ-д Тамгын газар, Захиргааны алба гэж 2 алба хэрэггүй. Аль нэгийг нь татан буулгая” гэхэд Т.Энхтуяа “Тийм ээ тийм, дарга аа. Би дэд дарга биш байж болно. Гэхдээ цалингаа бууруулмааргүй байна. Тамгын газрын даргаараа үлдье” гэсэн.
Санхүүгийн албаны даргыг над руу оруулахгүй, Т.Энхтуяа өөрөө бүх асуудлыг над дээр барьж орж ирдэг. Түүнээс юм асуухаар Т.Энхтуяа эргээд Санхүүгийн албаны даргаас асуудаг.
Хамгийн ноцтой нь 2024 оны сүүлчээр манай ашиглаагүй, илүү төсвийг улсын төсөвт эргүүлэн татах боллоо. Тэгэхэд Т.Энхтуяа над дээр орж ирээд “Мэдээлэл, технологийн албаны ашиглаагүй 30 сая төгрөгийг татах гээд байна” гэж 3 удаа над дээр орж ирсэн. Би тэгэхэд нь “Бид анхнаасаа төсвөө бодитой зохиох ёстой юм байна. Татуулах ёстой бол татах л байлгүй” гээд гаргасан. Гэтэл дахин орж ирээд “Энэ төсвийг татуулах гээд байна шүү дээ. Танд хувийн компани байхгүй юү” гэж асуухад нь би шооконд орж, “Завгүй байна” гэж хэлээд гаргасан. Энэ бүх юм тэр хүний дотор бугшаад явж байсныг би даанч анзаараагүй байж.
-Та ЕТГ-ын даргатай хэзээ уулзсан бэ?
-6-р сарын 9-нд ЕТГ-ын дэд дарга Энх-Амгалантай уулзсан. Энх-Амгалан дарга надад “Та 2 эвсээд ажиллаач” гэсэн. Тэгээд би Т.Энхтуяа даргатай уулзаад “Хоёулаа энэ бүхнийг орхиод ажиллая. Чи наад хийгээд байгаа юмаа боль” гэж хэлсэн. Тэгэхэд Т.Энхтуяа “Энх-Амгалан даргатай уулзаж заргалдана. Би 3 матаас өгөөгүй. Юун гарын үсэг яриад байгаа юм. Би ерөөсөө тийм юм хийгээгүй” гэсэн.
-Тантай хамтарч ажиллахгүй гэсэн юм уу?
-Хамтарч ажиллахгүй гээгүй. “Би тийм юм хийгээгүй” гэсэн. 6-р сарын 12-ны менежментийн хурлын төгсгөлд Б.Хандмаа даргыг миний эсрэг гарын үсэг цуглуулсан гэхэд нь би “Яагаад энэ асуудлыг Дотоод мэдээний албаны дарга хариуцаж байгаа юм бэ. Захиргааны дарга яасан юм бэ?” гэхэд Т.Энхтуяа “Би анх удаа сонсож байна” гэсэн. Хүний ой тойнд багтахааргүй худалч. Долигонох дээр бол ёстой нээрээ… Хүн ямар гоё үг хэлж долигонодог юм бэ.
-Т.Энхтуяа юу?
-Тэрнээс ч дутахгүй олон нүүртэй хүн бас байна аа. Хэн гэдгийг хэлэхээр дахиад сошиалаар шуугина. Шуугиг, хамаагүй. Би сая сошиал дээр гарсан юмнуудыг маш сайн ажиглалаа. Их тэвчлээ. Би залууст танай саитаар дамжуулж, уриалга гаргамаар байна. Миний насны хүн ийм доромжлолыг тэсэх дархлаатай байна. Залуучууд үүнийг чинь тэсэхгүй шүү дээ. Нэгнийгээ ямар их гутаан доромжилж байна аа. Хариу хэрэлдээд явдаг хүн байдаг л даа. Бид үүндээ дөжирчхөж. Ийм байх ёстой гээд бодчихож. Ийм байх ёсгүй. Хар тамхи нийгмийг хордуулдаг шиг нийгмийн сүлжээний гүтгэлэг залууст маань маш ноцтой нөлөөлнө. Улс орнууд нийгмийн сүлжээгээ хэрхэн зохицуулах тухай бодлого боловсруулаад эхэлсэн. Манайх ч боловсруулах ёстой. Бид хүний нийгэмд сайн сайхныг бодож амьдардаг биз дээ.
-Таны бий болгосон МОНЦАМЭ таныг ажлаа өгсний дараа өөрчлөгдөв үү, буцаад хуучиндаа орж уу?
-МОНЦАМЭ-гийн ажил хэвийн явах ёстойг би бүх ажилтанд анхааруулж бичсэн. Ажлаа өгснийхөө дараа МОНЦАМЭ-гийн мэдээг харж л байлаа. Англи мэдээнд гэхэд Хархорин, Хархорум, Харахорум гэх мэтээр ганц үгийг 3 янзаар бичжээ. Б.Ганхайч гэдэг тамирчны нэрийг ч янз янзаар бичээд эхэлжээ. МОНЦАМЭ уг нь ингэж болохгүй тухай би 2 жил тэдэнд хэлсэн.
-МОНЦАМЭ-гийн дэд дарга Т.Энхтуяаг ЕТГ-ын дарга асан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хүн гэж сонссон. Гэтэл МОНЦАМЭ агентлагийн дарга, дэд даргыг ЕТГ-ын дарга томилдог. Таныг МОНЦАМЭ-гийн даргаар томилохыг Ерөнхийлөгч дэмжсэн байдаг. Ингээд харахаар Э.Содонтогос, Т.Энхтуяа нарын зөрчлийн цаана У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарын зөрчил нуугдаж байгаа гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болохгүй. Т.Энхтуяа надад “Би Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Э.Содонтогос даргадаа хайртай” гэж хэлдэг байсан. Я.Содбаатар даргатай хамтарч ажиллаж байсан нь үнэн байх. Асуудал гарахаар “Даргаасаа асууна” гэдэг юм. Би тэрийг нь өөр өнцгөөр холбож хараа ч үгүй, харахыг ч хүсэхгүй байна. Энэ 2 хүний хоорондын харилцаа надад хамаагүй.
Э.Содонтогос, Т.Энхтуяа гэдэг 2 хүний тэмцэл гэхээсээ 2 өөр үзэл бодол, 2 өөр үнэт зүйлс, 2 өөр насны туршлага, 1 талд шунал, нөгөө талд эрмэлзлийн сөргөлдөөн. 2 даргыг энд оролцуулж болохгүй. Тэдэнд ямар ч хамаа байхгүй. Би хэлэх юмаа өргөдөлдөө бичсэн.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч надад итгээд “Таны мэдлэгийг Монголдоо зориулмаар байна. Тантай хамтарч ажилламаар байна. Та яагаад Мянганы сорилтын сангаас гарсан юм бэ. Яагаад надад тухайн үед хэлээгүй юм бэ” гэж намайг “Нүүдэл, суудал” гээд Баабарын номны орчуулгыг хянаад сууж байхад дуудаж уулзсан. Тэгэхэд би “Мянганы сорилтын сангаас гарсан тодорхой шалтгаан надад байгаа. Тэрийг одоохондоо хэлж чадахгүй нь. Би шударга ёсны төлөө дуугарсан. 2-рт, би эх орныхоо төлөө ажиллана аа. Би олон Ерөнхийлөгчтэй ажиллаж байсан. Би англи хэлийг өөртөө биш, эрх орондоо хүртээхэд бэлэн” гэж хэлсэн.
Намайг хэд хоногийн дараа Я.Содбаатар дарга дуудаж уулзаад “Дарга намайг тантай уулз гэсэн. Та хаана ажиллах вэ” гэсэн. Би тэгээд бодсон. Миний магистр хамгаалсан сэдэв олон улсын улс төр, эдийн засаг, чөлөөт худалдааны гэрээ. Тэгэхээр би эдийн засгийн харилцааны чиглэлээр ажиллах боломжтой гэж бодсон. 2 дахиа уулзахдаа Я.Содбаатар дарга “Та МОНЦАМЭ-гийн дэд даргаар ажиллах уу” гэхээр нь “Би дэд дарга болохгүй. Ажиллавал би дарга нь болоод бодлогоо хэрэгжүүлнэ” гэсэн. 3 дахиа дуудаад “Ерөнхийлөгч таныг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилох санал гаргасан. Би дэмжиж байна. Та энэ агентлагийг үнэхээр гоё болгоод өгөөрэй” гэсэн. Ингэж Я.Содбаатар дарга надад итгэл хүлээлгэж, энэ агентлагт тавьсан. Харин тэнд ажиллаж байхад өөр хүн Я.Содбаатар даргын нэрийг байнга барьдаг байсан нь надад аягүй дарамттай байсан.
Надад итгэл үзүүлсэнд нь би У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид, Я.Содбаатар даргад талархаж байна. Харин би итгэлийг нь дааж чадаагүйдээ нэг талаас харамсаж байна. Нөгөө талаас үнэт зүйлсдээ үнэнч үлдсэндээ би баяртай байна.
-Та хэдэн төгрөгийн цалин МОНЦАМЭ-гээс авч байв. Цалингаа 5 сая төгрөг болгуулсан гэдэг үнэн үү? Өөрийнхөө цалинг нэмүүлчхээд, бусдынхаа цалинг нэмүүлэлгүй орхичихсон юм уу?
-Намайг МОНЦАМЭ-д ирэхэд дөнгөж ЕТГ-ын харьяа болсон, хүмүүсийнхээ цалинг нэлээн нэмчихсэн байсан. Намайг ажилд орсноос хойш цалин 2 удаа нэмэгдсэн. Ямар ч байсан улсын дундаж хавьцаа байгаа. Миний цалин 4.5 сая, Т.Энхтуяа даргын цалин 4.2 сая төгрөг. Ерөнхий редактор одоогоор байхгүй байгаа. Цалинг нь 3.5 саяар тогтоох байх. 5 сая төгрөг өөртөө бичсэн гэж юуг хэлж байгааг би мэдэхгүй байна.
Ерөнхий редактор 2023 онд ажлаасаа гарсан. Ерөнхий редакторын ажлыг би өөрөө давхар хийгээд, 2024 оны зунаас албажуулсан. Бодитоор бол би ирсэн цагаасаа ерөнхий редакторын ажлыг давхар хийж ирсэн.
Миний алдаа бол хүнд маш их итгэсэн. Гэхдээ энэ алдаа миний давуу тал болох болно. Би үргэлжлүүлээд хүнд итгэнэ. Би сая сонин сонин юм сонссон. Нөхрөөсөө их ичлээ. Миний нөхрийг янз бүрээр хэллээ шүү дээ. Гүтгэсэн хүн цөөн л дөө, сайхан нь. Гүтгэлгийг үйлдвэрлэдэг хүн цөөн юм. Хоорондоо их адилхан, гоё баг зүүсэн хүмүүс байх юм. Би уг нь хиймэл сормуус, хиймэл хумсанд дургүй байлаа. Гэтэл бусад хиймэл юмтай харьцуулахад, харин үзэсгэлэн гоо юм байна.
Миний нөхөр энэ ажилд ороход надад 3 зарчим хэлсэн. “Сэтгүүлч биш шүү, чи. Сэтгүүлзүйг хүндэлж, хайрлаж ажиллаарай. Хүний нэр төрд халдаж болохгүй. Хүний халаасан дахь мөнгийг тоолж болохгүй. Хүний хөнжил рүү шагайж болохгүй. Сэтгүүлч хүний язгуур зарчим нь энэ. Тэгээд ажиллахад сайхаан сайхан. Манай сэтгүүлчид их сайхан” гэж миний хайртай хүн хэлж, миний сэтгэлийг өрдөж, урам зориг өгсөн. Би энэ зарчмуудаас алинаас нь ч ухраагүй.
-Та хүмүүсийн цалинг хасдаг, торгодог байсан уу?
-Торгодог байсан. Ур чадварын нэмэгдлийг нь хасдаг байсан. Би хүний зовлонг ойлгодог. Болж өгвөл хүний цалингаар тоглохгүйг хүсдэг. Гэхдээ ёсзүйн алдаа гаргавал, архи уувал хариуцлага тооцно. Жишээлбэл: Би хамгийн сүүлд 1 хүний цалинг хассан. Тэр хүн тэр үед шийтгэлтэй байсан юм. Цагаан сарын үеэр видео контент дээр Барсболд гуайн ярилцлага дээр Чулуун докторын дууг наасан байсан. Тэгээд хариуцлага тооцсон.
Би ажлын цагаар фэйсбүүктээ хувийн юм тавихгүй байхыг шаарддаг. Энэ дүрмийг манай дэд дарга л мөрддөггүй, бусад нь мөрддөг. Манай дэд даргад цаг бүртгэл үйлчилдэггүй. 25%-ийн ур чадварын нэмэгдэл автоматаар бодогддог. Надтай адилхан ЕТГ-аас томилогдсон гээд. Тэгээд хийсэн ажил, үр бүтээл байхгүйтэй адил. Тэр хүн зугаалга л их санаачилдаг байсан. Сошиал дээр дуртай үедээ дуртай юмаа бичдэг. Өөрийгөө сайн сайхнаар тавьдаг л даа. Гэхдээ ажлын цагаар тэгж болохгүй. Манай гэрэл зургийн техникчийг дуудаж, өөрийнхөө зургийг засуулж, фэйсбүүктээ тавьдаг байсан. Түүнд нь манай мэргэжилтэн дургүйцэж байхыг нь би харж л байсан.

Манай 1 эрэгтэй сэтгүүлч ажлын цагаар фэйсбүүк дээр эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон пост тавьсан. Тэгэхээр нь би “Би чамд олон удаа хэлсэн. Чи өөрөө эмэгтэй хүнээс төрсөн. Эхнэртэй, охинтой байх. Ингэж эмэгтэйчүүдийг доромжилж болохгүй” гэж хэлээд, цалингаас нь хассанн. Миний шийтгэл бүхэн үндэслэлтэй. Бүгдийг нь би тайлбарлаж чадна.
-Гавьяат Т.Чимгээ эгчийг тэтгэвэрт гарахад нь ажилласан жилийг нь дутуу бодсон тодорхойлолт гаргаж өгсөн юм уу?
-Би нийгмийн даатгалын байцаагч биш. Т.Чимгээ эгчийн тэтгэврийг би өгөөгүй. Улс Т.Чимгээ эгчээс авч байсан мөнгөө эргүүлээд өгч байгаа шүү дээ. Тэр тооцоог би хийдэггүй. Нийгмийн даатгалын ажилтан манай нягтлантай тооцоо нийлж, бодох ёстой. Нийгмийн даатгалын тогтолцоог хүмүүс огт мэддэггүй юм байна.
-Т.Чимгээ эгч тэр асуудлаар танд хандсан уу?
-Над дээр орж ирсэн. ЕТГ-т хандаад, тэндээс надад “Энэ хүний гомдлыг барагдуул” гэсэн. Би ерөнхий нягтлангаа дуудаж оруулж ирээд, Т.Чимгээ эгчид охиных нь хажууд “Чимгээ эгч насаараа ажилласан. Яагаад ийм юм болов. Бид өгч байгаа юм биш. Улс авсан юмаа эргүүлж өгч байгаа юм. Энэ хүн өөрийнхөө юмыг авч байгаа юм” гээд гаргасан. Т.Чимгээ эгч “Баярлалаа” гээд гарсан шүү дээ. Дараа нь Т.Чимгээ эгч ажил дээр халуун тогоотой хоол авчраад, хүмүүсийг дайлаад, хачин баяр жаргалтай гарсан даа, уг нь.
-Тэгээд яагаад сошиалд янз янзын юм бичээд байгаа юм бол?
-Дундуур нь хүмүүс хутгасан байх. Гэхдээ Т.Чимгээ эгчийг би 1 удаа шүүмжилсэн. “Mongolia today” сэтгүүлийн хавтсан дээр манайх моринхуурын зураг тавихаар боллоо. Т.Чимгээ эгчид “Та моринхуурын зураг аваад ир” гээд явуулсан. Авсан зургаа дотоод фэйсбүүк групп дээр тавьсан байхад нь би хараад, доор нь “Чимгээ эгч ээ, арай ингэж болохгүй. Энэ зургуудаа устгана уу” гэж бичсэн. Гавьяат хүний зураг ийм байж болохгүй. Гадагшаа гарчих вий. Буруу үлгэр дуурайл болчих вий гэсэндээ зургаа устга гэсэн. Үнэндээ өөрийг нь ч бас хайрласан юм. Моринхуурандаа хайртай хүний зүрх шимширмээр зураг. Сандал дээр үрчгэр хар даавуу дэвсээд, моринхуур тавьчихсан. Хажуу талынх нь төмөр гарчихсан. Монгол хүн харахааргүй зураг.

-Л.Батбаяр гэдэг хүн “Амьдралаар минь тоглолоо” гэсэн нь ямар учиртай юм бол?
-Мэдэхгүй. Гадаад мэдээллийн албаны дарга Л.Батбаяр гэж хүн байсан. Тэр хүн орос хэлтэй. Англиар бол сонин редакторлох түвшний мэдлэггүй. Ор тас хэлгүй гэхгүй. Гэхдээ би тийм хүнийг хэлтэй гэхгүй. Тэр хүний удирдлага дор охин нь ажиллаж байсан. Тэр хүн надаас мөнгөн аягаа аваад, манайхаас тэтгэвэртээ гарсан. Би түүнтэй ямар ч асуудалгүй. Охин нь өөрөө өргөдлөө өгөөд гарсан. Би халаагүй. МОНЦАМЭ агентлагаар айл гэр болж тоглож болохгүй. Хэн нь хэндээ хяналт тавих юм. Тэгээд л намайг тэгж хэлсэн байх. Өөр юм байхгүй. Нүүрэн дээрээ хүмүүс аягүй сайхан.
Англи хэлээр гаргадаг “Монгол мессенжер” сонин 3 сурвалжлагчтай. Түүний 1 нь Л.Батбаярын охин. Охиных нь англи хэлний мэдлэг аавынхдаа ч хүрэхгүй. Бас 1 эмэгтэй байсан. Австралид төгссөн гэж байгаа юм. 2 өгүүлбэр бичихэд, 20 алдаа. Үнэндээ Эрдэнэжаргал гэдэг залуу л ажилладаг байсан. Би “Одоо МОНЦАМЭ агентлагийн “Монгол мессенжер” сониныг ингэж гаргана” гээд түүнтэй тулж ажилласан. Тэр үеийн бичиг цаасыг харвал би тэдний бичсэнийг улаан эрээн болгож засдаг байсан. Тэрэнд эмзэглэсэн.
-Таны эзэмшсэн боловсрол, мэдлэг, чадвар, шаардлага өндөр. Таны зэрэгт хүрч ажиллаж чадахгүй хүн олон байгаад, үүнээс болж зөрчил үүссэн бололтой. Тэгэхээр энэ хүмүүс заавал таны түвшинд хүрч ажиллах ёстой юу. Эсвэл та жаахан буулт хийгээд, тэр хүмүүсийн аргыг олоод ажиллах ёстой байв уу. Ер нь ийм хүмүүс хаана ч байгаа. Яг яах ёстой юм шиг байна вэ?
-Тоглоомын онол гэж бий. Энэ бол итгэлцэл. Миний гаргах шийдвэрийг та мэдэхгүй. Гэхдээ тийм гэж төсөөлж магадгүй. Гэхдээ “Хүнийг өөртэйгээ адилхан гэж хэзээ ч битгий бод” гэсэн дүгнэлтэд хүрч болдог. Намайг БНСУ-д сурч байхад миний солонгос багш надад “Сод оо! Чи халуун шүү, хурц шүү. Зарим үед чи буулт хийх ёстой шүү” гэж хэлдэг байсан. Буулт хийгээгүй түүх надад бас бий. Тэр явдал болсны дараа манай ангийн гадаад оюутнууд “Монгол хүний зүрх зоригоор бахархаж байна” гэж байсан. Түүний дараа манай багш “Хүнийг өөртэйгээ адилхан боддог гэж битгий бодоорой” гэж хэлсэн юм. Би тэрийг байнга боддог.
Би гайхамшигтай, хүнд байхгүй боловсрол эзэмшсэн хүн биш. Эзэмшсэн боловсролоо бодож тунгаан, тэрийгээ бодлынхоо тэжээл болгож явдаг хүн. Боловсролын 1 гоё юм нь үнэгүй. Хүмүүс үнэтэй их сургууль төгсөхийг боловсрол гэж боддог. Үгүй. Хүмүүжил, боловсрол 2 үнэгүй. Тэрийг хүмүүс ойлгохгүй байна. Би олон сургууль төгссөн, олон байгууллагад ажилласан гэж өөрийгөө бусдаас өндөрт тавьж байгаагүй.
Хүн болгон надтай адилхан биш л дээ. Гэхдээ миний хэлсэн зүйлийг ойлгоосой гэж л хүсдэг. Тиймээс би “Чи ийм бол” гэж хэлдэггүй. “Энийг ойлго. Ийм байдаг юм байна лээ” гэж л тайлбарладаг. Би хүмүүсийг ном уншуулах гэж, бодуулах гэж үзсэн. Манай байгууллагын дэд даргын өрөөнд 2 жилийн өмнө туузтай байсан ном одоо хртэл тэр чигээрээ байна. Тэгтлээ номонд дургүй гэж ойлгосон.
-Завгүй байдаг юм болов уу?
-Үгүй. Түүнээс завтай хүн МОНЦАМЭ-д байхгүй. Би МОНЦАМЭ-д хүмүүсийг номонд дуртай, өөртөө эргэлздэг, судалдаг болгохыг хичээсэн. Аймгуудад орон нутгийн музей гэж бий. Олон хүн мэддэггүй, маш гоё үзмэр тэнд байдаг. Тэрийг хүмүүст үзүүлье. Хүмүүсийг эхлээд Монголоо мэддэг болгоё гэж зорьсон. Монгол гэхээр Улаанбаатар, улстөрчид биш. 2230-аад жил суу алдраа Дэлхийд бадрааж ирсэн агуу түүхтэй орон. Энэ сайн сайхнаа МОНЦАМЭ-гээр дамжуулж түгээе гэсэн юм.
Би ажилтнууддаа “МОНЦАМЭ дандаа Монголын сайн сайхныг гаргана шүү” гэж хэлдэг. Тэгсэн манай англи хэлний редактор Өөлүн “Дүнжингарав”-ын уулзварт хий ачсан машин дэлбэрсэн ослын тухай мэдээг гаргаагүй. Учрыг нь асуутал “Та муу мэдээ тавьж болохгүй гэсэн шүү дээ” гэсэн. Ямар мэдээг муу, ямар мэдээг муухай гэхийг ялгадаггүй байхгүй юү. Тэгээд би дахиад л лекц уншдаг. Тэгтэл хүмүүс түүнд маань дургүй байсныг би мэдээгүй. Би ажилласан газартаа өөрчлөлт авчрахыг хичээдэг. Чадваргүй хүмүүст нь ингэж чадвартай болдог юмаа гээд зааж өгсөн. Залуус нь маш сайн хүлээж авсан. 40, 50 настнууд нь чимээгүй сонсдог байсан.
-МОНЦАМЭ-гийн дарга нарын зургийг авч, мухарт шидсэн гэх юм.
-Үнэн. Би 4 даргын зургийг аваад, оронд нь монгол бичгээ залсан. Тэд монгол бичигтэй заргалдъя гэвэл буцаагаад өлгөх байх. МОНЦАМЭ-д гадаадын маш олон зочин ирдэг болсон. Манай ханаар Цэдэв гүнээс эхлээд бүх даргын зураг ярайж байдаг. Тэр зургуудын талаар гадаадын 2 зочин надаас сонин юм асуусан. 1 нь “Зарим хүн маш богино ажилласан байх юм. 3 сард хүн юм хийж амжих уу. Эсвэл танай хуучин тогтолцооны хэлбэр үү” гэж шуудхан асуусан. Өөр 1 хүн “Энэ залуу хүмүүс чинь амьд сэрүүн биз дээ. Манайд ийм соёл байдаггүй учраас асууж байгаа юм” гэсэн. Би тэгэхэд нь дотроо их эмзэглэсэн юм.
-Хэн хэний зургийг авсан юм бэ?
А.Баатархуяг мундаг дарга. Б.Ганчимэг мундаг сэтгүүлч. Г.Амартүвшин мундаг дипломатч. С.Алтанцэцэг бас мундаг л хүн байх. Ядахад тэр зурагнуудын дунд 1 багана таардаг юм.Т. Баасансүрэн даргын зургаас хойшхыг аваад, монгол бичиг өлгөсөн. Манайх монгол бичгийн янзын сайхан үзэсгэлэн гаргадаг. Тэр сайхан бичвэрүүд зооринд байхгүй болдог. Тэднийг гадаадын зочдод бэлэглэдэг болсон. Б.Ганчимэг дарга эмзэглэх нь аргагүй. Би хурал дээр хэлсэн юм “Энэ бол хүний зураг шүү. Та нар энэ зургуудыг удахгүй эздэд нь хүргэж өгөөрэй. Эвтэйхэн тавиарай” гэсэн.
1-рт, би тэр зургуудыг буулгаад, зоорь луу авч явдаг хүн нь биш. Захиргаа, аж ахуйнхны ажил. Түлхүүр нь дэд дарга, нярав 2-т л байдаг. Б.Ганчимэгт “Таны зургийг доош нь харуулаад тавьсан байхад нь би дээш нь харуулж тавилаа шүү” гэж хэлээд зургийг нь өгч явуулсан байна лээ. Тэрийг нь надад хүн хэлж л байна шүү дээ. 2-рт, миний хөл муу. Би доошоо бууж чадах ч үгүй.
Намайг цайндаа ч гардаггүйг манайхан бүгд мэднэ. Цайныхаа цагаар би CNN, BBC-гийн мэдээ үздэг. Яаралтай л биш бол цайны цагаар хүнтэй уулздаггүй. Хурал бол бүр зарладаггүй.
-Сэтгүүлч Б.Ганчимэг МОНЦАМЭ-гээс одоо болтол цалин авдаг гэх юм. Ямар учиртай цалин юм бол?
-Учрыг нь би мэдэхгүй. Б.Ганчимэг дарга 2022 оны 1-р сард ажлаа өгсөн юм байна лээ. Тэрнээс хойш одоо хүртэл даргынхаа цалинг авсаар байгаа.
-4.5 саяыг уу?
-Үгүй. Ажлаа өгөхдөө хэдэн төгрөгийн цалинтай байсан, түүнийгээ авч байгаа.
-Б.Ганчимэг сэтгүүлч одоо МОНЦАМЭ-д ярилцлага, нийтлэл нийлүүлдэг юм уу?
-Үгүй.
-Хуучин даргадаа цалинг нь үргэлжлүүлж өгөх журам танайд байдаг юм уу. Эсвэл төрийн албанд?
-Байхгүй.
-Тэгвэл Б.Ганчимэг таны зөвлөх үү?
-Надад ямар ч зөвлөх байхгүй. Би МОНЦАМЭ-гийн дарга болсноосоо хойш Б.Ганчимэгтэй уулзаагүй.
-Тэгэхээр тэр хүн ямар үндэслэлээр МОНЦАМЭ агентлагаас цалин авдаг байх уу?
-Төл л гэсэн. Би тэгээд л төлж байсан.
-Хэн төл гэсэн юм бэ?
-ЕТГ-ын дарга. Би “Энэ хүний цалинг яах вэ” гэж асуусан. “Та үргэлжлүүлээд төлж бай” л гэсэн. Тэгээд л төлж байгаа.
–МОНЦАМЭ ямар төсөвтэй, үйл ажиллагаагаараа хэр мөнгө олдог, хэр орлоготой байгууллага вэ?
-МОНЦАМЭ-гийн төсөв ЕТГ-ын төсөвт багтдаг. Төсвөөс санхүүжихийн зэрэгцээ төсөвт орлого бүрдүүлэх ёстой. Намайг ирэхэд орлогоо 1 жил тасалсан байсан. Манай орлого сонингийн захиалга, сэтгүүлийн орлогоос бүрддэг. Захиалга маш цөөн. “Mongolia today” гэдэг сэтгүүл манай орлогын үндсэн эх үүсвэр. Намайг ирэхэд “Mongolia today” сэтгүүлийг 4950 төгрөгөөр үйлдвэрлээд, 5000 төгрөгөөр ГХЯ-нд нийлүүдэг байсан. Гадуур зардаггүй, захиалга авдаггүй.
Манайх доороо хэвлэх үйлдвэртэй. Монгол бичгийн сонинг 500, бусад сонингоо 1000 төгрөгөөр борлуулдаг байсан. Одоо бол 2000, “Хүмүүн бичиг”-ээ 1000 болгосон. “Хүмүүн бичиг”-ийг маш олон сургууль захиалдаг. Үүнээс хөөрхөн орлого олдог. Гэлээ гээд энэ бүхэн орлого бүрдүүлэхэд хангалтгүй.
“Mongolia today” сэтгүүлийг 160-180 хуудастай, дотроо видео контенттой, англиар гаргадаг. Үүнийгээ 20 мянгаар зардаг байсныг энэ жилээс 35 мянга болгосон. Хэвлэлтийн зардал өндөр. Үүнийгээ ГХЯ, гэрээт байгууллагуудад нийлүүлж, рекламаар санхүүжилт олж эхэлсэн. 2024 онд гэхэд нэлээд орлого олсон. Илүү гарсан орлогыг улсын төсөвт татчихдаг. 50 сая төгрөг авч үлдээд, 20 саяар нь зарим ажилтнуудынхаа өрөөнийхөө ширээ, сандлыг сольсон. 30 саяыг нь сайн ажилласан, тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаа ажилтнуудад Шинэ жилийн баяраар шагналын журмаар олгосон.
ЕТГ-т өгсөн бичигт гарын үсэг зурсан хүн болгон муу биш л дээ. Т.Энхтуяа, Б.Хандмаа нарын ятгалганд орсон, хамт олноо сөрсөн мэт мэдрэмж тэдэнд төрүүлсэн, сүрдүүлсэн, сайхан юм амласан ч байж болно. Гэхдээ орос хэлний Батцэцэг, Ариунбаяр, эх бэлтгэгч Батсүх, Энхбаяр, япон хэлний Дагиймаа, англи хэлний Самбууням, Амрита, Агиймаа, Ханхүү, гадаад хамтын ажиллагааны Баярзул, Хулан, дотоод мэдээний Адьяахүү нарын хүмүүстэй ажиллахдаа би жаргалтай байсан. Адьяахүү гэдэг хүн Сүхбаатар жанжинг их эвгүй хэлэхэд нь би загнасан. Надад юм санасан эсэхийг нь би мэдэхгүй. Бодвол гарын үсгээ зураа л биз. Гэхдээ тойм, нийтлэл бичихдээ үнэхээр сайн байсан шүү.
2025-06-23 05:26:29
Энэ авгайгийн өмнө ганчимэг гэдэг аймар авгай бараг 6 жил дарга хийсэн. Монцамэ гаар тоглосон доо новш чинь. Ирэнгүүт монцамэ г энд тэндгүй муулаад, хүмүүсийг халаад, буруу маягаар бүтцийн өөрчлөлт хийгээд, сэтгүүл зүйд ямар ч хамаагүй, ажил хийж чаддагүй баахан найз нараа ажилд аваад, тэд нар нь өөртэй нь нийлж байгууллагын ажил доройтуулаад, өрөөндөө бараг өдөр болгон архидаад, агсам тавиад, чавкаагийн хэрүүл хийгээд, хэвлэх үйлдвэрээр хэнд хэрэггүй хувийн сэтгүүл, номоо хэвлүүлээд…Гэх мэт ш дэ. Тийм ч учраас дарга нар “монцамэ г сайжруул” гэж энэ авгайг томилсон байх. Тэрнээс биш монцамэ чинь ӨДӨР болгон хийх ёстой ажлаа хийх ёстойгоор нь хийж бсан шүү. Статус байхгүй, дэмжлэг байхгүй, харж үздэг дарга, төрийн байгууллага байхгүй. Хэд хэдэн удаа янз бүрийн байгууллагууд монцамэг хуваах гэж санаархаж бсан. Байшин, газрын хувьдаа авах гэж үзсэн. Маш том дарга нарын хамаатан садан хүмүүс даргаар ирдэг бсан. Тэд нар нь бас новшоо новш. Энэ бүхнийг эсрэг байнга тэмцээд, улсад орлогоо тушаагаад, өөрсдийгөө хөгжүүлээд, монгол бэа 4 гадаад хэл дээр мэдээгээ цацдаг бсан шүү. Энэ содон чинь их юм мэдэхгүй бна. “Би, би …” гээд байх юм. Энэ хорвоо чинь чамгүйгээр оршин тогтнож бсан, байх ч болно. Аливаа шүүүмж ч юм уу хоосон хуцах аа битгий өмнөө тавь. Учир начир нь олчих эхлээд.
2025-06-20 07:10:29
Монгол улсад ховорхон хэлний мэргэжилтэн дээ. Ямар эмгэнэлтэй юм бэ? Энэ хүний удам судар тэр чигтээ сурган хүмүүжүүлэгч, түүний хэлний өндөр боловсролыг гүйцэх орчуулагч гарын 5 хуруунд л байгаа байх. Энэ нийгэмд шулуун шудрага, зарчимт удирдлага ад үзэгдэх юм даа
2025-06-20 05:49:07
Мянганы сорилын сан битгий хэл
2025-06-20 05:08:28
Араггүй л мундаг, шудрага зарчимч эмэгтэй юм аа
2025-06-20 04:09:37
Энхтуяа гэж хатан ээжийг дагаж гүйсэн хүүхэн түүгээрээ тооноор нь орж ирээд чадваргүй хүн эсвэл хатан ээж шигээ бөгсөөрөө эсвэл хэн нэгний үгээр явж амь зуудаг л даа ёсоороо болжээ
2025-06-20 02:23:22
Содонтогос Ёстой шулуухан шудрага ажиллажээ, түүнийгээ ч ярьжээ
ЕТГ аа Монцамэ-д өөрчлөлт шинэчлэл хийгээч
Тэр хандмаа Энхтуяа нарыг солих хэрэгтэй