Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн этгээдүүдэд Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдууллаа. Шүүгдэгч Б.Э, Н.А нар бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр … зам дагуу ургасан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 538 грамм, сэтгэцэд нөлөөт, хориглосон бодисыг хууль бусаар түүжээ. Тэд уг өвсөө “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэлд хадгалан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А, Б.Э нарыг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А, Б.Э нарыг 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн обьектив шинжийг “..Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол..” гэж тодорхойлсон.
“Сэтгэцэд нөлөөт бодис” нь хүний эрүүл мэндийг сарниулж, донтуулан улмаар нийтийн эрүүл мэнд, нийгэмд хор аюул учруулдаг учраас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн жороор олж авахаас бусад тохиолдолд өөрийн эзэмшлийн болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, бусдад худалдсан, илгээсэн” гэж ойлгох бөгөөд уг үйлдлийн улмаас хор уршиг учраагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.
Хууль бусаар “хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг, хууль бусаар “бэлтгэсэн” гэх үйлдэл нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авсан үйлдлийг тус тус ойлгодог.