Сонгогч сонгуулийн байранд санал өгч, тэмдэглэсэн саналаа гар утсаараа зургийг нь авсан зөрчлийг Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 14-нд шийдвэрлэжээ. Т.Г 2024 оны 10 сарын 11-ний өдөл аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өгөхдөө тэмдэглэсэн саналын хуудасныхаа зургийг гар утсаараа авсан байна. Уг зөрчилд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсгийн 30.2-т зааснаар 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Үүнийг Т.Г эсэргүүцэн Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хандсан аж. Шүүх уг гомдлыг хянаад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэлийг зөв гэж үзжээ.
Гэсэн ч Г өмгөөлөгч авч, давж заалдах шатны шүүхэд ханджээ. Уг шүүх хэргийг бүхэлд нь хянаад холбогдогч Т.Г нь оюутан, цалин болоод орлогогүйг нь харгалзан, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан 10 сая төгрөгийн торгох шийтгэлийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр болгожээ. Сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчлүүдэд торгох шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэх болон нэмэгдүүлэх зохицуулалт үйлчлэхгүй. Харин торгох шийтгэлийн 10 сая төгрөгийг шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд төлөхгүй бол цагдаагийн эрх бүхий ажилтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналаа шүүхэд хүргүүлэх юм. Түүнийг нь шүүх шийдвэрлэнэ.
Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсгийн 30.2-т “Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулсан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан хүнийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгоно” гэж торгох шийтгэлээс өөр төрлийн захиргааны шийтгэлийн төрөлгүйгээр хэм хэмжээг нь хатуу тогтоож, улмаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэжээ.