Пүрэв гарагт Цагаан ордны зүгээс Ираны асуудлын талаар мэдэгдэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг хоёр долоо хоногийн дотор Иран руу довтлох эсэхээ шийднэ гэв.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгдэлдээ “ойрын ирээдүйд Ирантай яриа хэлэлцээ хийх боломж өргөн байгаа тул тус улсад довтлох эсэх шийдвэрээ би ойрын хоёр долоо хоногийн дотор гаргах болно” хэмээн Трампын хэлсэн үгийг дамжуулан хүргэжээ.
Мөн тэрээр АНУ-Иран хоорондын харилцаа холбоо үргэлжилсэн хэвээрээ байгаа, Ирантай хэлэлцээ хийх “маш их” боломж бий гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэлсэн гэжээ. Түүнчлэн талууд ямар сүлжээгээр хэрхэн холбогдож байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээс татгалзаж, “ерөнхийлөгч хэлэлцээ хийх боломжийг огт алддаггүй хэдий ч тэрээр мөн хүч ашиглахаас хэзээ ч айж эмээж, буцдаггүй” гэжээ.
Цагаан ордон мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг амралтын өдрүүдээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Израил, Ираны хооронд өрнөж буй мөргөлдөөний талаарх тагнуулын мэдээллийг зогсолтгүй өдөр бүр хүлээн авах болно гэсэн хуваарийг гаргажээ.
Д.Трамп өдөр бүр “war room” буюу Цагаан ордны онцгой нөхцөл байдлын танхимд үндэсний аюулгүй байдлын албаны хүмүүстэй уулзаж, Израилын Ираны эсрэг явуулж буй үйл ажиллагаанд нэгдэх эсэх талаар бодолхийлж байгаа талаар Цагаан ордноос мэдэгджээ.
Харин Ираны гадаад хэргийн дэд сайд BBC агентлагт өгсөн ярилцлагадаа хэрвээ энэхүү зөрчилдөөнд АНУ оролцвол Ойрхи Дорнодын бүс нутаг “там” болон хувирах болно гэжээ. Пүрэв гарагт Израилын нутаг дэвсгэрт үзүүлсэн Ираны агаарын цохилтын улмаас 270 гаруй хүн шархадсан байна. Харин Иран улсын өнгөрсөн ням гарагаас хойш хохирлын тоо хэмжээг шинэчлэн зарлаагүй байгаа юм.
Ираны цохилтод Израилын Биршеба хот дахь эмнэлэг өртсөнтэй холбогдуулан Израилын батлан хамгаалахын сайд И.Катц “Ираны дээд удирдагч амьд явах эрхгүй” хэмээн нэлээн ширүүхэн мэдэгдлийг хийсэн байна. Харин Тегераны зүгээс тэрхүү эмнэлгийн ойролцоох цэргийн байгууламж руу пуужин харвасан гэж хариу мэдэгджээ.
Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяху пүрэв гарагт өгсөн ярилцлагадаа “Ираны уулархаг бүсэд газар доорх Фордов цөмийн байгууламж зэрэг Ираны цөмийн бүх байгууламжийг устгах чадал Израил улсад бий, Израилын арми Ираны пуужин харвах төхөөрөмжүүдийн талаас илүү хувийг устгасан, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иранд хийх агаарын цохилтод нэгдэхээр шийдсэн эсэхээс үл хамааран, Израилд Ираны цөмийн бүх байгууламжид зэрэг цохилт өгөх, бүх обьектыг устгах чадвар бий гэжээ. Мөн тэрээр Ираны эсрэг явуулж буй Израилын цэргийн ажиллагаа нь Ираны дэглэмийг өөрчлөхөд чиглээгүй, гэхдээ ийм үр дүнд хүрч болзошгүйг үгүйсгэхгүй, энэ ажиллагаа дуусах цаг нь болсон үед л дуусна гэжээ.

Энэ үеэр Америкийн The New York Times сонинд Иран улс удахгүй Д.Трампын хэлэлцээ хийх саналыг хүлээж авах тухай мэдээ нийтлэл гаргаж, үүндээ Ираны гадаад хэргийн яамны нэрээ нууцалсан албан тушаалтанг эш татсан байна. Тухайн албан тушаалтан Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчиг Израилтай гал зогсоох болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ явуулах саналыг хүлээж авах талаар тус сонинд ярьсан байна. Мөн Америкийн ABC News суваг хэрвээ Иран улс уран баяжуулах хөтөлбөрөөсөө татгалзсан тохиолдолд тус улсын төлөөлөгчидтэй АНУ-ын Ойрхи Дорнодыг хариуцсан тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф, эсвэл дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс өндөр дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээг ойрын үед явуулж магадгүй талаар мэдээлжээ.

Харин нөхцөл байдал хурцдаад байгаа Израил, Иран улсуудын нутаг дэвсгэрээс дэлхийн бусад улс орнууд өөрсдийн иргэдийг гарган авч, ЭСЯ-ны үйл ажиллагаагаа зогсоох арга хэмжээг аваад байна. Жишээ Чех, Шинэ Зеланд, Швейцарь, Австрали зэрэг улсууд хэдийнээ Тегеран дахь ЭСЯ-аа хаасан байна. Мөн Австрали улс Иранаас 1500, Израилаас 1220 иргэнээ, Хятад улс Иранаас 1600, Израилын нэлээн хэдэн зуун иргэнээ, Энэтхэг улс Иранаас 110 иргэнээ татан аваад байгаа бөгөөд Энэтхэгийн зүгээс Израилд байгаа 30 мянга орчим иргэнээ гаргаж авах төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Мөн Япон улс Израилд байгаа 1000, Иранд байгаа 280 иргэнээ нутагт нь буцаах төлөвлөгөөг болосвруулж байгаа гэнэ.