Иргэн Б-г бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд ирүүлжээ.
Б 2023 оны 4 дүгээр сарын 28-наас 8 дугаар сарын 3 хүртэлх хугацаанд нийт 37 хүнийг 39 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурчээ. Үүндээ цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж нийт 4.272.500 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2025.03.20-нд хянан хэлэлцээд, Б-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай гэж үзэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, 3 буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой, хэвшмэл байдалд ашигласан байхыг ойлгоно.
Б амар хялбар аргаар мөнгө олох, өөрт учирсан санхүүгийн асуудлаа шийдэх зорилгоор бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авчээ. Үүнийгээ ганц удаа хийгээд зогссонгүй. Олон удаа үргэлжлүүлэн, амьжиргааныхаа, эдийн засгийн эх үүсвэр болгожээ. Тэрээр хуурамч цахим хаяг нээж, фэйсбүүкт “Борц хийнэ. Эсгий гутал, сүлжмэл гутал хийнэ. Биеийн тамирын хувцас, даашинз, майхан зарна” гэх утга агуулга бүхий хуурамч зар тавьж, бусдын хийж, зарж байгаа эд зүйлийг өөрөө хийж, зарж байгаа мэтээр ойлгуулан, хөдөө орон нутгийн чиглэлийн автобус, тээврийн хэрэгсэлд захиалсан барааг өгч байгаа мэтээр гэрэл зураг авч хохирогч нарт үзүүлдэг аж. Тэрийг нь хүмүүс хараад, захиалсан барааныхаа мөнгийг шилжүүлдэг юм байна. Өөрийнхээ нэр дээрх банкны дансаар төлбөр хүлээж авсан баримтаар үүнийг тогтоожээ.
Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарт 4.272.500 төгрөг төлжээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо барагдуулсан, хувийн байдал зэргийг нь шүүх харгалзан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, түүнд 3 жил 5 сар хорих ял оногдууллаа.