Пүрэв гарагт Орос, Украин улсууд Истанбулын хэлэлцээний дагуу ахин хоригдол цэргүүдийг харилцан солилцсон байна.
Энэ талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский болон ОХУ-ын батлан хамгаалах яамны зүгээс албан ёсоор мэдээлжээ.
Талууд туг далбаагаа нөмөрч, нутагтаа эргэж ирсэн цэргүүдийн зургийг албан ёсоор нийтлэн мэдээлсэн ч хичнээн тооны олзны хоригдол цэрэг солилцсон болохыг тодорхой мэдээлээгүй байна.
Украины засгийн газраас энэ удаад “маш хүнд өвчтэй болон шархадсан” цэргүүдийг солилцсон гэжээ.
2022 оны хавар эхэлсэн дайны эхний саруудад Оросын талд олзлогдсон Украины ихэнх цэргүүд дистрофи, ходоодны шархлаа, харааны бэрхшээл, булчингийн тогтолцооны эмгэг, зүрх судасны гэх зэрэг маш хүнд өвчин тусч, биеийн байдал нь хүнд байсныг Украины талаас мэдээлсэн байна.

Туркийн Истанбул хотноо зохиогдсон хоёр удаагийн хэлэлцээний үр дүнд талууд 1000 гаруй олзны цэрэг болон 6000 гаруй цэргийн цогцос солилцохоор тохирсон юм.
Тэгвэл цогцос таних ажлыг зориудаар хүндрүүлсэн гэж Украины тал ОХУ-ыг буруутгасан байна. Украины дотоод хэргийн сайд Игорь Клименко пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Оросын талыг Украины цэргийн цогцсууд дотор Оросын цэргүүдийн цогцсыг хольсон байсан хэмээн Москваг буруутгажээ. Тэр ч бүү хэл Орос цэргийн хувцастай, Орос пасспорт, цэргийн үнэмлэхтэй цэргийн цогцос байсныг онцолж, тухайн цэргийн нэрийг ил болгосон байна.
Эргэн сануулахад хоёр талын хоорондох энхийн яриа хэлэлцээний үеэр ямар ч болзолгүйгээр гал зогсоох тухай Украины уриалгыг Москва няцааж, оронд нь Киевийг энх тайвны угтвар нөхцөл болгож нэмэлт газар нутгаа өгч, барууны цэргийн дэмжлэгээс татгалзахыг шаардсэн билээ.