Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хотоороо хөлдөхгүйн тулд халаасаа тэмтрэхээс өөр сонголт байна уу?
- 2025/06/23

- 21 цаг 31 минутын өмнө

- 3 мин уншина

Нийслэлчүүд ирэх өвөл хөлдөж мэдэх эрсдэл ойрхон тулаад байна. Монголчуудыг нийтээрээ улстөржиж байх зуур ДЦС-3 дээр гарсан осол 1 хүний алтан амийг халаалтын турбинтай хамт аваад одлоо. Шинэхэн Засгийн газар эрчим хүчний салбарт үүсээд байгаа энэ эрсдэлийг шийдвэрлэхийн тулд салбарын хэмжээнд аваарын байдал зарлаж, “ДЦС 3”-т онц дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Мөн салбар хариуцсан сайдад 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үүрэг өгчээ. Шинээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч нь Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн Н.Тавинбэх.

Тэрээр санхүүжилт дээр төрөөс гар татахгүй бол өвөл хөлдөхгүй байх бололцоо бий гэж тайлбарлаж байна. Мөнгө ярихаас өөр арга үндсэндээ эрчим хүчний салбарынханд үлдээгүй биз. Улстөрчдийн дарамтаас болж цахилгаан, дулааны үнэ тарифыг олон жил барьж ирсний хар гайг монголчууд сүүлийн 2 жилийн хугацаанд мэдэрч байна. Тогийг хэсэгчлэн тасалдаг байсан бол ирэх өвөл халаалтгүй өвөлжиж мэдэх эрсдэлд тулаад байгаа юм.

Өвөлдөө 30-40 хэмийн хүйтэн жавар тачигнадаг Улаанбаатарт 1 л удаа халаалт тасалдаж, шугам сүлжээгээ хөлдөөчихвөл тэр шугам сүлжээ, дулааны байгууламж цаашлаад иргэн бүрийн амьдарч байгаа орон сууц бүхэлдээ үнэ цэнээ алдаж, хотоороо дүн өвлийн хүйтэнд орох орон, оочих аягагүй үлдэх аюул бодитой нүүрлэсэн гэсэн үг.

Энэ бүх эрсдэлийг тоочиход Ерөнхий сайдын нойр хүрэхгүй, эрчим хүчний салбарынхны хоолойгоор хоол давахгүй болчхоод байна. Харин монголчууд бид нийтээрээ сүх далайтал үхэр амар гэдэг шиг зуны халуунд нозоорохоос бусдыг үл анзаарсаар.

Монгол Улс сүүлийн 30 жил эрчим хүчний салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийлгүй, онцгой салбарыг намын хүмүүсээр дүүргэж ирлээ. Үүний уршгаар осол гарсан “ДЦС 3”-ын турбин генератор ахин засвар авах боломжгүйгээр эвдэрчихсэн. Одоо тоног төхөөрөмжийг шинээр сольж тавихаас өөр сонголт байхгүй. Шинийг худалдан авлаа ч гэсэн суурилуулж. хэвийн горимоор ажиллуултал багадаа 24 сар зарцуулна. Мэдээж 24 сар хүлээх бололцоо монголчуудад байхгүй. 100 хоногийн дараа сэрүүний урь орж, халаалтын улирал эхэлнэ. Тэр үед нийслэлийн төвийн бүсийн орон сууцны хорооллууд тэр чигтээ халаалтгүй болж, хөлдөх аюул нүүрлээд байна.

6-р сарын 2-нд ослоор эвдэрсэн 9-р турбин тог болоод дулаан хослуулан үйлдвэрлэхэд онцгой чухал техник байв. Тиймээс нийслэлээрээ хөлдөхгүйн тулд бусад эх үүсвэрээс дулаан үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэх асуудал яригдаж байгаа юм. Үүний тулд 16 тэрбум төгрөг дор хаяж зарцуулна. Харин дутагдах эрчим хүчийг Өвөрмонголоос импортолж, ирэх өвлийг аргалъя гэдэг санал гарч байна. Салбарын инженерүүдийн хэлж байгаа энэ гаргалгаанаас өөр гарц бидэнд байхгүй. Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 гаруй хувийг гадаадаас авч, үүнийхээ төлөө жил бүр 20 гаруй сая доллар төлдөг. Тэгэхээр ирэх жилүүдэд цахилгаан импортоор авах зардал өндөр хувиар нэмэгдэхээс гадна “ДЦС 3” ТӨХК-иа хэвийн горимоор ажиллуулах санхүүжилтийг шийдэхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй.

Мэдээж энэ бүх ачааллыг төр дангаараа үүрэх бололцоо байхгүй. Тиймээс ачааны тал нь ард иргэдийн нуруун дээр ирж таарна. Орон сууцаа халаалтгүй, мөсөн хонгил болгохгүйн тулд хэрэглэгч, эзэмшигч хөрөнгө оруулалт хийхээс өөр сонголт байхгүй боллоо.

“ДЦС 3” дээр гарсан ослын шалтгааныг судлах комисс дүгнэлтээ хараахан гаргаагүй байна. Харамсалтай нь энэ дүгнэлт хэрхэн гарахаас бидний нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. 30 жил эрчим хүчний салбараасаа нийтээрээ нүүрээ буруулж явсныхаа горыг эд хөрөнгөөрөө төлөхгүйн тулд дулааны төлбөрөө нэмэхээс өөр гарцгүй. Бэлэн байцгаая, монголчууд аа!

- Шинэ
- Хандалттай