horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нөхөн сонгуульд сонгогчдын 40 хувь нь саналаа өглөө

post-img

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт болж өндөрлөлөө. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт сонгогчдын 40 хувь нь саналаа өглөө. Увс аймгийн Баруунтуруун сумын сонгогчдын 69.1 хувь, Өмнөговь аймгийн Ноён суманд 63.5, Сүхбаатар аймгийн Халзан суманд 60.2 хувь нь саналаа өгчээ. Эдгээр суманд ирц хамгийн өндөр байлаа.  

Нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад Монгол Ардын Намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН-аас 3, Иргэний зориг ногоон намаас 2, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэг мандатад сонгогчдын санал тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар сумын сонгуулийн хорооны шийдвэрээр энэ сарын 28-ний өдөр нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон, тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймаг, сумын сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлнэ.

Сонгуулийн урьдчилсан дүнтэй https://m-election.mn/electionresult холбоосоор танилцах боломжтой.

0/1000