horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Халуун ус тасарсан үед ашиглах ус халаах төхөөрөмжүүд 90-550 мянган төгрөгийн үнэтэй байна

post-img

Дулааны шугам сүлжээний засварын ажил өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20-нд дуусах хуваарьтай байгаа юм. Халуун ус тасарсан энэ үед иргэд ус халаадаг төхөөрөмжүүдийг хэдэн төгрөгөөр, ямар сонголттойгоор авч болох талаар 100 айл төвөөс сурвалжиллаа.

———————————————————————————-

ЦАХИЛГААН ЗАРЦУУЛАЛТ ХАМГИЙН БАГА ГАРДАГ НЬ УС ХАЛААГЧ БОЙЛЕР ГЭЛЭЭ

Бид эхлээд 100 айл төвийн “Цалам худалдааны төв”-ийн нэгдүгээр давхарт байрлах дэлгүүр лүү орж ус халаах ямар төхөөрөмж байгаа талаар асууж, тодруулсан юм. Иргэд халуун ус тасарсан үед агшин зуур халаагч төхөөрөмж болон ус халаагч бойлерыг ашиглах боломжтой аж.

Энэ дэлгүүрийн хувьд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүдийг оруулж ирдэг гэв. Бойлерын хувьд 40-60 литрийн багтаамжтай сонголтууд байлаа. Үнийн хувьд 40л-320.000 төгрөг, 50л- 350.000 төгрөг, 60л260.000 төгрөг байлаа. Эдгээр бойлер нь зэс эргэлттэй учраас эдэлгээ сайтай, зэврэхгүй, элэгдэхгүй гэлээ. Төмрөөр хийгдсэн тоноглол нь ч чанартай ажээ. Эдгээр нь бүгд 2квт учраас цахилгааны үнэ бага гарна. Харин агшин зуур ус халаагчийн хувьд квтаасаа хамаараад цахилгаан зарцуулалт өөр байдаг гэв. Энэ дэлгүүрт агшин зуур ус халаагч 5.5квт-130.000, 7квт-200.000 төгрөгийн сонголттой байлаа. Гэрт нь 4-5 хүн амьдардаг бол 5.5 квт-ын хүчин чадалтай нь тохиромжтой аж. Тог цахилгааны асуудал байдаг бол шатах магадлалтай гэдгийг сануулж байлаа. Харин олон хүнтэй албан байгууллагад хэрэглэхээр бол 7квт-ын хүчин чадалтай нь тохиромжтой гэлээ. Эдгээр агшин зуур ус халаагчийн хувьд өөрт нь даралт тааруулагч нь дагалдаад ирдэг. Хэрэв танай гэрийн усны даралт хүчтэй байдаг хэрнээ даралт тааруулагчгүй ус халаагч хийвэл усаа халааж чадахгүй. Харин даралт тааруулагчийг хийвэл тааруулсан температурт нь ус халах аж.

Агшин зуур ус халаагч нь цахилгаан зарцуулалт их ч хэрэглэхэд ухаалаг, цаг хэмнэх аж

“Шинэ айл” худалдааны төвөөс мөн ус халаах төхөөрөмжүүд ямар үнэтэй байгаа талаар сурвалжиллаа. Агшин зуур ус халаагчийн үнийн хувьд 3квт-90.000-120.000 төгрөг, 5квт- 150.000 төгрөг, 6квт-250.000 төгрөг, 8квт-350.000 төгрөгийн үнэтэй байлаа. Ус халаана гэж цаг орохгүй учраас цагийг маш сайн хэмнэнэ гэдгийг ч худалдагч онцолж байсан юм.

Хүйтэн усаа холбоод, дэлгэц дээр нь усны одоо байгаа градус, халаах градус зэрэг мэдээлэл нь гарч ирэх учраас хэрэглэхэд илүү хялбар харагдав. Харин бойлерын хувьд 30л- 400.000, 40л- 420.000, 50л- 450.000, 80л-550.000 төгрөгийн үнэтэй байлаа. Өмнөх дэлгүүртэй адил үйлдвэрээс нь оруулж ирдэг учраас зэвэрдэггүй гэлээ. 1015 минутын хугацаанд усыг халааж, араас нь нөхөгдөөд халдаг байна. Харин агшин зуур халагч нь шууд халуун ус гардаг учраас цахилгаан зарцуулалт нь бойлертай харьцуулахад нэг дахин их байх аж.

Жил бүрийн өдийд халуун усны хэрэгцээгээ хангаж чадахгүй, хүйтэн усаа яаж халаах талаар мэдэхгүй байгаа айлууд агшин зуур ус халаагч болон бойлерыг сонгож хэрэглэвэл тохиромжтой юм байна. Үнийн хувьд хамгийн хямд нь 90.000 төгрөгөөс эхэлж байгаа учраас айлууд өөрсдийн санхүүгийн бололцоо болон хэрэглээндээ тохируулаад худалдан авалт хийх боломжтой. Мөн халуун усны асуудлаа “Atmor LLC”, “Ультрасоник ХХК” зэрэг дэлгүүрийн цахим хаягуудаар орж, ус халаах төхөөрөмжүүдээс сонголтоо хийх боломж байдаг аж.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000