horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Н.Оюундалай: Нийгмийн сэтгэл зүйг эрүүл байлгахын тулд иргэдээ мэдлэгжүүлэх хэрэгтэй байна

post-img

“Боловсрол сэтгэл судлалын академи”-ийн захирал, нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалайтай ярилцлаа.

———————————————————————-

-Нийгмийн сэтгэл зүйг эерэг, тогтвортой байлгахад юу хамгийн их нөлөөлдөг юм бол?

-Хамгийн гол зүйл нь төрийн тогтвортой байдал. Үүнийг хүн бүр л мэдэх байх. Төр тогтворгүй, үйл ажиллагаа нь иргэдэд ил тод биш, худал хуурмаг зүйл олон байгаа нь төрдөө итгэх иргэдийн итгэл алдагдаж байна. Энэ хамгийн гол асуудал. Тийм учраас нийгмийн сэтгэл судлаачдыг олноор бэлтгэж, олон нийтэд бодит мэдээ, мэдээллийг зөв таниулж, иргэдийн сэтгэл зүйн дархлааг сайжруулах ажлаас эхэлнэ. Нийгмийн сэтгэл зүйг эрүүл байлгахын тулд иргэдээ мэдлэгжүүлэх хэрэгтэй байна. “Мэдлэг бол хүч” гэдэг шүү дээ. Энэ ажлыг төрийн оролцоогүйгээр олон хүн сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Гэхдээ төрийн дэмжлэг туслалцаа их бий.

-Ингэхэд нийгмийн сэтгэл судлаач, бие хүний сэтгэл судлаачийн ялгаатай тал нь юу вэ?-

-Нийгмийн сэтгэл судлаач бол “Хүн ба нийгэм” гэсэн хоёр туйлын огтлолцлыг судалж, бодит нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, олон түмэнд түгээж байдаг мэргэжилтэн юм.

Нийгмийн сэтгэл судлаач нар хүмүүсийн сэтгэл зүй, зан үйл нь хэрхэн өөрчлөгдөж байна, түүнд юу нөлөөлж байгаа болон нийгмийн хууль тогтоомж, дүрэм журам, хандлага, нөлөөлөл хамтын ажиллагаа зэрэг олон зүйлийг судалдаг. Нийгмийн болон хувь хүний сэтгэл судлаач нар маш их ялгаатай. Тэд хийж буй судалгаа, ажиглалтын цар хүрээ, судалгааны арга зүй, засал техник зэрэг олон зүйлээрээ ялгаатай. Миний бодлоор нийгмийн сэтгэл судлаач хүн ба нийгмийн харилцааг бүлэг олон нийтийн түвшинд судалж, ажиллана. Харин хувь хүний сэтгэл судлаач хувь хүний дотоод ертөнц, тэдгээрийн асуудлыг судалж, сэтгэл заслын аргаар засал хийдэг гэж ойлгож байна.

-Өнөөдөр манай нийгэмд хамгийн түгээмэл тархаад байгаа сэтгэл зүйн асуудал юу байна вэ?

-Нийгэм маш их хямралтай байна. Яагаад гэвэл нийгэм хөгжих ёстой, нийгмээ дагаад хүн хөгжих ёстой. Энэ систем алдагдсан байна. Өнөөгийн нийгэмд болж байгаа юм алга гэж хэлэхэд хилсдэхгүй л байх. Нийгмээ хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл хүний хөгжил бүх талаараа маш том хавцалд унасан байгаа. Хүний хөгжил гэдэгт зөвхөн мэдлэг оюун ухаанаар хязгаарлагдахгүй шүү дээ. Хамгийн том асуудал бол бие бялдар, эрүүл мэнд. Энэ утгаараа манайд өвчлөл маш их байна. Хүн өвдөнө гэдэг нэг хүний асуудал биш, өрх гэр бүлийн асуудал, гэр бүлд хамгийн их хямрал авчирдаг. Тиймээс хүнээ эрүүлжүүлэхээс эхэлнэ. Эрүүл биед саруул ухаан гэж ярьдаг даа. Тэгэхээр эрүүл мэнд, боловсролын асуудал бол бидний тулгамдсан асуудлын нэг. Энэ бол нийгмийн хямралын гол шалтгаан. Үүнийг дагаад олон зүйлийг ярьж болно л доо. Дуусахгүй. Наад зах нь хүмүүс сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, архи, мансууруулах бодисын хамаарал, төрөл бүрийн донтолт, өөрийгөө үнэлэхгүй байх мэдрэмж, гэр бүлийн зөрчил гэх мэт их олон зүйл байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллага нийгмийн сэтгэл зүйг удирдах боломжтой юу?

-Хэвлэл мэдээлэл нийгмийн сэтгэл зүйг удирдана гэхээс илүү нөлөөлнө гэвэл зохих байх. Бид чинь чөлөөт нийгмийн иргэд шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйг удирдана гэвэл үүн шиг бүтэхгүй зүйл байхгүй. Иргэд чөлөөтэй сурч, сэтгэж, хөдөлмөрлөж, ажиллаж байж нийгэм хөгжинө. Тэрнээс хэн нэгэн сэтгүүлчийн бодлоор өөрчлөгддөг асуудал биш. Харин нөлөөлөл гэж ярих хэрэгтэй. Хамгийн түрүүнд сэтгүүлч нар нийгмийн сэтгэл судлаач болчихвол их зүгээр гэж санагддаг. Ийм санал ч бидэнд ирдэг. Мэдээ мэдээллийн эрх чөлөө гэж их ярьдаг ч энэ нь хэрээс хэтэрсэн, хоцрогдсон, хэнд ч хэрэггүй, заримдаа ой гутмаар зүйлүүд ч байдаг. Ер нь эрс өөрчлөлт, шинэчлэлт л их үгүйлэгддэг дээ.

-Тэгвэл урлаг соёл нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Урлаг соёлын асуудал нийгмийн сэтгэл зүйд маш өргөн агуулгаар нөлөөлнө. Урлаг соёл нь нийгмийн тогт вортой хөгжлийн үндэс болдог. Урлаг соёлын асуудал тухайн улс орон, ард иргэдийн хөгжлийн суурь, танин мэдэхүйн үндэс учраас нийгмийн сэтгэл зүйн төлөв байдал, үнэт зүйл, хандлага, зан үйлийг бүрдүүлэх чухал хүчин зүйл нь болно. Урлаг соёлоор дамжуулан эх орноороо бахархах, сайн сайхан зүйлд тэмүүлэх, эх орон, иргэд олноо хайрлах, үнэ цэнээ ухааран ойлгох зэрэгт иргэдийг уриалан өөрчлөлт хийх эрч хүчийг авна. Энэ утгаараа урлаг соёл нь иргэдийн сэтгэл санааг амар амгалан болгож, соёл түгээж байдаг бас сөрөг нөлөөлөл их газар авч ирлээ. Урлаг бол маш хүчтэй нийгэм сэтгэл зүйн хэрэгсэл.

-Хүмүүсийн стресс бухим дал зэрэг асуудал нийгмийг бухимдуулж байгаа гол хүчин зүйл болсон. тэгвэл үүнийг юунаас эхэлж өөрчлөх ёстой вэ?

-Ерөөсөө л иргэдээ хөгжүүл, тэднийг амьдруул, амьдрахын тулд хөдөлмөрлөх ёстой. Ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүл. Ажилгүй иргэд хэт олширсон учраас гаж үзэгдлүүд их гарч байна. Ихэнх гэмт хэргийг мэдлэггүй, ажилгүй, зорилгогүй, сэдэлгүй хүмүүс л хийж байгаа. Тэд нийгэмд айдсыг бий болгож, нийгмийг ихээр бухимдуулах бас нэг хүчин зүйл нь болсоор байна. Эцэст нь хэлэхэд, улс орон хөгжихийн үндэс нь мэдлэг юм шүү л гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000