BTS хамтлагийн гишүүн Suga Сөүлийн баруун хэсэгт байрлах Северанс эмнэлэгт зочилсон байна. Дуучны жинхэнэ нэрээр нэрлэгдсэн Мин Юн Ги төв нь Северанс эмнэлгийн Синчон салбар дахь Жэжун танхимын нэгдүгээр давхарт байрлах бөгөөд есдүгээр сард ашиглалтад орох юм. Тус төв нь аутизмтай залуу өвчтөнүүдэд хэл яриа, сэтгэл зүй, зан үйлийн тусламж үзүүлэхээс гадна эмнэлзүйн судалгаатай хамтран боловсруулсан эмчилгээ, төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж.

Северанс эмнэлгийн мэдээлснээр Suga аутизмтай хүүхэд, өсвөр насныхныг дэмжих, ялангуяа сэтгэлийн хямралаас урьдчилан сэргийлэхэд хөгжмөөр хэрхэн тусалж чадах талаар мэргэжилтнүүдээс маш олон удаа асуусан байна.
Мөн тэрээр энэ оны 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл амралтын өдрүүдээр хөгжмийн эмчилгээний хөтөлбөр боловсруулахад биечлэн оролцсон байна. Suga 11 дүгээр сард Северанс эмнэлгийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн профессор Чон Кын Ахтай хамтран ажиллаж эхэлжээ.Тэрээр 10 гаруй жилийн урт хугацааны эмчилгээний хөтөлбөрийг дэмжих зорилгоор уг хөрөнгийг хандивласан. Энэ нь тус эмнэлэгт нэг уран бүтээлчийн хандивласан хамгийн том хандив болж байна гэж Северанс мэдэгдэв.
Suga хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би профессор Чон Кын Ахтай хөтөлбөрөө бэлдэж, сайн дурын ажил хийж байхдаа хөгжим хэрхэн харилцаа холбоо, өөрийгөө илэрхийлэх зам болж болохыг олж мэдсэн. “Аутизмтай хүүхдүүдийг дэмжих аянд нэгдэх нь үнэхээр аз жаргал, завшаан байлаа. Би тэднийг нийгмийнхээ бүрэн эрхт гишүүн болоход нь туслахын төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.” гэж мэдэгдсэн байна.