horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улсын 1 дүгээр төв эмнэлэг цөмийн оношилгооны шинэ СПЕКТ/КТ аппараттай боллоо

post-img

Улсын 1 дүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн Цөмийн оношзүйн тасаг өнөөдөр 2 дахь СПЕКТ/КТ аппаратаа хүлээн авлаа. Цөмийн технологийг эмчилгээнд ашигласнаар эрхтний эмгэг, хавдрын голомтот эсийг нэгэн зэрэг оношлох, бодисын солилцоо оношлох боломж бүрдсэн юм.

2012-2013 онд тус эмнэлэгт ОУАЭА болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр анх 2 толгойт СПЭКТ/КТ дижитал гамма камер суурилуулжээ. Үүний үр дүнд манай улсын хавдар өвчний оношилгоо, эмчилгээний түвшин нэг шатаар дээшилж, эмгэг процессыг эсийн болон молекулын түвшинд оношилдог болжээ. Мөн нэг удаагийн шинжилгээгээр авах боломжгүй бүтцийн болон үйл ажиллагааны мэдээллийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээс гарган авах боломж бүрдсэн байна. Оношилгооны зөрүү гарах эрсдэл багасан, оношилгоо, эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх боломжтой болжээ.

1 дүгээр эмнэлэгт шинээр хийх эмчилгээ, оношилгоо:

  1. Хорт хавдрын ясны үсэрхийллийг ялган оношлох, СПЭКТ хийж 3 тэнхлэгээр зүслэг хийх аргачлал
  2. Зүрхний цусан хангамжийн болон Gated буюу зүрхний миокардийн булчингийн хөдөлгөөнийг үнэлэх үйл ажиллагааны шинжилгээг нэг дор хийж, үнэлгээ өгөх аргачлал
  3. Бамбайн сцинтиграфи буюу зураг авалтын шинжилгээг бамбайн үйл ажиллагаа буюу шингээлтийг шинжилгээтэй хамт хийх аргачлал.
  4. Хордлогот болон зангилаат бахуутай өвчтөний Иод-131-ын эмчилгээний тунг тогтооход шаардлагатай бамбайн жин, үйл ажиллагааны шингээлтийн үзүүлэлтийг Мо-99/Tc-99м-ыг ашиглан тогтоох аргачлал
  5. Бамбайн зэргэлдээх булчирхайн хавдар илрүүлэх паратиреоид сцинтиграфийн аргачлал
  6. Бөөрний үйл ажиллагааны сцинтиграфийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж, зургийн чанар эрс сайжирсан төдийгүй зураг угаах гар ажиллагааг халж, энгийн принтерээр хэвлэх
  7. Радиоиммунологийн лабораторид хийгддэг даавар болон хавдрын маркерын шинжилгээнүүдийг Олон улсын Радиоиммунологийн шинжилгээний гадаад хяналтын программд оруулах аргачлалуудыг тус тус нэвтрүүлсэн байна. 

Цөмийн анагаах ухаан нь хүний бие махбодын хэвийн болон эмгэг үйл явцыг цацраг идэвхт изотопын тусламжтайгаар оношлох, эмчлэх аргыг хөгжүүлсэн шинжлэх ухааны залуу салбар юм. 

УНТЭ-д анх 1975 оны 3 дугаар сарын 31-нд Эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар тухайн үеийн Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд Цөмийн онош зүйн лаборатори байгуулж, Монгол Улсын анагаах ухааны салбарт цөмийн технологи нэвтрүүлжээ.

0/1000