Их, дээд сургуульд элсүүлэх шалгалттай холбоотойгоор багш, сурагч, эцэг эхчүүд маргаан үүсгээд байна. Үүнд Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Боловсролын үнэлгээний төв бол элсэлтийн шалгалттай холбоотой асуудлыг хариуцдаг мэргэжлийн байгууллага. БҮТ элсэлтийн шалгалтын хүрээнд боловсруулсан бүх материалаа ил тавьсан байгаа. Үүнийг та бүхэн харж болно. Жил бүрийн элсэлтийн шалгалтын дараа ямар нэгэн байдлаар асуудал үүсдэг. Энэ жилийн тухайд нэлээдгүй асуудал үүслээ. Учир нь энэ жил маш олон буюу 41 мянган шалгуулагч элсэлтийн шалгалт өгсөн. Шүүмжлэл дагуулаад байгаа шалгалтын асуултуудыг би тулгаж харсан. Тухайлбал: Хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой, тэтгэврийн талаар боловсруулсан асуулт тухайн хичээлийн сурах бичгийн 69 дүгээр хуудсанд байна.
БҮТ 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Энэ байгууллага өөрөө энэ ажлыг гардаж хийгээд бүх тайлбараа өгчихсөн байна.
БҮТ-ийн даргаар өмнө нь маш туршлагатай хүн ажиллаж байсан. Энэ хүн маань өөрөө “Би энэ байгууллагадаа олон жил ажиллалаа. Надад хувийн шалтгаан байгаа” гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Боловсролын яаманд хүргүүлсэн. Нэмж дурдахад БҮТ бол төрийн захиргааны байгууллага биш. Тийм учраас БҮТ-ийн даргын орон тоонд төрийн албан хаагчид тавьдаг шаардлагыг тавьдаггүй. Гэхдээ ажлын байранд тавьдаг шаардлага гэж байгаа. Г.Гантуяа даргын хувьд үүнийгээ хангачихсан хүн. Тухайлбал: “Мобиком” компанид олон жил ажилласан туршлагатай. Мөн мэдээллийн технологиор мэргэжил эзэмшсэн. БҮТ-ийн гүйцэтгэх албан тушаалтнууд бүгд боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс. Тухайн хүмүүс мэргэжлийнхээ дагуу ажлаа хийгээд явж байна.
Элсэлтийн шалгалтад хэрэглэдэг харандаа, баллууртай холбоотой асуудлыг тодруулсан. Жил бүрийн стандартын дагуу худалдан авсан байна лээ. Түүнчлэн шаардлага хангаагүй тохиолдолд шинээр сольж өгөхөөр нөөцөлсөн байсан.
Гар утас авч орсон гэх 7 тохиолдол гарсан талаар мэдээлэл ирсэн. Эдгээрийг тухай бүрт илрүүлж, шалгуулагчийн оноог тэглэх арга хэмжээ авсан.
Энэ жилийн элсэлтийн шалгалт бямба гарагт дууссан. Үүнээс хойш дүрмийн дагуу өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа. Мөн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.