Элсэлтийн шалгалттай холбоотойгоор нийгэмд гарч буй асуудалтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төв өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа:
-Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй.
Элсэлтийн шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон. Эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан. Орон нутгийн шалгуулагч 18.334, нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн. 3000 багш улс даяар хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн элсэлтийн шалгалтын даалгаврыг боловсруулдаг.
Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг. Хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн цөөн шалгуулагчтай хичээл орос хэл байлаа. Улаанбаатар хотод хамгийн их шалгуулагчтай дүүрэг Баянзүрх байсан бол хамгийн цөөн шалгуулагчтай нь Налайх, Багахангай дүүрэг байлаа. Орон нутагт хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл. Энд 1701 хүүхэд шалгалт өгсөн. Хамгийн цөөн шалгуулагчтай нь Говьсүмбэр. Энд 213 хүүхэд шалгалт өгсөн.
Элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд 50 шалгалтын байрны 3500 зааланд зохион байгуулсан. Шалгуулагчийн тоо давхардсан байдлаар 133.390 байсан. Аймаг болгонд нэг нэг шалгалтын төв ажилласан боловч шалгуулагчийн тооноос хамааран Хөвсгөл, Дорноговь аймагт тус бүр хоёр шалгалтын төв ажилласан байна. Дүүрэг тус бүрд 3-5 шалгалтын төв ажилласан.
Шалгалт авахдаа багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянагч багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад нийт 2966 хүн ажилласан. Шалгалтын төв бүхэн сахилга бат, дэг журам сахиулах үүднээс нэг цагдаа, эмч ажиллуулсан.
Энэ оны 6 дугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025.03.06-ны өдрөөс 2025.05.30-ны өдрийг дуустал хүлээн авч, 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлсэн. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг 2598 суралцагч онлайнаар илгээсэн. 1185 суралцагч SAT, 1012 суралцагч IELTS-ын шалгалтын дүн оноогоо дүйцүүлжээ.
Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч 1 байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна.
БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц:
-Элсэлтийн шалгалт дуусаж байна. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулсны дараа “Даалгавар хүнд байлаа. Бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй” гэх гомдлыг зарим сурагч, багш нар гаргасан. Элсэлтийн шалгалт бол хүүхдүүдийг уралдуулж, жагсааж, эрэмбэлэх зорилготой. Шалгалт бол тодорхой зорилгоос хамаарч, янз бүр байдаг. Авч байгаа арга хэрэгсэл нь ялгаатай. Уралдаант шалгалт тухайн хүүхдийг ур чадвар, мэдлэгээр нь жагсааж, эрэмбэлдэг. Тухайн хүүхэд өөрийгөө хамгийн сайн гэдгээ харуулж, хүссэн мэргэжлээ сонгон суралцах боломжтой.
Сургалтын үндэсний хөтөлбөр дээр суурилж, сэдэв даалгавраа боловсруулдаг. Боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу авдаг. Ингэхдээ нэг хичээл дээр 3 хүн ажиллаж, 2 хүн нь сэдэв даалгавраа боловсруулж, 1 нь хөндлөнгийн хянагчаар ажилладаг.
Суралцахуйн зорилтдоо хүрсэн эсэхийг хэрхэн үнэлж, яаж хэмжээсжүүлэх юм бэ гэдэгт шалгалтын агуулга төвлөрдөг. Элсэлтийн шалгалтын агуулга хүнд байна гэдгийн хэмжүүр нь өмнөх жилийн онооноос хэт доошоо унах асуудал. Үр дүнг харахад, ойролцоо утга харуулж байгаа. Манай элсэлтийн шалгалтын сэдэв, даалгавар стандарчилсан, сэдвийн тохирцыг хангасан. Элсэлтийн шалгалтын сэдэв, агуулга, блюпринт буюу үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөнөөс зөрсөн, түүнээс хүндэдсэн зүйл байхгүй. Ийм асуудал байвал өргөдөл гаргах боломжтой.
Мөн агуулга зөрсөн тохиолдолд хүнд болох зүйл ажиглагддаг. Үүнийг ямар аргаар шийддэг вэ гэхээр блюпринт гэдэг зүйл гаргадаг. Блюпринт бол үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөг багш нартаа 4 сарын өмнө мэдэгдэж, энэ хичээлийн шалгалтын материалыг ямар агуулгын хүрээнд болоювсруулах вэ, энэ шалгалтын даалгаварт 6-12 дугаар ангийн агуулга орж байгаа. Энэ бүх агуулгыг 1 шалгалтад бүгдийг нь оруулж чадахгүй. Тиймээс хамгийн чухал агуулгыг сонгож, блюпринт боловсруулдаг. Хураангуй блюпринтийг нээлттэй тавьдаг. Дэлгэрэнгүй блюпринтийг яг тэр сэдэв, даалгаврыг боловсруулаад, цагдаагийн хяналтад ороод, нийгмээс тусгаарласан үед өгдөг. Энэ блюпринт дээр ямар хугацаанд, хэдэн онооны, хэдэн даалгавар, ямар төрлийн даалгавар орох нь дэлгэрэнгүй тавина.
Ямар хугацаанд, хэдэн онооны, ямар төрлийн даалгавар орох вэ гэдгийг дэлгэрэнгүй тавина. Жишээлбэл: Математикийн хичээл дээр 40 даалгавраас 36 нь сонгох даалгавар байна. 78 оноотой, задгай 4 даалгавар нь 28 оноотой. Ямар бүлэг сэдвээр хэр хүнд даалгавар байх нь тодорхой тавьдаг. Танин мэдэхүйн зургаан түвшин дээр хүндрэлийн түвшнээ тохируулдаг. Элсэлтийн шалгалтын даалгаврыг тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутгуудад хүргүүлдэг. Тиймээс даалгавар задрах ямар ч боломжгүй.
Уралдаант шалгалт бол хөнгөнөөс хүнд түвшний бүх даалгаврыг оруулах ёстой байдаг. Хэт хөнгөн даалгавар орвол бүх хүүхэд өндөр оноо авч, эрэмбэлж чадахаа больдог. Хэт хүнд даалгавар орвол бас эрэмбэлэхэд хэцүү болдог. Энгийнээс ахисан, дундаж, хүнд түвшний даалгавар орох шаардлагатай. Сурах бичиг, сургалтын хөтөлбөрт энэ агуулга яаж орсон бэ гэдгийг хараад, боловсруулагчид даалгаврын дэлгэрэнгүйг гаргадаг.
Ер нь манайх нээлттэй даалгаврын сан бий болгоно. Энэ жил ийм даалгавар ирнэ шүү гээд. Сая математик дээр хийсэн. 1000 бодлогын 40-ийг нь сонгож, 4 хувилбараар элсэлтийн шалгалтын даалгаварт оруулсан.
Физикийн 1 даалгавар дээр кило/жоул гэдэг үгний кило гэдэг үг байхгүй тохиолдол гарсан.