horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн үйл явдлын эргэн тойронд…

post-img

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Цагаан ордноос АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Ираны эсрэг цохилт өгөх эсэх шийдвэрээ хоёр долоо хоногийн дотор багтааж гаргана хэмээн мэдэгдэж байсан ч тэрээр маш богино хугацаанд шийдэлд хүрч, өнгөрсөн бямба гарагт Ираны цөмийн хөтөлбөрийн гол гурван байршилд агаараас цохилт өгсөн талаараа Д.Трамп зарлан мэдэгдсэн юм.

Тэрээр мэдэгдэлдээ Ираны Фордо, Натанз, Ишфахан гэсэн гурван байршил дахь цөмийн байгууламжуудад амжилттай цохилт өгсөн, тэр дотроо уулан дунд, газар доор 80 метрийн гүнд байрладаг уран баяжуулах байгууламжид “Бункер Бастер” хэмээх маш хүчтэй бөмбөгөөр цохилт үзүүлснээ хэлж, Ираны цөмийн гол цэгүүдийг “бүрэн, бүрмөсөн устгасан” гээд Иран улсыг хариу довтолгооноос сэрэмжлүүлж, АНУ илүү олон байд “өндөр нарийвчлал, хурд, ур чадвараар” цохилт үзүүлж чадна гэж мэдэгдсэн. Мөн тэрээр “Иранд нэг бол энх тайван, үгүй бол эмгэнэлт үйл явдал тохиох болно” хэмээн Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ дурьджээ.

Д.Трамп мөн дараа нь нийгмийн сүлжээнд оруулсан нийтлэлдээ “Энэ бол АНУ, Израил, Дэлхийн хувьд түүхэн мөч. Иран улс одоо энэ дайныг дуусгахыг зөвшөөрөх ёстой. Баярлалаа” хэмээн бичсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын зэвсэгт хүчин Ираны цөмийн гурван байршилд B-2 бөмбөгдөгч онгоцоор агаараас цохилт үзүүлсэн бөгөөд газрын гүнд цохилт өгөх хүчин чадалтай, 13500 кг жинтэй “Бункер Бастер” буюу GBU-57B загварын бөмбөгөөр Фордо дахь газрын гүний уран баяжуулах байгууламжид амжилттай цохилт үзүүлсэн байна. 

Иранд үзүүлсэн цохилтын талаар ням гарагт Пентагон мөн дэлгэрэнгүй мэдэгдэл хийсэн. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Пит Хэгсетт нийслэл Вашингтон хотноо хийсэн мэдэгдэлдээ “Гайхалтай амжилттай цохилт байлаа. Манай улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бидэнд өгсөн тушаал оновчтой, хүчтэй, тодорхой байсан. Бид Ираны цөмийн хөтөлбөрийг үгүй хийлээ” гэсэн юм. Мөн тэрээр уг цохилт нь Ираны цэргүүд болон энгийн иргэдийг онилоогүй. Энэхүү цохилт Ираны дэглэмийг өөрчлөх зорилгогүй байсныг нэмж хэлсэн байна.

Харин Ираны цөмийн байршлуудад үзүүлсэн цохилтын талаар АНУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Дэн Кайн мэдээлэл өгсөн бөгөөд тэрээр Америкийн цагаар бямба гаргийн 18:40 буюу Ираны цагаар ням гаргийн шөнийн 02:10 цагт Фордог бөмбөгдөж эхэлснийг танилцуулж, нийт 14 ширхэг “Бункер Бастер” бөмбөгөөр цохилт өгсөн бол Ишфахан, Натанз дахь байршилд 640 км-ийн зайнаас шумбагч онгоцноос харвасан 30 ширхэг “Томагавк” пуужингаар цохилт үзүүлсэн гэжээ.

Иранд ийнхүү АНУ цохилт үзүүлснээрээ Ойрхи Дорнодын бүс нутаг дахь шинэ дайнд шууд хөл тавин ороод байна. Уг дайныг анх Израил улс эхлүүлсэн бөгөөд шалтгаанаа тайлбарлахдаа Иран улсыг цөмийн зэвсэгтэй болоход тун ойртсон учраас Ираны цөмийн судалгааны байгууламжууд, эрдэмтэд болон баллистик пуужингийн агуулах зэрэг байршилд цохилт үзүүлж эхэлснээ мэдэгдсэн билээ.

Иран улсын Цөмийн эрчим хүчний байгууллага тус улсын Фордо, Ишфахан, Натанз дахь цөмийн байгууламжууд цохилтод өртсөн болохыг баталсан боловч цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагаагаа зогсоохгүй үргэлжлүүлэн явуулах талаар мэдэгдсэн. Түүнчлэн Иран улс Америкийн агаарын цохилтод өртсөн байгууламжуудад “цацраг идэвхит бодис алдагдсан” шинж тэмдэг ажиглагдаагүй хэмээн ням гарагт мэдэгдсэн байна. Тус улсын Үндэсний цөмийн аюулгүй байдлын системийн төвөөс Америкийн цохилтын дараагаар явуулсан шалгалтаар цацраг идэвхит бодис илрээгүй, тухайн газруудын ойр орчимд амьдардаг оршин суугчдын хувьд ямар ч аюул байхгүй тухай мэдэгдэл гаргасныг Ираны төрийн төв телевиз мэдээлжээ.

Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси цохилтод өртсөн Ираны Фордо дахь цөмийн байгууламжид очиж, нөхцөл байдалтай танилцах ямар ч боломжгүй байгааг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай уулзалт хуралдааны үеэр мэдэгдсэн бөгөөд Ираны цөмийн байгууламжуудаас цацраг идэвхит бодис ялгарч, алдагдаж магадгүй тухай нэмж хэлсэн. Гэхдээ ОУАЭА-аас 6-р сарын 22-нд мэдэгдэл гаргаж, Ираны цөмийн 3 байгууламж халдлагад өртсөн ч гадаад орчинд цацрагийн түвшин нэмэгдсэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг нотолсон байна.

АНУ-ын Иранд үзүүлсэн цохилтын дараа Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху дүрстэй мэдэгдэл хийж, түүндээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрийг бахдан биширч байгаагаа онцлов. “Ираны цөмийн байгууламжуудыг онилж, цохилт үзүүлсэн таны хурц, тод шийдвэр түүхийг өөрчлөх болно. Дэлхийн өөр ямар ч улс орны хийж чадаагүй зүйлийг АНУ хийлээ” хэмээн бялдуучилсан үг хэллэг, утга агуулгатай мэдэгдлийг тэрээр хийсэн.

Тэгвэл Тегеран ням гарагт Америкийн цохилттой холбогдуулан мэдэгдэл хийсэн. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа “Ираны цөмийн байгууламжид Америкийн халдсан үйлдэл нь түрэмгийллийн ажиллагаа. Иран үүнд хариу өгөх болно” гэжээ. Тэрээр “Иран хэзээ ч дайн өдөөгөөгүй. Гэхдээ түрэмгийлэлтэй тулгарах үед өөрийгөө эрс хамгаална” гээд, “Иран улс олон улсын дүрэм журмын хүрээнд яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлсээр ирсэн ч дээрэлхэх бодлогод хэзээ ч бууж өгөхгүй. Түрэмгийлэлд зохих ёсоор хариу арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг юм” гэж онцолжээ. Ираны Ерөнхийлөгч мөн энх тайван, тогтвортой байдал бол үндэсний хөгжлийн тулгын чулуу учраас Иран хэзээ ч дайн, мөн цөмийн зэвсгийг эрэлхийлж байгаагүй гэжээ.

Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменейн зөвлөх Али Шамхани Х хуудсандаа “Ираны цөмийн байгууламжууд устлаа ч гэсэн тоглоом дуусаагүй. Баяжуулсан материалууд, цөмийн судалгааны мэдлэгүүд, улс төр устаж алга бололгүй хэвээрээ оршсоор байх болно” гэжээ. Ираны дээд удирдагчийн өөр нэг зөвлөх болох Али Акбар Велаяти “Америкийн цохилтын хариуд тус улсын цэргийн баазаа болгон ашигладаг Ойрхи Дорнодын бүс нутаг дахь байршлуудад хариу цохилт үзүүлэх болно” хэмээн мэдэгджээ.

Ням гарагт Ираны нийслэл Тегеран хотын төв гудамж талбайд иргэд олноороо цугларан, АНУ болон Израилын халдлага довтолгоог эсэргүүцэн жагссан байна.

Ираны зүгээс томоохон мэдэгдлийг тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хийлээ. Тэрээр ням гарагт Туркийн Истанбул хотноо хийсэн мэдэгдэлдээ “АНУ болон Израил манай улсын цөмийн байршлуудад цохилт өгөхдөө дипломат арга барилаа мөн “дэлбэлж үгүй хийхээр шийдсэн” гээд, олон улсын зүгээс эдгээр улсад хариуцлага хүлээлгэхийг уриалж, Тегеран “өөрийн сонгосон цаг болон байршилд” хариу үйлдэл үзүүлэх болно хэмээн амлалаа. Тэрээр АНУ-ын уг халдлага нь НҮБ-ын дүрэм болон олон улсын эрхзүйн үндсэн зарчмуудыг зөрчсөнөөс гадна Израилын “геноцидын дэглэм”-тэй уялдуулан хийсэн цохилт хэмээн тодорхойлжээ. Аббас Арагчи “Энэ бол НҮБ-ын гишүүн улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдалд шууд халдсан явдал бөгөөд АНУ энэхүү дайсагнасан, хууль бус үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн хариуцах болно. Иран улс өөрийн ард түмэн, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэжээ. Тэрээр Иран улс 20 гаруй жилийн турш өөрийн цөмийн хөтөлбөрийг энх тайвны зорилготой гэдгийг Дэлхий нийтэд харуулсан. АНУ дипломат хүчин чармайлтад саад учруулж, Ираны энх тайвны цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын эрхийг зөрчиж байна” хэмээн буруутгасан байна.

Ираны Гадаад хэргийн сайд мөн ОУАЭА-ийг энэхүү асуудлаар яаралтай хуралдуулж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг АНУ-ын цохилтыг буруушаасан тогтоол гаргахыг уриалж, олон улсын хамтын нийгэмлэгийг уг асуудал дээр чимээгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Иран улсад өөрийгөө хамгаалах хууль эрхзүйн болон ёс суртахууны эрх нь байгаа бөгөөд Иран хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ олон нийтэд мэдээлэхгүй гэжээ. А.Арагчи “Иран улс ОХУ-тай нягт хамтран ажиллаж байгаа. Орос улс АНУ-ын оролцоог буруушааж байна. Бид Москватай хүчтэй түншлэлийн харилцаатай” гээд, мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр “Иран дарамт шахалт, үндэслэлгүй халдлагыг эсэргүүцсээр байх болно. Манай ард түмэн өөрсдөд нь шударга бус явдал тохиолдож байгааг ойлгож байгаа. Бид тууштай зогсох болно. Бид хэзээ ч дийлдэхгүй” гэжээ.

АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн явдлыг олон улсын хамтын нийгэмлэг буруушаагаад байна. Олон улсын хамтын нийгэмлэг ням гарагт АНУ-ыг “НҮБ-ын дүрэм” болон олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн, мөн Ойрхи Дорнод болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн зэмлэн буруушаасан бөгөөд тэвчээртэй байж, яриа хэлцэл, дипломат арга замаар мөргөлдөөнийг зохицуулахыг холбогдох талуудад хандан уриаллаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш мөн нийгмийн сүлжээнд, “Ираны эсрэг АНУ хүч хэрэглэсэн нь аюулын ирмэг дээр байсан бүс нутгийн нөхцөлийг аюултай хурцадмал байдалд хүргэж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд шууд заналхийлж байна” хэмээн нийтэлжээ.

Дээр нь БНХАУ болон ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр үг хэлж, Иран болон Олон улсын атомын энергийн агентлагийн хамгаалалтад байгаа цөмийн байгууламжид халдсан АНУ-ын үйлдлийг хатуу зэмлэн буруушаав. Мөн Хятад, Орос, Пакистан улс нэн даруй, ямар ч болзолгүйгээр гал зогсоохыг уриалсан тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд уг тогтоолын төслийн санал хураалт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна. Мэдээж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох АНУ дээрх тогтоолын төсөлд хориг тавих нь тодорхой.

Иран тэгвэл АНУ-ын цохилтын хариуд Израилын Тел Авив хот, тус хотын ойролцоох Бен Гурионы нисэх онгоцны буудлыг онилон пуужин харвасан бөгөөд ням гаргийн Ираны довтолгоонд 23 хүн бэртэж гэмтсэн талаар Израилын эрх баригчид мэдэгдээд байна.

Израилаас анх Иранд агаарын цохилт үзүүлж эхэлснээс хойш 400 гаруй хүн амь үрэгдээд байгаа талаар Ираны Эрүүл мэндийн яам мэдэгдээд байгаа бол Вашингтон хотноо төвтэй “Human Rights Activists” байгууллага Иранд хамгийн багадаа 865 хүн амь үрэгдэж, 3396 хүн шархдаад байгаа талаар ням гарагт мэдэгджээ. Харин Ираны цохилтын улмаас Израилд 24 хүн амь үрэгдээд байгаа талаар тус улс мэдээлээд байна.

Ойрхи Дорнодод үүсээд буй хурцадмал байдлыг намжаах үүднээс яриа хэлцлийг зуучилж байсан бүс нутгийн АНЭУ, Катар, Оман улс АНУ-ын цохилтыг буруушааж, хурцадмал байдлаа намжаахыг уриалж байна. Европын Франц, Герман, Их Британи улс мөн Ойрхи Дорнодын бүс нутагт “ямар ч хяналтгүй хурцадмал байдал” газар авч болзошгүй гэдгийг анхааруулж, бүс нутгийн тогтворгүй байдлыг алдагдуулж болзошгүй аливаа хариу арга хэмжээ авахгүй байхыг Тегеран уриалжээ. Ромын пап XIV Лео мөн л гал зогсоохын тулд олон улсын дипломат яриа хэлэлцээ явуулахыг ням гарагт уриалсан байна.

Өдгөө 3 оролцогчтой болоод буй энэхүү дайн илүү өргөн хүрээг хамарсан томоохон дайн болж ч магадгүй талаар зарим хэвлэл, ажиглагчид бичиж байна. Ираны дэмжлэгтэй Йеменийн Хути босогчдын бүлэглэл Трампын засаг захиргаа Израилыг дэмжсэн тохиолдолд Улаан тэнгис дэх АНУ-ын усан онгоцууд руу халдан довтлох явдлаа эргэн сэргээх болно хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм. Тус бүлэглэл АНУ-тай тохиролцсоны дагуу өнгөрсөн 5-р сараас эхлэн Улаан тэнгис дэх халдлагаа түр зогсоогоод байсан билээ. Д.Трампыг хэдийгээр Иран руу довтлох эсэх шийдвэрээ хоёр долоо хоногийн дотор гаргана гэж Цагаан ордон мэдэгдсэн ч тус мэдэгдлээс хоёрхон хоногийн дараа тэрээр Ираны цөмийн байгууламжуудад цохилт үзүүлсэн. Трамп Израилын эхлүүлж, “хөрсийг нь бэлдэж өгсөн” хосгүй боломжийг цаг алдалгүй ашиглаж, Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоохоор тооцсон бололтой. Мөн цохилтынхоо өмнө Ираны дээд удирдагчийг хаана нуугдаж байгааг мэдэж байгаа ч “одоохондоо түүнийг хөнөөхгүй” гээд ямар ч болзолгүйгээр бууж өгөхийг санал болгож байсан Трампын хувьд энэхүү цохилтоороо Тегеранд яриа хэлэлцээ явуулах хоёр дахь боломжийг олгож байж ч болзошгүй хэмээн зарим ажиглагч үзэж байна.

Эргэн сануулахад, АНУ болон Дэлхийн бусад гүрэн Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо цуцалж, хариуд нь Тегераны уран баяжуулахыг хязгаарласан урт хугацааны иж бүрэн цөмийн гэрээг 2015 онд буюу АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн засаглалын үед байгуулсан ч 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп тус гэрээг “хамгийн муу гэрээ” хэмээн тодорхойлж, 2018 онд АНУ-ыг тус гэрээнээс гаргасан билээ. 

0/1000