Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Ц.Бат-Оюунтай ярилцлаа.

————————————————————————-
-Одоогийн байдлаар зарим нутгаар хэт их халж байна. Ер нь бороо хур орохгүй удах нь ган болохоос өөр ямар хор хөнөөлтэй байдаг юм бол?
-Энэ жилийн 6-8 дугаар саруудад дэлхийн ихэнх газар нутагт ялангуяа Монгол орныг хамруулан хойд хагаст агаарын температур олон жилийн дунджаас дээш байж халах төлөвтэй байна. Бороо орохгүй ган болох нь олон тооны сөрөг үр дагавартай. Тухайлбал, бэлчээр болон таримал ургамлын ургац буурч зарим тохиолдолд бүрмөсөн ургац алдаж хүнсний аюулгүй байдал өөрчлөгдөнө. Гол мөрөн ширгэж хатах, гүний усны түвшин доошлох, хэт халалтаас болж мөнх цас, мөсөн гол хайлах, цэвдэг алдрах, зудын эрсдэл нэмэгдэх гэх мэт аюул бий. Нөгөө талаас хэт халалтын улмаас усны эргэлт эрчимжиж хур тунадасны горимд өөрчлөлт орон аадар тунадас орж, үерийн эрсдэлийг дагуулна. Мөн хур тунадас орохгүй ган, хуурайшилт бий болсноор ой, хээрийн түймэр гарах эрсдэл ч нэмэгдсээр байдаг.
-Манай улсын бэлчээрийн даац, ургамлын гаралт ямар байна вэ. Ургамлын төрөл зүйл ховордож байна уу?
-УЦУОШГ-т ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн гурван хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтайн зарим нутгаар, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, 61 хувьд буюу Архангай, Говьсүмбэрийн нийт, Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар 36 хувьд буюу дунд байна.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хуурайшилтаас болоод малын тооны хэтрэл, бэлчээрийн хэт ачаалал, малчдын уламжлалт мал маллах арга технологи алдагдах, сүргийн бүтэц алдагдсан зэрэгтэй холбоотой бэлчээр нутаг доройтож бүтээмж буурах, ургамлын төрөл зүйл буурах зэрэг сөрөг үр дагавар илэрч байна.
Мөн цаг уурын байгууллагаас боловсруулан г аргасан цөлжилтийн үнэлгээгээр манай орны 70 орчим хувь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа. Ургамлын зүйлийн бүрэлдэхүүний хувьд малд идэмжтэй, шим тэжээлтэй ургамлууд багасаж, үүний эсрэгээр малд идэмжгүй доройтлыг илтгэгч ургамлууд түрэх байдал ажиглагдаж байна.
-Бороо орохгүй байх нь таримал ургамалд ямар нөлөөтэй байдаг вэ?
-Бороо орохгүй байснаар хэт хуурайшилт болж ургамлын бүтээмж гарц буурна. Ялангуяа эх газрын хуурай уур амьсгалтай бэлчээрт суурилсан мал аж ахуй болон усалгаагүй газар тариалан эрхэлдэг манай орны хувьд хур бороо нь ургамлын ургалт болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хязгаарлагч гол хүчин зүйл болдог.
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр малаас авах ашиг шим буурдаг уу?
-Хэт халалтаас болж малын бэлчээрлэх хугацаа саатаж, бэлчээрээс хангалттай шим тэжээлээ авч чадахгүй болно. Улмаар өвөлдөө зудад өртөмтгий, эмзэг болно гэсэн үг. Цаг уур орчны шинжилгээний газрын Мал аж ахуйн цаг уурын ажиглалтын мэдээгээр уур амьсгалын өөрчлөлт болон малын тооны өсөлттэй холбоотой мал бэлчээр тэжээлийн хомсдолд орж амьдын жин буурах, давжаарч буй нь ажиглагдаж байна.
-Бидний нэрлэж заншсанаар үүл буудаж, зориудаар бороо оруулах нь хуурайшилттай үед олон ач холбогдолтой байх?
-Үүлэнд зориудаар үйлчлэх нь ган, хуурайшилттай тэмцэх сайн арга боловч өртөг зардал ихтэй байдаг. Иймд зориудаар үйлчлэхийн өмнө тухайн газар нутгийн зуншлагын өнөөгийн байдал, цаашдын цаг агаарын урьдчилсан мэдээ, үүлэнд үйлчлэх тохиромжтой нөхцөл зэрэг олон хүчин зүйлсийг нарийн тооцох хэрэгтэй.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа