horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Д.Нацагдорж: Мэргэжлийн байгууллагын нийгэмд гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байна

post-img

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Д.Нацагдоржтой ярилцлаа.

——————————————————————————

-Тун удахгүй Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн ээлжит их хурал болох гэж байна. Энэ хурлаар удирдах зөвлөлийг сонгохоос гадна өнгөрсөн хугацаанд ажилласан багийн ажлыг хэлэлцэх байх. Танай багийн хийсэн гол ажлуудаас яриагаа эхэлье.

-Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш ММНБИ-ийн их хурал 4 жил тутамд хуралдаж хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын чиглэлээ тодорхойлж ирсэн.

2021 онд VII их хурлаар сонгогдсон удирдах зөвлөл 2021-2025 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөг нягтлан бодох бүртгэлийн олон улсын мэргэжлийн байгууллагууд болон Ази, Номхон далайн нягтлан бодогчдын холбооны хөгжлийн загварт үндэслэн үндэсний онцлогийг тусган боловсруулан баталж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж ирлээ.

ММНБИ нь мэргэжлийн дуу хоолой болох, үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, сургалт хөгжлийн уян хатан бүтэц, платформ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох зэрэг үндсэн зорилтуудын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан.

Дэлхий нийтэд хурдацтай хөгжиж буй технологийн дэвшил, хиймэл оюуны хөгжлийн нөлөөгөөр бизнесийн орчин тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, нягтлан бодох бүртгэлийн зарим үйл явц автоматчилагдаж байгаа ч мэргэжлийн зөвлөх үйлчилгээний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна.

Иймд бидэнд олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэх, энэхүү үйлчилгээг үзүүлэгчдийг бэлтгэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, нийтийн мөнгөний удирдлагад мэргэжлийн байгууллагын үүргийг гүйцэтгэх гэх мэт хийж хэрэгжүүлэх ажлууд олон байна.

Эдгээр зорилго зорилтын хүрээнд Институтийн Удирдах зөвлөлөөс Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан. Мөн тус дүрмийн мөрдөлт, гишүүдийн ёс зүйн, мэргэжлийн хариуцлагын асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулаад байна.

Өнөөдөр манай улсад төсвийн сахилга бат, зарцуулалт дахь олон нийтийн оролцоо, хяналт, ил тод байдал хангалтгүй байгаа нь олон улсын мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тайлангийн үр дүнгээс харагдаж байна. Энэ нь төр засагт итгэх олон нийтийн итгэлийг бууруулах, цаашлаад төсвийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхүйц эрсдлийг бий болгож байна. Иймд манай институт мэргэжлийн байгууллагын хувьд Улсын салбарын санхүүгийн удирдлагын хөтөлбөрийг шинээр боловсруулаад байна. Энэхүү хөтөлбөр нь нийтийн мөнгөний удирдлагын олон улсын туршлагыг агуулсан цогц хөтөлбөр юм.

Мөн гишүүд болон нягтлан бодогчдын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, мэргэжилтний ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилгоор онлайн сургалтын MonICPA academy платформыг үүсгэн байгуулж, сургалт шалгалтын системийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчиллээ. Мөн тогтмол хийж хэвшсэн ДНБХ болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын зөвлөлөөс батлан гаргадаг шинэчлэгдсэн НББОУС, АОУС-ууд болон тогтвортой хөгжлийн стандарт 1,2-ыг орчуулан нийтийн хүртээл болгосон.

-ММНБИ-ийн хувьд олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн холбоодын гишүүн. Иймээс гадаад хамтын ажиллагаа харьцангуй сайн байгууллага гэж хардаг. Гадаад хамтын ажиллагаа сайн байх нь нэг талаараа дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн илрэл гэж ойлгож болох байх. Энэ талаар та тодруулж ярина уу?

-Тийм ээ. Англи улсын Төрийн санхүү, Нягтлан Бодох Бүртгэлийн Итгэмжлэгдсэн институт буюу CIPFA-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монгол Улсын төрийн аудитын байгууллагын сургалт, хөгжлийн шинэ стратеги боловсруулах, дэмжлэг үзүүлэх төслийг хамтран хэрэгжүүллээ.

Мөн Ази, Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооны улсын төсөв, санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх мэргэжлийн хорооны ээлжит хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж, Улсын секторын санхүүгийн удирдлагын олон улсын туршлага хуваалцах хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Олон улсын АССА байгууллагатай мэргэжлийн хөгжил, улс орны эдийн засгийг сайжруулахад мэргэжлийн нягтлан бодогчид, санхүүчдийн хамтын оролцоог ханган, мэргэжлийн дуу хоолойг олон нийтэд хүргэх түншлэлийн гэрээ байгуулж, Япон, Солонгос, Австрали зэрэг улсын МНБИ-тэй хамтын ажиллагаагаа бэхжүүллээ.

-Бүх салбарт хүч түрэн орж байгаа технологийн дэвшил бол AI буюу хиймэл оюун болж ирсэн. ММНБИ-ийн зүгээс олон улсад ашиглаж байгаа программ хангамж, арга туршлагын талаар цаг алдалгүй гишүүн байгууллагууддаа мэдээлэл, сургалт өгөхийг зорьдог байх. Танай салбарт хиймэл оюуны ашиглалт хэр нэвтэрч байна вэ?

-Зарим мэдээлэлд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг хиймэл оюуны эрин үед байхгүй болно гэх мэтээр бичсэн байдгийг та бүхэн харж байсан байх. Бодит байдал дээр нягтлан бодогч, тэр тусмаа дадлага туршлага бүхий мэргэшсэн нягтлан бодогчийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Мэдээж манай мэргэжлийн тодорхой чиг үүргүүдийг, тухайлбал, бүртгэх тайлагнах процессыг хиймэл оюун гүйцэтгэх боломжтой. Энэ нь нягтлан бодогчийн механик ажлуудыг хөнгөвчилж байна. Харин асуудалд дүн шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх, бизнесийн нарийн төвөгтэй байдалд шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулах, шийдвэр гаргах зэрэг стратегич, зөвлөхийн чиг үүргүүд нэмэгдэж байна. Бид энэ чиглэлээр олон талт хамтын ажиллагааны хүрээнд сургалт хөгжлийн арга хэмжээг гишүүддээ байнга зохион байгуулж байгаа.

-ММНБИ болон төрийн байгууллагын хамтын ажиллагаа, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа талаараа дурдвал?

-ММНБИ нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ хүрээнд төрийн зарим чиг үүргийг гэрээлэн ажиллаж, жил бүр гэрээгээ дүгнэх, шинэчлэх ажлыг тогтмол хийж ирсэн. Сүүлийн жилүүдэд гэрээний хэрэгжилт тогтмол 90-ээс дээш хувийн үнэлгээтэй дүгнэгдэж байгаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад төдийгүй дэлхийн нийтэд түгээмэл байдаг харилцаа. Бид цаашид энэхүү харилцааг олон улсын жишигт нийцүүлэн харилцан үр дүнтэй хамтын ажиллагааны хэлбэрээр хөгжүүлэх хүсэл сонирхолтой байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй гол ажлуудын нэг нь мэргэжлийн стандартуудыг эх хэлнээ хөрвүүлэх, түгээн дэлгэрүүлэх явдал байдаг. Олон улсад мэргэжлийн стандартыг дагаж мөрдсөнөөр олон нийтийн мэдээллийн зөрүүг арилгаж, эрх ашиг хамгаалагдана гэж үздэг. Энэ нь мэргэжлийн салбарт төрийн болон мэргэжлийн байгууллагын аль алиных нь хувьд зорилго, зорилтоо болгон ажилладаг чухал асуудал.

Үүнээс гадна институт Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэх мэт төрийн захиргааны болон зохицуулалтын байгууллагуудтай тогтсон уламжлалт сайн харилцаатай ажиллаж ирсэн. Ээлжит VIII их хурлын босгон дээр мэргэжлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилладаг эдгээр байгууллагууддаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн дагуу Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албатай хамтран мэдээлэх үүрэгтэй этгээд буюу аудитын болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүдэд зориулсан сургалтуудыг хийж байгаа.

-ММНБИ-ийн цаашдын хөгжлийг та хэрхэн харж байгаа вэ?

-Манай салбарын Мэргэжлийн байгууллагууд нь нийгэмд зохицуулах, мэргэжлийн хөгжлийг тодорхойлох гэсэн үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг. Бид зохицуулах чиг үүргийн хүрээнд аудит, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн стандартаар дамжуулан олон нийтийн эрх ашгийг хамгаалах, эдгээр харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Мэргэжлийн хөгжлийн хувьд салбарын тулгамдсан асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, тасралтгүй хөгжүүлэх хөтөлбөр хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Сургуулиудын төгсөлт болж, Их дээд сургуулийн элсэлт хаяанд ирлээ. Цаг үетэй холбоотой нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн давуу талыг тодруулж өгнө үү?

-Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил маань бусад олон мэргэжлүүдийн нэгэн адил өөрийн гэсэн онцлогтой. Эдгээрээс товч дурдвал, аж ахуйн нэгж, байгууллагын бүхий л нэгж, үйл ажиллагааг хамардгаараа асуудлыг цогцоор харах, дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшүүлдэг. Өөрөөр хэлбэл, хаана ямар үйл ажиллагаа доголдох, эрсдэл үүсэх, аль нэгж хэсэг, салбар үр өгөөж өсөх буурах, аль нэгжийн хүний нөөцийн бүтээмж их, бага байна гэх мэтийг олж харах, дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшүүлдэг.

Мөн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөтөлдөг зэрэг манай мэргэжил олон давуу талтай. Нөгөө талаар чиг үүрэг нь байгууллагын бүх нэгжтэй харилцан уялдаатай, хариуцлагатай, цаг зав багатай мэргэжил.

Энэ дашрамд нэр хүндтэй, хариуцлагатай албыг хашиж байгаа мэргэжил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье. Энэхүү сайхан мэргэжлийг сонгож ирээдүйд үнэ цэнэ бүтээхийг дүү нартаа уриалж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

П.Жаргал

0/1000