horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил гаргажээ

post-img

Үндэсний аудитын газар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжөө өнөөдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр, нийт зарлага болон цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591.1 тэрбум төгрөгөөр баталгаажуулжээ.

Энэ нь өмнөх оныхоос 35.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг задалбал:

  • Цалин хөлс 3 их наяд 41.0 тэрбум төгрөг,
  • Хөрөнгийн зардал 2 их наяд 782.6 тэрбум төгрөг,
  • Бараа, үйлчилгээний бусад зардал 1 их наяд 430.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой юм байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нийт 1319 төсөл, арга хэмжээг 3 их наяд 828.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан. Үүнээс гүйцэтгэлээр 62.7 хувийн санхүүжилтийг олгож, хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн 579 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 69 хувьтай буюу хангалтгүй байна.

Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, төсвийн 61 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын санхүүгийн нийт 6,832 тайланд аудит хийжээ. ҮАГ төсвийн ерөнхийлөн захирагч нарын санхүүгийн 33 тайланд “Өөрчлөлтгүй” , 29 тайланд “Хязгаарлалттай” , 1 тайланд “Сөрөг” дүгнэлт өгсөн байна. Мөн аудитаар нийт 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.

Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд ч Засгийн газар, бүх шатны төсвийн захирагч нарт өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил давтагдан гарч байгаа тул УИХ аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүлж, төсвийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай байгаа аж. Үүнд:

1. Төсөв батлахдаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилснөөс дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үр нөлөөг бууруулж, төсвийн тогтвортой байдлын зарчмыг алдагдуулж байгааг анхаарч, цаашид нэгэнт тогтсон бодлогоо баримталж, хэрэгжилтийг хангуулах;

2. Төсвийн орлогын бүтцэд оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх;

 3. Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулахгүй байх хуулийн шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангах;

4. Дампуурсан банк, хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос үүссэн авлага барагдуулах ажил зогсонги байдалтай байгаад дүгнэлт хийж, асуудлыг шийдвэрлэх;

5. Гадаадын дамжуулан зээлээс олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй, тооцоо нийлж баталгаажуулаагүй авлагын асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттай шийдвэрлэх;

6. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хөтөлбөр, арга хэмжээ зорилтот түвшинд хүрээгүй, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж үнэлдэггүй байдлыг халж, батлагдсан төсвийг үр ашигтай хэрэгжүүлэх;

7. Дотоод аудитын эрх зүйн орчин бүрдээгүй, тогтолцоо төлөвшөөгүй, хараат бус байдал хангагдаагүйгээс зөвхөн санхүүгийн хяналт, шалгалтыг гүйцэтгэж, засаглалыг сайжруулах, эрсдэлийг удирдах үндсэн чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч, энэ чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8. Аудитын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь зөвхөн аудитын зорилт биш, төрийн өмч, санхүү, төсвийн удирдлагыг сайжруулах үндэс юм. Тухайлбал:

• Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хууль, бодлогын түвшинд дэмжих;

• Хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоонд дүн шинжилгээ хийх;

• Төрийн өмч, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай удирдах, менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байгааг тусгажээ.

0/1000