Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
ЭХЭМҮТ-ийн томограф эвдэрсний улмаас 10 настай хүү амиа алдсан уу?
- 2025/06/25

- 42 цаг 49 минутын өмнө

- 5 мин уншина

ЭХЭМҮТ-ийн томографын аппаратыг ашиглах 10 жилийн хугацаа дуусаж, ойр ойрхон эвдэрч байна. Томографын аппаратыг засахад 30-40 сая төгрөг, шинээр авахад 3-5 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Тэгвэл аппарат эвдэрсэн үеэр дагзаараа шалан дээр хүчтэй унасны улмаас тархиндаа цус харваж, улмаар амиа алдсан 10 настай хүүгийн аав, Дархан-Уул аймгийн иргэн Г.Даржаагаас болсон явдлыг тодрууллаа. Тэр хүүгээ 6 дугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагийн үед ЭХЭМҮТ-д авч очжээ.

Гэвч тус төвийн томографын аппарат эвдэрсэн байсан тул 2 шөнө, 1 өдөр хүлээгээд “Гурван гал” эмнэлэгт үзүүлсэн байна. Учир нь тэднийг анх эмнэлэгт очсоны маргааш буюу 6 дугаар сарын 11-ний өдөр Бурхан багшийн дүйчэн өдөр тохиож, бүх нийтээр амарсан. Энэ үеэр бүх эмнэлэг амарчээ. Маргааш нь буюу 6 дугаар сарын 12-нд “Гурван гал” эмнэлгийн томографт үзүүлтэл “Найдваргүй” гэсэн онош сонсжээ. Ингээд ЭХЭМҮТ-д ирснээс хойш 7 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 17-ны өдөр хүү нь нас барсан байна.

–Юуны өмнө танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Хүү нь томографын аппаратад үзүүлж чадалгүй амь эрсэдсэн талаар сонссон. Яг юу болсон юм бэ?

-Миний хүү нойтон паркетан шалан дээр халтирч, дагзаараа унаад Эх нялхсын эмнэлэгт очсон. Хүүхэн хараанаас нь мэдэгддэг юм билээ. Тархиндаа цус харвалттай гэж эмч дүгнэсэн. Тухайн өдөр жижүүрт гарсан эмч нь “Манай томограф, MRI аппарат эвдэрсэн. Засвартай байгаа” гэсэн. “Өөр ямар арга байна вэ. Хурдан үзүүлэх боломж байна уу” гэж асуухад “Манайд харах боломж байхгүй. Ойрхон “Гурван гал” эмнэлэгт харуулж болно. Гэхдээ одоо амарчихсан байгаа” гэсэн.

Бид өөрсдөө бас томограф хайсан. Гэмтлийн эмнэлгийн ойролцоо 24 цагаар ажилладаг хувийн эмнэлэг байдаг юм билээ. Тийшээ очоод, томограф зураг авахуулъя гэхэд “Цус харвалттай хүүхдийг хөдөлгөж болдоггүй” гэсэн учраас маргаашийг хүлээхээс өөр аргагүй болсон. Ингээд маргааш нь “Гурван гал” эмнэлэгт 08:00 цагт очиход “Бүх нийтийн амралтын өдөр. Манайх ажиллахгүй” гэсэн хариулт өгсөн. Бид “Яаралтай үзүүлэх шаардлагатай болохоор үзээд өгч болох уу. Хүүхдийг минь оношлоод өгөөч” гээд гуйсан. Гэвч “Боломжгүй” гэж хариу өгсөн. Тэр өдөр Эх нялхсын эмнэлгийн жижүүр эмч солигдоод, өөр эмч гарч байсан. Тэр эмч “Гурван гал” эмнэлэг рүү үдээс хойш 16:00 цаг хүртэл ярьж, гуйгаад чадаагүй. Тэгээд тэр өдөр үзүүлэх нь бас худлаа болсон.

–Бүх нийтийн амралтын өдөр гээд эмнэлэг ажиллаагүй юм байна. Тэр үед хүүгийн тань биеийн байдал хэр байсан бэ. Хэзээ томографын аппаратад үзүүлсэн бэ?

-Ингээд хоёр шөнө, 1 өдөр хүлээж 6 дугаар сарын 12-ны өглөө 09:00 цагт “Гурван гал”-д үзүүлэх цаг авсан. Манай хүүхэд эмнэлэгт ирсэн эхний өдрөө буюу 6 дугаар сарын 10-нд өөрөө зүгээр амьсгалж байсан. Маргааш өглөө нь бие нь жаахан муудаад, хүчилтөрөгчийн аппарат залгуулсан. Ингээд “Гурван гал” эмнэлэгт 09:00 цагт аваачиж үзүүлсэн.

Тархиндаа цус харвалттай учраас хөдлөх ёсгүй юм байна лээ. Гэхдээ томографын аппаратад харуулахын тулд ЭХЭМҮТ-өөс “Гурван гал” руу ортой нь зөөсөн юм. Орных нь дугуй мултардаг. Шал нь донсолж доргисон замаар явж, түргэний машинд суугаад “Гурван гал” эмнэлэгт ирж, зургаа авахуулсан. Буцахдаа ирсэн шигээ донсолж доргисон нөхцөл байдалд явж байгаа юм. Дааж авсан эмч нь хамт явсан учраас хариуг нь аваад, өдрийн 12:00 цагийн үед биднийг дуудаж “Танай хүүхэд найдваргүй болсон байна. Тархи нь шаантагласан байна” гэж хэлсэн.

Хүний тархи гавлын яснаасаа зайтай байдаг юм байна. Хүчтэй савж унахаар тархи нь хойшоо гүйгээд, хоосон зайд нь усан хаван үүсдэг юм байна. Усан хаван нь хойшоо гүйгээд, тархийг нь улам шахчихаар хагалгаа хийх боломжгүй болчихдог гэнэ. Хүүхэд ч бай, том хүн ч бай, бие болон тархи нь хүйтэн болбол хагалгаа хийх боломжгүй гэсэн. Анх очсон өдрөө оношилсон бол хүүхдийн маань бие бүлээн, хагалгаанд орох боломжтой байсан. Тэрнээс өмнө хүүхдийн маань бие яаж байна, бүлээн байна уу гэдгийг бид дэргэд нь байсан учраас мэдэж байгаа шүү дээ.

Манай хүүхдээр энэ асуудал эцэс болог.

Дараа нь дахиад ийм нөхцөл байдалтай хүүхэд ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Санамсаргүй байдлаар хэн ч унаж бэртэж мэднэ. Ийм нөхцөлд ирэхэд томографын аппарат нь ажилладаг байгаасай, дахин өөр хүүхэд ийм нөхцөлд битгий ороосой гэж хүсэж байна.

–Найдваргүй гэсэн хариу сонссоны дараа хүүгийн биеийн байдал хэр байсан бэ. Хэзээ амиа алдсан бэ?

-Манай хүүхдээр энэ байдал дуусаг гээд Нэгүүн.мн сайтыг дуудаж яриа өгсөн. Гэтэл хүүг маань эмчилж байсан эмч маргааш нь эхнэр бид хоёрыг дуудаж уулзан “Танай хүүхдийг 6 дугаар сарын 10, 11-нд 2 өдөр биеийн байдлыг нь тогтворжуулаад, томографт харуулсан. Хэрвээ тэгээгүй бол танай хүүхэд 10-11-нд өнгөрөх байсан” гэж хэлсэн.

Биднийг очсоны маргааш буюу 6 дугаар сарын 11-нд жижүүрт гарч байсан эмч нь “Томографт яаралтай харуулчихвал дараагийн арга хэмжээгээ авах гээд байна” гээд ярьж байсан атлаа яагаад хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгсний дараа хоёр өдөр өнжөөсөн болж байгаа юм бэ? 11-ний өдөр жижүүрт гарсан эмч нь таньж мэддэг хүмүүс рүүгээ яриад, ажиллаж буйгаа томограф сурагласан. “Гурван гал” эмнэлэг нь ажиллаагүй.

Ингээд 12-ны өдрөөс ямар эмчилгээ хийж байгаа нь мэдэгдэхгүй явсаар 6 дугаар сарын 17-ны өглөө бие нь улам муудаад, амьсгалын хоёр аппараттай, зүрх дэмжих тариа хамгийн эцсийн тунгаар хийсэн байдалтай байж байгаад өнгөрсөн.

Монгол Улсын урдаа барих, улсын ганц, хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж нь яагаад эвдрэлгүй ажиллаж болдоггүй юм бэ. Эвдэрсэн байсан ч нөөц сэлбэг, тоног төхөөрөмжтэй байж болдоггүй юм уу? Хүүхдээ аваад 6 дугаар сарын 10-нд очсон. Очсон өдрийн оройноос эхлээд, маргааш өглөө болтол миний хүү өөрөө амьсгалж байсан. Бүтэн 10 гаруй цагийн хугацаанд оношлоод, дараагийн арга хэмжээгээ авч болох байсан. Цаг хугацаа байсан атал яагаад ийм байгаа юм бэ?

Бид томографын аппарат нь ажиллаж байгаа эсэхийг тодруулан сурвалжлахаар ЭХЭМҮТ-ийг 2025.06.24-ний өдөр зорилоо. Биднийг очиход “Аппарат хэвийн ажиллаж байгаа” гэж тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Харин холбогдох албан тушаалтан болон эмч нараас нь ярилцлага авах гэсэн боловч “Эмч нарын хуралд орсон” гэж тайлбарлаад, хэн ч ярилцлага өгсөнгүй.

ЭХЭМҮТ-ийн томографын ганц аппаратыг анх 2015 онд суурилуулжээ. 10 жил болсон учраас ойр ойрхон эвдрэх болжээ. 2024 онд 4 удаа эвдэрсэн бол хамгийн сүүлд 2025 оны 5 дугаар сард дахин эвдэрсэн байна. Тус эмнэлэг аппаратаа засан, одоо ажиллуулж буй аж. “Томографын аппарат эвдэрсэн нь үнэн. Гэхдээ үүнээс шалтгаалж, хүүхдийн амь нас хохироогүй” хэмээн мэдээллээ.

- Шинэ
- Хандалттай
2025-06-25 03:09:08
Ээ дэ энэ хоёр сэтгэгдэл бичсэн хоёр малыг хардаа. Эмнэлэгийн байгууллагад ажилдаг бололтой. Өмөөрсөн ухаантай харагдаж байна. Битгий гэр бүлд нь хатуу үг хэл. Та хоёрын хүүхэд өнөөдөр амьд байна маргааш ирээдүйд юу тохиолдохыг хэн ч таашгүй. Чи хүүхдийг нь анх гардаж үзсэн биш.
2025-06-25 02:33:13
Ядуу оронд амьдарч бгаагаа мэдэрч яв! Эцсийн арга хэмжээ хийсэн хүүхэд чинь сэхэл авахаас өнгөрсөн
2025-06-25 01:37:01
Нэгэнт ийм оноштой хүүхэл наад эмч нар чинь мэдэж л байгаа.
3 гал нь Жижүүр эмч байдаггүй юм уу.
Та нар хүүхэдээ хайртай бол насилкар аваад явахгүй яасан юм.
Унагааж алчихаад эцэст нь нөгөө эмч нараа буруутгах гэж
Нүдний булай юм
Одоо сайн буян үйлд