Үе үеийн Ерөнхий сайдын ярьдаг улигт үгийг Г.Занданшатар ч засгийн тэргүүн болохдоо хэллээ. Төрийн албанд цомхотгол хийх сургаар хувийн хэвшлийнхэн баярлаж байна. Төрийн байгууллагуудаас цомхотголд өртөх 14.400 хүнийг ажилд авахыг хүсэн хүлээж сууна. Хувийн хэвшлийнхэн хүнээр цангаж, төрийн алба хүнээр хахсан болохоор арга ч үгүй л дээ. Домогт төрийн албыг хэзээ цомхон болгож, төрийн албанд хэдийд цомхотгол хийж гийгүүлэх юм байгаа юм. Ямартай ч улигтыг ярьж, домогтыг бий болгосоор өнөөдрийг хүрсэн нь л үнэн.
1998 онд хувийн хэвшилд 225.400, төрийн байгууллагад 131.878 хүн ажиллаж байлаа. Тэгвэл 2024 онд хувийн хэвшилд 93.431 хүн, төрийн байгууллагад 226.895 хүн, төрийн болон орон нутгийн өмчит компанид 58 мянган хүн ажиллаж байна. Хувийн болон төрийн байгууллагад ажиллагсдын тоо эсрэгээрээ өөрчлөгдөж, байраа сольсныг Үндэсний статистикийн хорооны энэ тоо харуулна.
Төрийн албан хаагчийн тоо
- 1995 он – 141.467
- 2000 он – 139.062
- 2005 он – 120.581
- 2010 он- 155.679
- 2015 он – 186.458
- 2020 он – 205.011
- 2022 он – 225.205
- 2024 он – 226.895
1998 онд явуулсан тооллогоор манай улс хувийн 15.9 мянган аж ахуйн нэгжтэй, төрийн 4200 байгууллагатай байв. Харин одоо төрийн болон орон нутгийн өмчит 5593 компанитай, төрийн 5002 байгууллагатай болжээ. Төр данхайсан, татвар төлөгчдийг мачийлгасан гээд байгаагийн учир нь энэ хэдэн тооноос л тов тодорхой харагдаж байна. Үүнийг манай улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг. Ард түмэн мэдрэхийн дээдээр мэдэрдэг. Тиймээс ч улстөрчид төрийн албыг цомхон, чадварлаг болгох тухай сүүлийн 10 жилд улиг болтол ярив. Одоо ч дараагийнх нь ярьсаар л явна. Тэр хооронд нь төрийн алба улам данхайж, ам ажил нь алд дэлэм зөрсөөр л байдаг. Ярих юм олддоггүй юм байх даа.
Төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо
- 1995 он – 111,234
- 2000 он – 99,010
- 2005 он – 85,815
- 2010 он- 109,482
- 2015 он – 127,943
- 2020 он – 135,386
- 2022 он – 152,265
Төрийн албан хаагчийн тоо сүүлийн 10 жилд 39.3%-иар нэмэгдсэнийг ЭЗХЯ-ны Судалгаа, шинжилгээний хэлсийн зөвлөх Б.Эрдэнэбат сарын өмнө УИХ-ын чуулганы үеэр гишүүдэд танилцуулсан юм. Улс төрийн албан хаагч 36.6%, төрийн захиргааны албан хаагч 31.9%, төрийн тусгай албан хаагч 70.5%, төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо 42.7%-иар нэмэгджээ.
Улс төрийн албан тушаалтны тоо
- 1995 он – 2,350
- 2000 он – 2,648
- 2005 он – 2,564
- 2010 он- 2,907
- 2015 он – 3,092
- 2020 он – 3,619
- 2022 он – 3,759
Төрийн албан хаагчдын 30%-ийг цомхотгох тухай ЗГХЭГ-ын дарга байхдаа 7 сарын өмнө одоогийн Тэргүүн шадар сайд Н.Учрал олон нийтэд мэдэгдсэн юм. Гэвч удалгүй 9% болж, 21%-ийг нь “идчихсэн”. Хэлснээсээ буцсан. Хүн 1 л амтай байвал сайн ч манай улстөрчид нэлээд хэдэн амтай. Өчигдөр хэлснээ өнөөдөр өөрчилнө. Өнөөдөр хэлснээсээ маргааш буцна. 30-аа байг гэхэд ядаж 9-ээ ч биелүүлээгүй. Хагас жил гэдэг бол хүүхэд бондойгоод суудаг, бор хоолонд орчихдог хугацаа. Манай сайд нарт л ганц хоног шиг санагддаг юм шиг байгаа юм. Дээрээс доошоо хараад, “Өө ямар сайхан байна вэ” хэмээн дуулж яваа хүнд тийм л байдаг байх л даа.
Төрийн захиргааны албан хаагчийн тоо
- 1995 он – 7,296
- 2000 он – 7,801
- 2005 он – 9,463
- 2010 он- 15,280
- 2015 он – 19,687
- 2020 он – 20,553
- 2022 он – 22,023
- 2024 он – 21,350
Төрийн захиргааны албан хаагчдын тоог 10% цөөлөхөд 2153 хүн, тусгай албыг 25% цомхотгоход 12.270 хүн суларна. Үйлчилгээний албан хаагчдын 9% бол 3658 хүн. Улс төрийн албанаас 340 хүн цомхотгох тооцоо гаргажээ. Үүнийгээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэдэн сар ярьж, хувийн хэвшлийнхэнд шилний цаанаас чихэр долоолгосоор байгаад огцорлоо. Уг нь хэрэгжүүлсэн бол хувийн хэвшил тэр хэрээр ажиллах хүнтэй болох байлаа.
Одоо Г.Занданшатар “Төрийн алба маш их данхайсан. Ганцхан жишээ хэлэхэд, ЭЗХЯ газар, хэлтсийн 28 даргатай байна. Цомхотголыг дарга нараас эхэлнэ” гэж мэдэгдээд байна. Гэвч Л.Оюун-Эрдэнийн ЗГ нийт 18.421 хүн цомхотгохоор зарласан атал Г.Занданшатар 14.400 болгож, бас л дундаас нь цавчаа хийв.
Төрийн тусгай албан хаагчийн тоо
- 1995 он – 20,587
- 2000 он – 29,603
- 2005 он – 22,739
- 2010 он- 28,010
- 2015 он – 35,736
- 2020 он – 45,453
- 2022 он – 47,158
Монгол Улсын 2025 оны төсөв 33 их наяд төгрөг. Үүний 74%-ийг нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, бичиг хэрэг, дулаан, цахилгаан гэх мэт урсгал зардалд зориулдгийг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж 2024 оны төсөв батлах үеэр УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Хэрвээ төрийн албан хаагчдыг цомхотговол энэ зардал дагаад багасна. Төрийн албан хаагчдаар зогсохгүй, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдыг байж болох чинээнд нь тултал цомхотгох хэрэгтэй. Энэ цомхотголд хохирогч байхгүй. Тэднийг хувийн хэвшилд ажлын байр хүлээж байна.