Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийх хуваарьтай буй. Тэд Япон болон Монтенегрогийн багтай тус тус тоглох юм.
Тэгвэл шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг дуусгахаар болжээ. Тэрээр Латви улсын шигшээ багтай тоглож байхдаа шилбэндээ бэртэл авсан. Улмаар үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгийг Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо мэдэгдэв.
Ингэснээр А.Ананд, О.Энхбаатар, Д.Дэлгэрсайхан нар гурвуулаа тоглохоор болж байна.
Манай улсын эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо 2019 оны Дэлхийн аварга АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж, 21:18 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо “Токио 2020” олимпын аварга Латви улсын шигшээ багтай хийж, мөн 21:16 харьцаагаар хожигдсон. Харин өнөөдрийн хоёр тоглолтдоо заавал хожиж байж, хэсгээсээ гурваар гарна. Тиймээс эдгээр тоглолт манай багийн хувь заяаг шийдэх маш чухал тоглолт юм.