Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатарын хуурай дүүгийн гэрт өчигдөр АТГ-аас шалгалт явуулсан юм. Энэ талаар түүнээс дараахь тодруулгыг авлаа.
————————————————————————-
-АТГ-аас танай хуурай дүүгийнд шалгалт хийсэн юм байна. Энэ нь ямар учиртай, юутай холбоотой юм бэ. та тодорхой тайлбар өгнө үү?
-Хууль, шүүх, хяналтын байгууллагууд У.Хүрэлсүхийн захиалгаар ажиллаж болохгүй. Би өөрөө У.Хүрэлсүхийн захиалгаар ажиллаж байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр би түүнийг дахин сонгогдох гэсэн адын хүслээ зогсоогооч ээ гэж хэлсэн. Тийм хүсэл байхгүй бол байхгүй л биз дээ. Түүнийгээ зүгээр л хэлчихгүй яагаад уурлаад байгаа юм. Хоёрдугаарт, Уран, газрын тосны төслүүдийг У.Хүрэлсүхийн санаачилсан ажлууд болов уу гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын чуулган дээр би уран болон газрын тостой холбоотой ажлууд үнэхээр Монголын эрх ашигт ноцтой хохирол учруулж байна гэдэг байр сууриа илэрхийлсэн. Би Газрын тосны үйлдвэрийг барихын төлөө байгаа. Гэхдээ энэ төсөл чинь дампууруулсан төсөл байна. Мөнгө угаалт шиг юм болчихоод байна. Үүнийгээ бага дээр нь засч янзлаад, өөрчлөөд яг бодитой Газрын тосны үйлдвэр барих тал дээр нь анхаараач л гээд байгаа юм. Түүнээс биш газрын тос Монголд хэрэггүй гэж би яриагүй шүү дээ. Тэгэхээр л цочсон уу, бухимдсан уу, ууртай байх шиг байна. Тэгээд АТГ-ынхан даалгавраар нь хөдөлж байна гэж би үзэж байна. Надад харамсалтай байна. Би яах вэ, бусад аль нам нь хамаагүй жирийн гишүүд ард түмний мандатаар УИХ-д гарч ирчихээд хэн нэгэн хүнээс гөлөг болж айна гэдэг байж болохгүй зүйл гэдгийг онцгойлж хэлж байгаа.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үг таныг дайруулаад байх шиг байсан?
-Над руу чиглэсэн шүү дээ, угаасаа. Тэр 50 сая вонн гэдэг нь Б.Хурцын гүйцэтгэх ажиллагаанаас болж хийсэн зүйл. Түүнийг нь би шүүхэд аваачаад улсын орлого болгоод өгчихсөн. Ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Хууль зөрчсөн хандив надад ирж болно. Тэгвэл би түүнийг ашиглахгүйгээр улсын орлого болгох ёстой. Түүнийгээ ч хийсэн, баримт нь байгаа. Миний байр суурь маш ойлгомжтой. У.Хүрэлсүх гарч ирчихээд бие биенээ хянаж байх ёстой төрийн гурван өндөрлөгийн нөгөө хоёрыг нь “Миний тэжээсэн хүүхдүүд” гэсэн утгатай зүйлийг чуулганы индэр дээрээс ярьсан. Үүнийг байж болохгүй зүйл гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байна.
-Таны эргэн тойрны хүмүүсийг шалгаад байгаа гэж байна. Туслахыг тань барьж хорьсон гэсэн. Ер нь хэдийнээс энэ бүхэн эхэлсэн юм бэ?
-Олон сар болж байгаа. Энэ чинь нууцаар явагддаг зүйл шүү дээ. Би бол 6-7 сарын өмнөөс болов уу гэж бодож байна. Би нөгөөдүүлийнхээ хөдөлгөөн бүрийг хянадаг. Аука, приустэй хүн болгоныг л шахам харах юм. Би чинь энэ талаар үнэхээр мэдрэмж суучихлаа шүү дээ. Ардаа нүдтэй юм шиг болчихоод байна. Намайг ингэж байгаа юм чинь жирийн ядарсан иргэдийг үнэхээр дарамталдаг байх л гэж боддог.
-Энэ асуудлаар танай намын бүлэг хуралдлаа. Хурлаар чухам ямар шийдвэрт хүрэв?
-Ардчилсан намын бүлгийн гишүүд шударга үнэний төлөө үг хэлсэн, ардчиллын төлөө байр суурьтай байгаа өөрийнхөө г ишүүнийг 100 хувь хамгаална гэж нэгдсэн байр сууринд хүрлээ. Би үүн дээр үнэхээр баярлаж, сэтгэл хөдөлж байна. Намайг У.Хүрэлсүх таван нам дамжсан гэсэн. Гэхдээ арай ч тав биш байх, гурав болов уу. Би ер нь тоолоогүй юм байна. Гэхдээ би эрх баригчидтай 21 жил үзэлцлээ. Би МАН-тай 21 жил үзэлцлээ. МАН-д би урваж ороогүй. Харин МАХН-ыг гудамжинд байхад нь орсон. Харин тэд МАН-даа орсон, би тэгэхэд нь гудамжинд хүнд байдалд орчихсон. Тамгыг нь У.Хүрэлсүх хоёр хуваачихсан, шүүх дээр дарамтлаад хүнд байдалд оруулчихсан байсан Ардчилсан нам дээр би ард түмнийхээ итгэл, сэтгэлийг хадган дээр тавиад очсон. Ардчилал аюулд орчихсон тэр үед очиж дуу хоолой, хүчээ нэгтгэж байсан нь үнэн.
-Таныг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг гэж үзээд ийм зүйлийг хийгээд байна гэсэн утгатай зүйлийг намын гишүүд тань хэлж байна. Энэ хэр үнэний ортой вэ?
-Би өөрөө тийм гээд хэлчихвэл хэт биеэ тоосон болчих гээд байна. Ний нуугүй хэлэхэд, Ардчилсан нам дотор надаас хувь илүү туршлагатай, хүчтэй улстөрч их байгаа. Би тэдний нэг байвал өөртөө их баярлаж байна. Гэхдээ тэр бол шударга сонгуулийн зарчим, дотоод дүрмээрээ шийддэг ажил.
-Нөгөө талаас АТГ-ынхан үүрэгт ажлаа хийж байхад нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар очиж саад болоод байна. Зүгээр шалгуулчихаж болдоггүй юм уу гэдэг зүйлийг ярьж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Манайх руу орж шалга гэж би байнга гуйж байгаа. Харин манай хажууд байгаа ядарсан хүмүүсийг битгий айлгаж ичээгээч ээ гэдгийг л хэлээд байгаа. Би зөндөө олон жил шалгуулсан.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл