Геополитикийн нөхцөл байдлаас болоод түлш, шатахууны нөөц багасах, тасрах эрсдэл бий болсон гэх яриа гарсан. Тэгвэл энэ талаар болон нүүрсний импорт, Халзанбүрэгтэй ордын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.
—————————————————————————–
-Түлш шатахууны нөөц багасах, тасрах эрсдэл бий боллоо гэсэн яриа гараад байна. үүн дээр тайлбар өгнө үү?
-Олон улсын геопо литикийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ огцом хөдөлж байна. Манай хөрш БНХАУ гэхэд хэрэглээнийхээ үнийг өнгөрсөн долоо хоногт нэмсэн. Манайд бол бүх импортлогч компаниуд руугаа манай яамнаас албан даалгавар өгсөн. Байгаа бүх саваа дүүргэх зэрэг чиглэл өгсөн байгаа. Ажлын хэсэг гаргаад, бэлэн байдал зарлаад аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзаж байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нефть бүтээгдэхүүний хангалт болон нөөцтэй холбоотой асуудлыг оруулж шийдвэр гаргуулахаар бэлдэж байна.
-Импортлогч компаниудтайгаа таны хувьд уулзсан юм уу?
-Импортлогч компаниуд саяхан ОХУ-д болсон Энергийн зөвлөгөөнд оролцоод өнөө өглөө /уржигдар/ ирцгээсэн байна. Тийм болохоор ойрын өдрүүдэд уулзаж ярилцна.
-Өмнөх Засгийн үед А-92 бензин 200 төгрөгөөр нэмэгдээд буцаагаад буулгахаар боллоо гэсэн. Гэтэл одоо болтол буулгаагүй л байна. Үүнийг хэрхэн вэ?
-Одоо уулзахдаа энэ асуудлыг тодруулаад хэлж ярилцъя гэж бодож байна. Бидэнд эхний ээлжинд гол асуудал маань нөөцөлж авах.
-Газрын тос боловсруулах үйлдвэр яг хэзээ ашиглалтад орох вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Би өөрөө очиж танилцаад тодорхой мэдээлэл өгье гэж бодож байгаа.
-Урд хилээр нэг ч машин нүүрс гарахгүй байна гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлыг хэрхэх вэ?
-Биржийн хуультай холбоотой асуудал байгаа. Хоёрдугаарт, үнэ унасантай холбоотойгоор өмнө нь худалдан авсан хүмүүс нь нүүрсээ авахгүй байгаад байгаа юм билээ. Тийм болохоор үүн дээр Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах шаардлагатай. Манай яамнаас ажлын хэсэг гаргасан. Шийдлийг ойрын үед оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Миний хувьд төсвийн тодотгол батлагдсаны дараа газар дээр нь очиж танилцах бодолтой байгаа.
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувьд та газрын ховор элемент дээр ямар байр суурь барьж ажиллах вэ. Халзанбүрэгтэйн төсөл явах уу?
-Салбарын сайдын хувьд хууль ёсны дагуу явагдаж байгаа бүхий л геологи хайгуул, уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ. Хуулиа мөрдөх ёстой.
Монгол Улс дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нарт эрх хэмжээг нь өгөөд шийдвэрээ гаргаад өгчихсөн л бол хуулиа биелүүлэх ёстой. Хамгийн гол нь нийгэмтэйгээ ойлголцох, зөрчил тэмцлийг арилгах асуудал байгаа. Энэ аргачлалыг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран боловсруулж байна. Уул уурхайн салбарын нэр хүндийг өндөрт өргөж, төр засаг, орон нутаг, ард иргэдтэйгээ ойлголцдог Австрали, Канадын аргачлалууд байдаг. Үүнийг түлхүү ашиглана гэсэн бодолтой байна. Ер нь Монгол Улсын нийт татварын 80 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарыг ойлгодог байх хэрэгтэй байна. Нөгөө талдаа олдог гээд нийгэмтэйгээ ойлголцож чаддаггүй байдлаа засах хэрэгтэй.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл