horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дүрэм зөрчин, бусдын машинд мөргүүлчхээд мөнгө нэхжээ

post-img

Иргэн Л.Л 2023.03.18-ны өдөр Тэрэлжийн замд машин жолоодож явахдаа эгнээ солихоор Т.Т-ийн жолоодож явсан машины урдуур орж мөргүүлжээ. Үүний улмаас түүний машин болон эрүүл мэндэд 5.045.070 төгрөгийн хохирол учирсан аж. Тэрээр энэ мөнгийг Т.Т-ээс гаргуулахаар шүүхэд хандсан байна.

Үүнд Т.Т “…осол Л.Л-ын буруугаас болж гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг дүгнэлтээр миний зөв гэж гарсан” гэж марган, Л.Л-ын нэхсэн мөнгийг өгөхөөс татгалзжээ. Энэ нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.24-нд хэлэлцээд, Л.Л-ын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянаад, Л.Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Учир нь Л.Л замын хөдөлгөөнд оролцох явахдаа 1-р эгнээнээс 2-р эгнээнд шилжин байр эзлэхдээ 2-р эгнээнд чигээрээ явж байсан Т.Т-ийн машины урдуур орсон. Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчжээ. Үүнийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг, техникийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоосон байна.

Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Л.Л-ын буруугаас болоод, тэрээр машинаа Т.Т-гийн машинд мөргүүлсэн. Т.Т замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж шинжээч дүгнэжээ.

Зам тээврийн ослын улмаас Л.Л-ын машин болон хамт зорчиж явсан хүмүүс гэмтэж, улмаар 5.045.070 төгрөгийн хохирол учирсан ч зам тээврийн осолд Л.Л өөрөө буруутай, харин Т.Т хууль, дүрэм зөрчөөгүй. Иймд Т.Т тухайн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны дүгнэв.

Уг осолд Л.Л өөрөө буруутай тул хохирлыг Т.Т-ээс нэхэмжлэх ёсгүй. Анхан шатны шүүх үүнийг буруу шийдвэрлэсэн болохыг давж заалдах шатны шүүх 2025.03.24-нд тогтоож, Т.Т уг хохирлыг хариуцах үүрэггүй гэж үзжээ.

0/1000