Их Британийн поп дуучин Jessie J өөрийн нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан хөхний хорт хавдрын эсрэг мэс засалд орж, улмаар мэс заслын үр дүнгээ хүлээн гэртээ амарч, тэнхэрч байгаа талаараа даваа гарагт мэдэгджээ.
“Price Tag”, “Bang Bang”, “Flashlight” зэрэг хит уран бүтээлүүдээрээ алдартай, 37 настай дуучин Jessie J мэдэгдэлдээ ерөнхий эмч, мэс засалчид болон сувилагч нарт талархал илэрхийлж, эмнэлэгт байх хугацаандаа авсан гэрэл зургууд, дүрс бичлэгүүдийг нийтэлсэн байна.
Мөн тэрээр түүний туулж өнгөрүүлж буй хүнд хэцүү цаг үед түүнтэй хамт байж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн хүн бүрт баярлаж, талархаж байгаагаа илэрхийлжээ.
Дуучин бүсгүй энэ сарын эхээр хөхний хорт хавдраар өвчилсөн онош нь эрт тогтоогдсон болохыг илчилж, өөртөө тохиолдож буй туршлагаасаа хуваалцсан бөгөөд дуу хөгжим, урлаг соёлын салбарын олон уран бүтээлчдээс өргөн дэмжлэг авсан юм.
Дуучны даваа гарагийн мэдэгдлийн дараа түүний сонсогч, шүтэн бишрэгчид, мөн салбарын олон уран бүтээлчдийн зүгээс түргэн эдгэрэхийг хүссэн мессежүүдийг илгээгээд байна.

Jessie J мэс засалд орохоосоо өмнө Их Британийн нийслэл Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон Capital радиогийн “Summertime Ball” хөгжмийн фестивальд оролцож, 7 дуутай бяцхан тоглолтыг тавьсан байна.