Засгийн газар өнөөдрийн хурлаараа ямар асуудал шийдсэн тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд танилцууллаа.
-Яамдын бүтэц, орон тоо, стратеги, зохион байгуулалтыг хэлэлцлээ. Үндэсний хороог Ерөнхий сайд ахалдаг байсныг өөрчлөх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Нийт 58 үндэсний хороог хоёр дахин цөөлнө. Яамдын нийт бүтцийн нэгжийг 31 хувиар цомхотгоно. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог цөөлнө. Нийт 16 яаманд 138 газар байсан бол 109 болгон цөөлж байна. Яамдад 132 хэлтэс байсныг 77 болгож цөөллөө. Яамд газар, хэлтсийн 270 даргатай. Үүнийг 84-өөр цөөлж, 186 болгохоор болсон.
Хамгийн олон ажилтан, албан хаагчтай яам дээд тал нь 14 даргатай, цөөн албан хаагчтай яам 10 даргатай болно. Эдийн засаг, хөгжлийн яам 28 газар, хэлтсийн даргатай байсан бол 14 болно.
Газартай холбоотой асуудал удаан хугацаанд хүлээгдэж байсан. Үүнийг шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа, нэгдмэл сангийн асуудал хариуцсан агентлаг ажилладаг. Газрын харилцаагаар аймаг, нийслэлийн засаг дарга, тухайн асуудал эрхэлсэн яам хоорондоо зөрчилдөж, газрын харилцааг зохицуулдаг байсан. Тиймээс газрыг нэгдмэл зохион байгуулалтаар зохицуулах шаардлага үүссэн. Гэвч сум, хороонд иргэдийн өмчлөх газрыг Засгийн газар, Ерөнхий сайдын түвшинд шийддэг. Аж ахуйн нэгж, байгууллагын ашиглах, эзэмших газрыг Ерөнхий сайдын түвшинд шийддэг. Хүндрэл, нугалаа гарвал засаж залруулах зорилгоор аймаг, сум, хотын дарга шийддэг байх уян хатан зохицуулалт хийнэ. Газрын нэгдмэл сангийн төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлагын асуудлыг Засгийн газрын түвшинд ярина. Газар олгох асуудлыг шат шатныхаа удирдлагын түвшинд шуурхай хийдэг байхаар зохицуулахаар болсон.
Эрчим хүчний компаниудыг нэгтгэж эхэлсэн. Энэ Засгийн газрын баримтлах бодлого бол төрийн албыг цомхон, чадварлаг, оновчтой бүтэцтэйгээр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллуулах зохион байгуулалт хийнэ. Төрийн өмчит компаниудыг ийм зохион байгуулалтад оруулна. Энэ хүрээндээ Нийтийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдахыг хүлээхгүйгээр төрийн өмчит компанийн давхардал, хийдлийг арилгах, үр ашиггүй зардал, алдагдлыг нь бууруулах хүрээнд тодорхой өөрчлөлт хийнэ.
Хамгийн их асуудалтай, алдагдалтай, хүндрэлтэй, бэрхшээлтэй салбар бол эрчим хүч. Эрчим хүчний салбарт маш олон компани үйл ажиллагаа эрхэлдэг. Давхардсан орон тоо маш олон гардаг. Үр ашиггүй зардал, ашиг сонирхлын зөрчил их байдаг.
Энэ бүхнийг эхнээс нь өөрчилье гэдэг үүднээс төвийн бүсийн дамжуулах сүлжээнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний сүлжээг нэгтгэнэ. Мөн “Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ” компанийг төвийн бүсэд нэгтгэж, давхардсан чиг үүрэг, орон тоо, үргүй зардлыг бууруулахаар боллоо.
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвд нэгтгэж, давхардсан чиг үүргийг нийлүүлэхээр боллоо. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, зураг төсөв, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг 2-3 байгууллага хийдэг байсан бол нэг байгууллага хийдэг болох эхлэлийг тавьж байна. Иймэрхүү байдлаар цааш цаашдаа төрийн өмчит компанийг нэгтгэж, илүү цомхон чадварлаг болгох бодлого хэрэгжүүлнэ.