Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Гадаадын жуулчинг хүчиндчихээд “Go Mongolia” гэж хэлэхээс ичиж байна
- 2025/06/26

- 47 цаг 12 минутын өмнө

- 3 мин уншина

Архангай аймгийн иргэн Б.Э Монгол Улсад аялж явсан гадаадын жуулчныг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, ганцаараа явааг нь далимдуулан, хүчинджээ. Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалган тогтоож, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Прокурор энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 (Хүчиндэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Хүн гэхэд хэцүү, биш гэхэд бэрх ийм юмнууд хаа сайгүй бий. Дэлхийд зөндөө. Гэхдээ хаана ч ийм юмнууд байдаг гээд бид хүний муутай барьцаж, бусдын муухайг дуурайх ёсгүй.

Алтан хазаартай морь унаж, бадмаараг баавартай эмээл дээр хэлтгийдүүхэн суусан 18 настай охин хаа дуртай газартаа хэнээс ч айхгүйгээр ганцаараа явж чадах улс бий болгохыг мөрөөджээ

Монголчууд бид, бид ч гэж дээ хүн төрөлхтөн өнгөрсөн сайхан түүхээрээ бахархах дуртай. Тэр дундаа монголчууд бид Дэлхийд гайхуулах гайхамшигт түүхтэй. Чингис хааныг яагаад хүн төрөлхтөн биширч, XIII зууныг Дэлхий яагаад одоо болтол санагалздаг юм бол? Үүнд маш олон хариулт бий.

Минийхээр бол Тэмүжин монгол үндэстнээ нэгтгэхдээ, алтан хазаартай морь унаж, бадмаараг баавартай эмээл дээр хэлтгийдүүхэн суусан 18 настай охин хаа дуртай газартаа хэнээс ч айхгүйгээр ганцаараа явж чадах улс бий болгохыг мөрөөджээ. Түүнийгээ ч биелүүлсэн. Монголын Эзэнт Гүрэнд тийм л амар амгалан тогтоож чадсан учир эдүгээ Дэлхий нийтэд “Монголын их амар амгалан” гэдэг нэр томьёо хүртэл бий болсон биш гэж үү?

Харин өнөөдрийн Монгол Улсаа хар. Юун амар амгалан. Айдас хүйдсээр дүүрэн. Гудамжинд скүүтэрт дайруулах вий, гудамжны гөлгөр хавтан дээр нь халтирч унах вий, утаанд нь ураг зулбачих вий, автобус ирэхгүй буудал дээр даарах вий, “ДЦС 3”-т гарсан ослоос болоод ирэх өвөл зутрах вий… гээд түмэн айдас. Эндээ өөрсдөө айгаад, амьд үлдэх гээд ядаж явтал тэнд гадаадынхныг айлгаад, Монгол Улсын нэрийг шившиглэлээ.

Дээгүүрээ сая сая жуулчин мөрөөдөөд, доогуураа хэдэн жуулчнаа барьж авч хүчиндээд байдаг. Таарч дээ

1 сая жуулчин. Энэ тоог сүүлийн хэдэн жил бид мөрөөдөв дөө. 2023 онд 1 сая жуулчин авна гээд бараагүй. 651 мянга л ирсэн. 2024 онд бас л тэгж мөрөөдөөд, 809 мянгыг авчирлаа. Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хороо байгуулаад ч барсангүй. Мөрөөдөл үргэлжилсээр … 2025 онд бас л тэрийгээ мөрөөдөж сууна.

Дээгүүрээ сая сая жуулчин мөрөөдөөд, доогуураа тэднийг нь хүчиндэх, дээрэмдэх, монжих тухай бодоод байж байна. ССАЖЗЯ нь мөнгө төлж гадаадын нөлөөлөгч авчраад, эх орноо сурталчлуулах гэж ядаад байдаг. Гадаадад очиж “Go Mongolia” гэж уриад байдаг. Доогуураа хэдэн жуулчнаа барьж авч хүчиндээд, айлгаж ичээгээд, дараагийн жуулчныг үргээгээд байдаг. Таарч дээ.

- Шинэ
- Хандалттай