М.Амарсайхан хүү 2024 оны 11 дүгээр сард гэртээ харих замдаа 10 гаруй хүүхдэд зодуулсны улмаас тархиндаа 7-8 оёдол тавиулж, хамартаа хүнд гэмтэл авчээ. Тухайн үедээ ээж, хүү 2 эмнэлгийн тусламж авч, өөрийг нь зодсон хүүхдүүдээс 2-ыг нь олж, цагдаагийн байгууллагад өгчээ. Тэр үедээ ээж нь “Миний хүүтэй адилхан хүүхдүүд. Эцэг эхийн хараа хяналтгүй, дэгж дэрвэж яваад ийм хэрэг хийсэн байх” гэж бодсон бол хүү нь “Толгой гайгүй байна, ээж ээ. Хоёулаа зүгээр орхичих уу” гээд тэр хүүхдүүдийг өрөвдөн, цагдаагийн байгууллага нь арга хэмжээ авах байх гээд өнгөрчээ.
Гэвч энэ оны 4 дүгээр сараас М.Амарсайхан шар юмаар бөөлжиж эхэлсэн байна. Улмаар нэг өдөр хоёр хөл дээрээ ч тогтож чадахаа больж, гэнэт л газарт унажээ. Ингээд ээж хүү хоёр шат шатны эмнэлэгт үзүүлж явсаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирэхэд томографын аппарат нь эвдэрсэн, ажиллахгүй байгаа гээд “Гурван гал” эмнэлэг рүү явуулжээ. Ингээд тус эмнэлгийн компьютер томографын аппаратад харуулж, хариугаа авахад “Гэмтлээс үүдэлтэй, ховор төрлийн, тархины боргоцой булчирхайн гүний хорт хавдар үүссэн” гэсэн онош тавьжээ.
Тархины хавдар олон төрөл байдаг. Тэгвэл М.Амарсайхан хүүгийн туссан энэ хорт хавдар тэр бүр хүнд үүсдэггүй, ховор төрлийнх. Тархины төв мэдрэлийн системийг хавангийн ус дарсан учраас яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон байна.

Ч.Мөнгөнчимэг “Би уг нь 3 хүүтэй байсан. Өнгөрсөн жил наадмын үеэр миний 1 хүү бусдын буруугаас болж, машины осолд орж өнгөрсөн. Үлдсэн 2-ыгоо хүн шиг хүн болгоод, амьдаръя гэж бодсон л доо. Гэтэл дахиад нэг хүү минь бас хөндлөнгийн хүмүүсээс болж, ийм өвчин тусчихлаа. Эх хүн болохоор янз янзын л юм бодох юм” гэж ярилаа.
М.Амарсайхан IT инженер болж, улс орондоо ихийг хийж бүтээх зорилго, мөрөөдөлтэй. Тиймээс ч БНСУ-д суралцахын тулд солонгос хэлний бэлтгэлд хамрагдаж байжээ. Гэвч энэ оны 3 дугаар сараас эхлээд, хичээлдээ сууж чадалгүй явсаар одоо хагалгаанд орох өдрөө хүлээж байна. Ангийнхан нь 5 дугаар сарын 28-нд түүнийг эргэн ирж, хонхны баярынх нь туузыг зүүн өгч, эрүүл болоод уулзах ерөөл тавьжээ.
Одоо түүний хавдрыг БНСУ-д эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн бөгөөд эмчилгээний зардалд 250 сая вон (600 гаруй сая төгрөг) хэрэгтэй. Тиймээс ээж, хүү хоёр монголчуудаасаа хандив гуйж, аян өрнүүлээд байна.
2025-06-27 09:47:02
Хүн зодсон хог шааруудаас заавал мөнгө авах хэрэгтэй! Гэмтэл ямар нэг хавдар үүсгэдэг. Олон улсын судалгаануудад тэгж дүгнэдэг.