horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Олон улсын шүүгч нар хүүхдийн эрх ашиг, гэр бүлийн асуудлаар Монголд хуралдаж байна

post-img

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр тогтсон билээ. Дагнасан шүүх байгуулахтай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулж буй “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатарт эхэллээ.

Хурлыг нээж, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Гэр бүл, хүүхдийн  хэргийг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах нь хүүхдийн хууль ёсны эрх ашгийг зохих ёсоор хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцлогт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ачааллыг зөв хуваарилах, гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх, эвлэрүүлэн зуучлалын үр нөлөөг ахиулах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг харж болно.

Энэ утгаараа бидний хувьд тойргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаа нь ахиц боловч цаашид олон улсын туршлага, хөгжилд зэрэгцэж очих, дотооддоо дагнасан шүүхийн манлайллыг түүчээлэх өндөр хариуцлага хүлээгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч, гэр бүл цуцлах маргааны оролцогч зэргээр хууль зүйн процесст оролцоно гэдэг хүүхдийн хувьд ойлгоход хүнд, зарим талаар айж эмээх сэтгэгдэл төрүүлэхүйц насанд хүрэгчдийн ертөнцөд хөл тавьж буй явдал гэдгийг ч бид мартаж болохгүй. Иймд Улсын дээд шүүхээс хүүхдийн эрхийн асуудлыг онцгойлон анхаарч, хүүхдэд ээлтэй шүүхийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг онцолж байв.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглүүлэгч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбоотой шийдэгдэх асуудал олон учраас хууль тогтоох байгууллага, Засгийн газрын холбогдох яам агентлагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, гадаад дотоодын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна” хэмээв.

Хурлаар:

-Гэр бүл ба хамтын амьдрал, үрчлэлт, гэрлэлт цуцлалт, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхол, асран хамгаалалт, дундын эд хөрөнгийн харилцаан дахь тулгамдсан асуудал;

-Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа;

-Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба шүүхийн бүтэц, зохион байгуулалт гэсэн гурван үндсэн хэсгийн дор илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцож байгаа юм. 

Хуралд Австрали, ХБНГУ, Япон, Нидерланд, БНСУ, БНТУ, АНУ зэрэг орноос шүүгч, эрдэмтэн, судлаачид илтгэгчээр болон панелистаар, мөн Монгол Улсын бүх шатны болон орон нутгийн шүүхийн шүүгч нар, холбогдох салбарын төлөөлөл танхим, цахим хосолсон байдлаар оролцож байна.

0/1000