АТГ уржигдар (2025.06.24) УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хуурай дүүгийн гэрт нэгжлэг хийсэн. Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.
——————————————————————————–
-УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хуурай дүүгийн гэрт нэгжлэг хийх болсон шалтгаан юу байсан бэ?
-АТГ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны удирдлагуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа нь үнэн. Дэлгэрүүлбэл, МҮЭХны удирдлагууд холбооны нэр дээрээ бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлж, үүнийхээ хариуд хувийн хэвшлийн ААН-үүдээс үл хөдлөх хөрөнгө авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн утга бүхий хэрэг юм. Энэ хэргийн мөрөөр прокурорын зөвшөөрөлтэйгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хувийн хэвшлийн ААН-ийн нэр дээр бүртгэлтэй объектод нэгжлэг хийх гэж мөрдөгчид очсон. Яг тэр үетэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар очиж өөрийн цахим хуудас буюу фэйсбүүкээрээ “АТГ УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж байна” гэсэн утга бүхий шууд дамжуулалт (liүe) хийсэн. Энэ нь хэд хэдэн зүйлүүдээр үгүйсгэгдэж байгаа юм. Нэгдүгээрт, тухайн объектод УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний гэр бүл, шууд хамаарал бүхий этгээд нь оршин суудаг гэсэн албан ёсны мэдээлэл огт байхгүй. Хоёрдугаарт, түүний үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй шууд хэлбэр. Гуравдугаарт, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэд хэдэн заалтыг зөрчсөн. Тухайлбал, 44.1.8 дугаар зүйлд “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тэрбээр АТГ-ын үйл ажиллагаанд шууд оролцож, шахалт үзүүлэн нийгэмд буруу мэдээлэл түгээсэн.
-С.Ганбаатар гишүүн “АТГ Ерөнхийлөгчийн даалгавраар хөдөлж байна” гэж ярьж байсан. Үүнд танай байгууллагаас тайлбар өгөх үү?
-Авлигын эсрэг хуульд АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, иргэн, ААН оролцохыг хуулиар хориглосон. АТГ Ерөнхийлөгчийн даалгавраар хөдлөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Өчигдөр (2025.06.24) хийсэн нэгжлэг бол бидний шалгаж буй хэргийн хүрээнд хийсэн ажиллагааны нэг. С.Ганбаатар гишүүн шууд дамжуулалт хийснээр тухайн хэргийг шалгах явцад шууд саад учруулсан. Магадгүй тэр өдөр зөвхөн нэг объектод бус олон объектод зэрэг нэгжлэг хийх байсан бол хэргийн оролцогчид эд мөрийн баримтаа нуух, устгах, шилжүүлэх зэрэг эрсдэл гарч болох байсан.
2020 оноос хойш МҮЭХ-нд холбогдох нийт 15 гомдол бүртгэгдэж байсан юм билээ. Үүний 11 гомдолд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. АТГ дөрвөн гомдолд нь идэвхтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. С.Ганбаатар гишүүний хуурай дүүгийн гэрийг шалгасан нь үүний л нэг нь гэсэн үг. Мөн тухайн асуудал үүссэнтэй зэрэгцээд МҮЭХ-ны удирдлагуудад холбогдох гомдлыг нэр бүхий иргэд АТГ-ын гадна шууд дамжуулалт хийж хүлээлгэн өгсөн. Уг гомдлыг шалгах ажиллагаа явагдана.
-Өнгөрсөн хугацаанд АТГ С.Ганбаатар гишүүний өөрийнх нь гэрийг шалгасан уу?
-Монгол Улсын Их хурлын тухай хуульд гишүүний бүрэн, халдашгүй байдал гэж бий. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний албан өрөө, гэр орон байр, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог. АТГ УИХ-ын гишүүн С.Ганбаатар луу чиг лэсэн үзлэг, нэгжлэг явуу лаагүй. Мөрдөгчдийн шал гасан, С.Ганбаатар гишүүний очсон зуслангийн хашаа, байшин бол хувийн хэвшлийн ААН-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө. Тэгэхээр АТГ гишүүний гэрийг бус хувийн хэвшлийн ААН-д бүртгэлтэй объектыг л шалгасан. Дахин хэлье, АТГ-аас С.Ганбаатар гишүүний яриад байгаа шиг гэрт нь нэгжлэг хийгээд, эхнэр хүүхдийг нь айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй. МҮЭХ-ны удирдлагуудад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Ө.Анхзаяа
2025-06-26 03:35:05
Ер нь хичнээн ардчилсан улс гээд хууль хяналтын байгууллагын ажилд саад учруулах ёсгүй. Хэрэв саад учруулсан бол хэн ч байсан арга хэмжээ авах хэрэгтэй. Халдашгүй дархан эрхтэй байх тусам арга хэмжээг чангатгах хэрэгтэй.