horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Дав.Цогтбаатар: Нийслэлийн төсөв 10 жилийн өмнөх улсын төсөвтэй тэнцэж байна

post-img

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж байгаатай холбоотойгоор тодорхой зардлуудаа бид эргэж харах ёстой. Цаасан дээр бүтэц нь байдаг атлаа зардал нь хэвээрээ байгаад байж болохгүй. Ер нь бол хүнд нь зориулж бүтэц хийдэг болчихсон байна. Одоо нэг намаас хоёр Шадар сайдтай байна. Хүнд нь зориулаад нэг Шадар сайдаа аваад үлдчихсэн. Уг нь Н.Номтойбаярт өгөх гэж байсан юм шиг байна лээ. Гэтэл тэр нь татгалзаад аваагүй гэсэн. Ингэж хүнд нь зориулж албан тушаалуудыг бий болгоод байж болохгүй. Нөгөөтэйгүүр төсвийн мөнгөөр хурал, зөвлөгөөн хийдэг энэ байдлаа Г.Занданшатар Ерөнхий сайдын үед таслан зогсоохыг би хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -2024 оны Засгийн газрын санхүүгийн тайлан УИХаар хэлэлцэгдсэн. Нийт 122 их наяд төгрөг, 6912 хуулийн этгээдийн асуудлыг ярьсан. Ингээд 15 их наяд төгрөгийн хязгаарлалттай дүгнэлт гарсан. Нийслэлийн Засаг даргаар улирч томилогдоод байгаа хүн 2024 онд 14 тэрбум төгрөгийн алдаа дутагдал гаргачихсан байх жишээтэй. Батлагдсан төсвийг зориулалт бусаар үр ашиггүй зарцуулсан гэж байгаа. Үүнд нийслэл 3.2 тэрбум төгрөг. Нийслэл мөн тендерийн тухай хууль зөрчсөн. Энэ нь 7.6 тэрбум төгрөг. Ийм өндөр дүнтэй алдаа гаргачихсан нөхрийг бид нийслэлийн Засаг даргаар улираан томилоод яваад байгаа нь зөв үү. Одоо энэ нийслэлийн төсөв чинь 10 жилийн өмнөх улсын төсөвтэй тэнцэж байна. Үүнд хариуцлага тооцдог байж болохгүй юу. Тиймээс Ерөнхий сайдын хийх ёстой эхний ажил нь үүнд хариуцлага тооцох ажил болов уу гэж бодож байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар: -Санхүүч хүний тань хувьд таны саналууд зарчмын хувьд зөв өө. Аудитын дүгнэлт бол Засгийн газрын эрх хэмжээний асуудал биш. Энэ бол таны буюу УИХ-ын эрх хэмжээний асуудал шүү. Ингээд та бүхэн хэлэлцээд чиглэл өгөөд явах ёстой.

Улмаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлаар хуралдаж, эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганд дахин оруулснаар дээрх хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай таван хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн мэдүүлснийг хэлэлцэж, үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул эдгээр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх чиглэл өгч, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог ажиллуулахаар тусгасан байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын түр хорооны даргыг сөрөг хүчнээс буюу цөөнхийн төлөөллөөс ажиллуулах заалтыг тусгажээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олонхын бүлэг буюу түүнээс сонгогдсон Ерөнхий сайдаас асуудаг асуулгын цагийг УИХ-д бий болгох, уг асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний үндсэн дээр өрнөдөг байх зэрэг зарчмын өөрчлөлтийг Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын Дэгийн тухай, Төрийн албаны тухай хуульд оруулах шаардлагатай гэж үзжээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэхүү төсөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны харьяанд Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулан ажиллах шаардлагатай гэж тусгажээ. Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд иргэд, байгууллагаас УИХ-д ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инноваци, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэхээр хуулийн төсөлд тусгасныг УИХ-ын гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин

0/1000